Пүрэвдашийн Амгаланбаяр
1966 он. Ц.Цэрэндорж найруулагч, багш Б.Дэмбэрэлийг дагаж “ Цэргийн хүү” киноны засвар дээр ажилласан. 1967 он “Төөрсөөр төрөлдөө” кинонд багш Б.Дэмбэрэлтэйгээ ажиллаж байсан.... хэмээн бичиж, нямбай гэгч хадгалсан дэвтэрт ажилласан уран бүтээлээ он сартай нь ийнхүү бичжээ. Дэвтрийн хуудсыг эргүүлэн харвал “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Говийн зэрэглээ”, “Моторын дуу” зэрэг монгол түмний үзэх дуртай олон киног жагсаан бичсэн байв. Энэ хүн бол “Монгол кино үйлдвэр”-т монтажчин одоогоор бол эвлүүлгийн найруулагчаар ажиллаж олон сайхан уран бүтээлээр үзэгчдийн сонор мэлмийг мялааж яваа соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батгэрэл юм. Ерөөс түүний амьдралаас кино урлаг тэр тусмаа “Монгол кино үйлдвэр” хэмээх том айлыг ялгаж салгахын аргагүй орон зай ажээ.
Ийнхүү “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор түүнийг урьж, дахин давтагдашгүй амьдралын хуудсаар аялснаа хүргэе. Түүний хувьд “Монгол кино үйлдвэр”-ийн гурав дахь үеийн монтажчин юм.
Энэ жил түүний хувьд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.
Б.Дэмбэрэл багшийн алтан шавь болов
Хүмүүний амьдрал өөрөө кино мэт. Хэд дахин давтах киноны дубльтэй зүйрлэмээр. Бид амьдралд алдаа гаргахдаа дахин давтахгүйн тулд хичээж, туршсаар байдаг шүү дээ. Энэ дундаас төгсөд дөхөх хувилбарыг олдог. Үүнтэй адил магадгүй хэд хэдэн дублийн ардаас тэр гайхалтай уран бүтээлүүд төрдөг байх. Тиймээс нийтлэлийнхээ зочны тухай бичихдээ түүний амьдралын тухай дурсамжийг кинотой зүйрлэж бичихийг хүссэн юм.