Ц.БАЯР

Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй үндэсний бахархалт нэн ховор амьтан мазаалай баавгайг хүүхэд, багачуудад таниулах ажил  Байгалийн түүхийн музейд хоёр сар үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд батлагдсан “Мазаалай баавгайг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 3.6-д “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах хөтөлбөр боловсруулж, сургалт хийх” ажил тусгагдсан. Энэ ажилтай холбоотойгоор “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн боловсролын газар, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийг ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Байгалийн түүхийн музейд байрлуулсан үзмэр, бодит орчинд нь нийслэлийн арван сургуулийн II-XII ангийн сурагчид мөн Техник технологийн политехник коллежийн I-III ангийн оюутан зэрэг нийт арван мянга гаруй хүүхэд, залуучууд хамрагдсан байна. Ингэснээр мазаалай баавгайгаар төлөөлүүлэн Монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэн, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг ойлголтыг  нэмэгдүүлэх, тэдэнд байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн байна.

Э.Шинэцэцэг: Дэлхийн улсууд “ногоон” сургуулийн стандартыг мөрдөх шаардлага  үүссэн

Ингэхдээ  мазаалай баавгайн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг байгалийн түүхийн музейн үзмэрт түшиглэн хосолсон сургалтын хэлбэр буюу музейн өмнөх – музей дэх – музейн дараах гэсэн гурван үе шатаар зохион байгуулсан нь шинэлэг болсон. Хөтөлбөрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах суралцагчдад зориулсан хөтөч гарын авлагыг зорилтот бүлгийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн таван түвшин, тус бүрээр багшийн зөвлөмжийн хамт боловсруулсан гэж  “Байгаль орчин мэдээлэл сургалт”-ын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг ярьж байв. Түүнчлэн  алслагдсан дүүргийн хүүхдүүд Байгалийн түүхийн музейд ирж үзэх боломжгүй тул түр музейн хэлбэрээр үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тодруулбал, музейд суурилсан суралцахуйн хэлбэрээр мазаалай баавгайн үзмэрийг бодит орчинд нь хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан нь үр дүнтэй байсан гэж  Багануур дүүргийн хүүхдүүдэд түр музейгээ үзүүлэх үеэр Э.Шинэцэцэг онцолж байлаа. Энэ үеэр сурагчдын төлөөлөл болох ГГС-ийн  8-з ангийн сурагч Д.Бадамлхам, Боловсрол сургуулийн 9-з ангийн сурагч Э.Баасанбат нарын сэтгэгдлийг нь сонссон юм.

Д.Бадамлхам ”Түр музейд зочилж Үндэсний бахархал болсон Мазаалай баавгайг таньдаг болсондоо баяртай байна. Говьд амьдардаг мөн тоо толгой нь их цөөн байгааг мэдэж авлаа. Мөн байгаль экологид ямар их үнэ цэнтэй амьтан болохыг мэдэж авсан. Бидэнд маш сонирхолтой байлаа” гэсэн юм.

Э.Баасанбат ярихдаа “ Нэн ховор мазаалай баавгайгаа хайрлан хамгаалах, устаж үгүй болохоос сэргийлэх, тоо, толгойг нь нэмэгдүүлэхэд хүүхдүүд бидний оролцоо чухал болохыг мэдэрлээ. Дэлхийд нэн ховор ганцхан Монгол Улсад байдаг амьтан болох мазаалай баавгайг хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн” гэлээ.  Цаашид энэ ажлыг Монгол орон даяр нэвтрүүлэх хэрэгтэйг хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл онцолж байлаа.

Ийнхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлголт нэмэгдсэн байна. Мөн экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшихөд нөлөөлсөн гэж үзэж байна. Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэхүү арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой ажээ.

 

 

 

Эх сурвалж: zms.mn