П.Лхагважаргал
Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа уран нугараач, жүжигчин Э.Лхагва-Очир болон АНУ-ын жүжигчин Тайлер Хочлиныг онцолж байна. Тэд хоёулаа 38 настай.
Циркийн домог Э.Лхагва-Очир
Урлагийн олон төрөл дотор уран нугаралтыг би голын устай зүйрлэм санагдана. Мяралзан жирэлзэж, үелзэн долгиолох нь уран нугараачдын уян тансаг хөдөлгөөн мэт гоо үзэмжтэй. Эс бөгөөс үерлэн шуугих нь агаар дээр дүүлэн нисэж, хэдэн метрийн өндөрт нугарах аюултай үзүүлбэр мэт сэтгэл түгшээнэ. Гэхдээ амьд бүхнийг ундаалдаг рашаан ус мэт сэтгэл мэлмийн цэнгэл болсон циркийн урлагийн тод од нь Э.Лхагва-Очир билээ. Нөгөөтэйгөөр монголчуудыг төдийгүй дэлхий дахиныг шуугиулж буй “Physical Asia” шоуны шилдэг оролцогч юм.
Тэрээр багадаа хурдан шалмаг хөдөлгөөнтэй байж. Энэ байдлыг нь ажигласан гэрийнхэн нь циркийн сургуульд акробатын багш н.Жаргалсайханы шавь болгов. Гэтэл багш нь “Чиний биеийн байдал илүү уян налархай, авьяастай юм чинь уран нугаралтаар хичээллэвэл ямар вэ. Би чамайг төв цирк дээр Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшид хүргэж өгнө” гэснээр “Нарны цирк”-д нэрээ мандуулсан алдарт циркийн жүжигчин болох замнал нь эхэлжээ.
Э.Лхагва-Очир 2016 онд “Сити” их сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд жил тойрон завгүй байдаг аялан тоглолтынхоо хажуугаар гурван дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд байна. Магадгүй үзэгчдийн хамгийн сайн мэдэх дүр нь “Торгоны маань хээ” киноны Эрболд болов уу. Гэхдээ тэрээр Эрболдоос огт өөр хүн бөгөөд дөрвөн сайхан үрийн аав, халамжит хань, өрх гэрийн өмөг түшиг болсон нэгэн аж. Түүнчлэн тун эх оронч үзэлтэй уран бүтээлч юм. Тодруулбал, дэлхийн хамгийн алдартай “Нарны цирк”-тэй 2017 онд гэрээ байгуулсан бөгөөд мөсөн дээр найман метр өндөр сандал давхарлаад нугардаг циркчин өдгөө дэлхий дээр түүнээс өөр үгүй. Харин 2024 онд Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд 11 метрийн өндөрт давхар сандлын тэнцвэрийн төрлөөр “Алтан цомын эзэн” болж байсан. Түүнчлэн АНУ, Мехсик, Турк зэрэг улсаас багшлах санал их ирдэг аж. Энэ тухай тэрээр “Тэр улсуудын цалин өндөр ч багшилбал жүжигчний карьер маань дуусна. Гэхдээ эхлээд Монголдоо сайн жүжигчин, уран нугараач бэлдэхийг хүсдэг. Дараа нь гадаад” гэжээ.
Үзэгч хаана байна цирк тэнд очдог зарчмын дагуу бүтэн гурван жилийн турш дэлхийн олон орноор “Нарны цирк”-тэй хийсэн аялан тоглолт 2020 онд цар тахлын улмаас түр зогсож, эргэн үйл ажиллагаа хэвийн болоход гэр бүлдээ цаг зарцуулна хэмээн гэрээ байгуулахаас татгалзсан байдаг. Харин Э.Лхагва-Очир хөл хорионы үеэр фитнесээр хичээллэж, 14 хоногийн дараа Монголын “Ирээдүйн мистер” тэмцээнд түрүүлж, дараа жил нь бодибилдингийн дэлхийн аварга болсон юм. Угтаа уран нугаралт, фитнес хоёр нь хоорондоо эсрэгцдэг аж. Энэ тухай тэрээр “Фитнесийн бэлтгэлүүд миний циркийн, уран нугаралтын бэлтгэлүүдтэй харшиж байсан. Уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрүүд хүний хамгийн ухаалаг булчингуудыг ажиллуулж, хөгжүүлдэг. Тэр булчингууд фитнесээр хичээллэхэд том, хатуу булчин болж солигдсон. Ингэсээр хөл хүндэрч, мөр хатуурч уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлэхэд хүндрэлтэй болсон. Тэмцээнд оролцсоныхоо дараа дахин уран нугаралтын бэлтгэл хийсэн” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Ийнхүү түүний олон жилийн тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдрийн од болон гялалзах Э.Лхагва-Очирыг бүтээжээ.
Супермэн болсон бейсболчин хүү

Хүүхэд байхдаа бейсболын бэлтгэлээс хоцрохгүй явдаг нэгэн хүү хожим дэлхийн хамгийн алдартай супер баатрын дүрийг бүтээнэ гэж хэн санах билээ. Энэ бол Америкийн алдарт жүжигчин Тайлер Хочлин юм. Тэрээр 1987 онд Калифорнийн Корона хотод төрсөн бөгөөд багаасаа бейсболд дурлаж, ахлах сургуулийнхаа шигшээ багийн тамирчин байсан. Санта Клара болон Аризонагийн их сургуулиудын бейсболын хөтөлбөрт оролцож, мэргэжлийн тоглогч болох мөрөөдөлтэй байв. Гэвч 2002 оны тэр нэгэн өдөр Том Хэнксийн хамт Road to Perdition кинонд тоглох урилга ирж, амьдрал эргэлтийн цэг тэнд тохиосон юм. Ийнхүү 15 настай тэрээр дүрээ гайхалтай бүтээж кино шүүмжлэгчдээс “Hollywood-ын ирээдүйтэй залуу од” хэмээх үнэлгээ авч байв. Гэсэн ч Тайлер Хочлин бейсболоо орхилгүй үргэлжлүүлж, студи, бэлтгэл хоёрын хооронд цагийн менежментээ хослуулж, хожмын амжилтынхаа үндсийг тавьжээ.
Жүжигчин Хочлиний нэрийг олонд таниулсан дараагийн том алхам бол MTV-ийн “Teen Wolf” цувралын Derek Hale гэх хүч чадалтай ч дотоод шаналалтай дүр байв. Түүний жүжиглэлт хүйтэн, дүнсгэр дүрийн ард орших эмзэг сэтгэлийг ил гаргаж, кино шүүмжлэгчдэд “scene stealer” буюу дэлгэц дүүргэгч жүжигчин хэмээн үнэлэгджээ.
Харин 2016 онд CW телевизийн “Supergirl” цувралд шинэ супермэний дүрд жүжигчин хайж, олон нэр санал болгогдсон ч кино багийн шийдвэр нэг хүнд төвлөрсөн нь Тайлер Хочлин байв. Анхны зураг дэлгэгдэхэд олон хүн “энэ Супермэн болох уу?” хэмээн гайхаж байсан ч, цувралын эхний ангиуд цацагдсаны дараа үзэгчид түүнийг үнэхээрийн Кларк Кент гэж итгэх болжээ. Тэрээр энэ тухай нэгэн ярилцлагадаа “Би энэ дүрийн төлөө өрсөлдөөгүй. Харин тэд намайг сонгосон. Тиймээс миний үүрэг итгэлийг нь даах л байсан” хэмээн өгүүлсэн байдаг.
Хочлиний бүтээсэн супермэн бол зөвхөн хүч чадлын илэрхийлэл биш, харин итгэл, ёс суртахуун, энэрэнгүй зангийн бэлгэ тэмдэг байв. Түүний хэлсэн “Супермэн бол булчин биш. Тэр бол итгэл найдвар” гэх үг олон үзэгчийн сэтгэлд хоногшсон билээ.
Өнөөдөр Тайлер Хочлин зөвхөн дэлгэцийн Супермэн биш, тууштай хөдөлмөрийн бэлгэ тэмдэг юм. Бейсболын бэлтгэл дээр суусан сахилга бат, итгэлцэл, зорилго нь түүнийг дэлхийн хамгийн танил баатрын дүрд хүргэсэн. Өөрөөр хэлбэл түүний түүх мөрөөдөлдөө үнэнч хүний амжилтын тод жишээ юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)
