Францын нийслэл Парис хотын La Maison de l’Asie төвд “XX зууны эхэн үеийн Төвд ба Монгол дахь олон улсын эрх зүй ба улс төрийн үзэл баримтлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд болно.
Хурлыг Францын Азийн Судлалын Сургуулийн /EFEO/ хүрээнд хэрэгжиж буй Францын Шинжлэх ухааны агентлагийн /ANR/ “Дотоод Азид үндэстний үзлийг бүтээх: XX зууны эхэн үеийн Төвдийн хувьсгалын хүчирхэгжилт” төслийн /ANR-21-CE27-0025-Natinasia/ хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд профессор Фабиенн Жагу болон судлаач Урадын Э.Булаг нар хамтран удирдаж байна. Энэ талаар судлаач Э.Булаг нийгмийн сүлжээндээ мэдээлсэн байна.
Хурал нь Чин улсын задрал, Бүгд Найрамдах Хятад Улс үүссэн үеийн улс төр, хууль зүйн шилжилтийн талаарх олон улсын судалгаанд шинэ өнцөг нэмэх зорилготой. Өмнөх судалгаанууд ихэвчлэн Хятад төвтэй үзэлд тулгуурлан Төвд, Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг гадаадын нөлөөнд өртсөн “салан тусгаарлах оролдлого” гэж тайлбарладаг бол энэ удаагийн хурал Монгол, Төвдийн ард түмний өөрсдийн санаачилга, улс төрийн ухамсрыг төвд тавина.
Хуралд оролцогчид дараах асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд:
-XX зууны эхэн үеийн Төвд, Монголын тусгаар тогтнолын тунхаглалд олон улсын эрх зүй хэрхэн нөлөөлсөн бэ?
-Тэд шинэ төр, үндэстний тухай ойлголтоо ард түмэндээ болон олон улсын хамтын нийгэмлэгт хэрхэн хүргэж байсан бэ?
-Төвд, Монголын улс төрийн зүтгэлтнүүд хоорондоо үндэсний үзэл, тусгаар тогтнолын талаарх үзэл санаагаа хэрхэн солилцож, харилцан нөлөөлж байсан бэ?
Эрдэм шинжилгээний энэ уулзалт нь XX зууны эхэн үеийн Төвд, Монголын үндэсний ухамсар, тусгаар тогтнолын эрэл тэмүүллийг хууль зүйн болон түүхэн талаас нь илүү нарийн, бодитой ойлгоход чухал хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: zms.mn