Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Эрүүл мэндийн салбарыг төр, засаг онцгой анхаарч ажилла”, “Шударга хөдөлмөр тэгш эрх хүн бүрд”, “Хүний нөөцийн хосдлыг арилга” гэсэн уриа лоозон барьж, Сүхбаатарын талбайд жагсаж буй хүмүүс бол эрүүл мэндийн салбарын ажилчид. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсдог тэд жавар буусан энэ өдрүүдэд цэнхэр халаадаа өмсчихсөн, уриа лоозон бариад төв талбайдаа жагсаж байна. Тэдний төр засагт хүргүүлж байгаа шаардлага нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 3.5 сая төгрөг болгох. Ийнхүү тэд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс Сүхбаатарын талбайд ажил хаялт зарласан юм. Мөн зарим эмч нарын төлөөлөл тэр өдрөө суултаа үргэлжлүүлж Сүхбаатарын талбайд ч хонов. Одоогийн байдлаар 150 гаруй эмнэлгийн 15.600 гаруй эмч, ажилтнууд ажил хаялтад оролцохоор мэдэгдсэнийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хэлсэн юм.
“Бид нар дэлхийн жишигт хүрсэн цалин нэхээгүй”

“Хөдөлмөрийн үнэлэмж амьдралын баталгаа” гэх бичигтэй лоозон барьсан эмэгтэй бол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт сувилагч мэргэжлээр гурав дахь жилдээ ажиллаж буй залуу үеийн төлөөлөл Б.Урантуяа. Тэрээр “Татвараа төлөөд нэг сая гаран төгрөгийн цалин авдаг. Илүү цагаар ажиллаж байж л тодорхой хэмжээний нэмэгдэл авна. Энэ нь цалингийн зээл, бусад төлбөр гээд л зарцуулаад дуусдаг. Цалин мөнгө 1-2 сар хоцорлоо гэхэд, бас нэмэгдэл орохгүй удвал зээл авах хэрэгтэй болно. Тэгээд эргээд цалингаа аваад зээлээ төллөө гэхэд илүү мөнгө нь хүүд нь өгөөд таардаг. Ийм дүр зураг маш олон шүү дээ” гэдгийг хэлж байв. Тэгвэл энэ салбарт 20 дахь жилдээ буюу Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажилладаг Г.Наранжаргалын үндсэн цалин нь 1.7 сая. Энэ тоо нь эрүүл салбарын хамгийн өндөр цалин тооцогддог гэв. Түүний хувьд 2005 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд одоо ажиллаж буй Нийслэлийн Түргэн тусламжийн төвд дуудлагийн эмчээр ажиллаж эхэлжээ. Тэрээр “Улсад 20 гаруй жил ажилласан болохоор үндсэн цалин 1.7 сая төгрөг байдаг. Энэ нь эмч нар дотроо хамгийн өндөр цалин. Би мэдрэлийн их эмчээр мэргэшсэн болохоор төрийн албаны нэмэгдэл гээд 19 хувь авдаг. Нийлээд хоёр сая гаруй төгрөг авдаг. Манайх 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Шөнө нойргүй хонож , илүү цагаар ажиллаж байж энэ цалинг авч байна гэсэн үг. Илүү цагаар ажиллаж нойроо хугаслан, гэр бүл үр хүүхдэдээ зарцуулах цагаа ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож нүд цавчихгүй ажиллаж хоносныхоо хөлсөнд ийм цалин авдаг. Тэгэхээр дөнгөж ажилд орсон хүмүүс ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ.
Түргэний жолооч гэсэн нойргүй хонож ажилласныхаа төлөө хоёр сая гаран төгрөг авч байна. Бид нар дэлхийн жишигт хүрсэн цалин нэхээгүй. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 3.5 саяд хүргэж, үүнээс бууруулахгүй байх. Цаашид бидний хөдөлмөрийн үнэлэмжийг шат дараатай үнэлээсэй гэж шаардаж байгаа.
Бидний мэргэжил асар богино хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлдэг, авар осолд орох эрсдэлтэй, эрүүл мэнд амь насаа дэнчин тавьж ажилладаг салбар. Тиймээс бид хөдөлмөрийнхөө үнэлэмжийг бодитой болгохыг шаардаж байна. Бидний цаана гэр бүл минь байгаа. Тэд ч эрүүл мэндийн манаанд хамт хонодог. Энэ мэргэжлийг сонгосноор хохирох ёсгүй юм” гэлээ.
“Түр зуурын аргацаасан хариу өгсөөр өдий хүрлээ”

Төр засаг түр зуурын аргацаасан хариу өгөөд, ирэх онд тэдэн хувиар нэмнэ гэж явсаар байгаад одоо болтол амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин авч чадахгүй байна шүү дээ. Салбараараа ийм байдалтай байна хэмээн ярих нэгэн бол ЭХЭМҮТ-өөс тус жагсаалд оролцож буй Б.Булгантамир. Түүний хувьд эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасагт хүчил төрөгчийн оператораар 16 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр “ Тэдэн их наяд төгрөгийг тэр нам хулгайлчихлаа, тэдэн тэрбумыг идчихлээ гээд яриад байдаг мөртлөө жирийн ажлаа хийгээд хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн цалинг яагаад нэмж болдоггүй юм бэ. Бидний тэвчээр эцэстээ тулаад гарч ирж байна шүү дээ.
Миний үндсэн цалин 1.2 мянган төгрөг. Олон жил ажилласан гээд нэмэгдэл ордог ч гар дээр ирж байгаа нь нэг сая хүрэхгүй төгрөг байдаг. Үүнээс зээлээ төлнө, ар гэртээ зарцуулна. Боломжтой нэгэн нь давхар ажил хийж байна. Тийм байх ёсгүй биз дээ. Үндсэн цалингаараа амьдрах ёстой. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэнэ. Цалингийн асуудал хүний нөөцөд ч нөлөөлж байна. Улс төрчдийн хэлж байгаагаар бол тангараг өргөсөн эмч ажил хаях эрхгүй гэж ярьж байсан. Тийм биш шүү дээ. Нийгмийн анхан шатны асуудлаа шийдүүлж байж цаашаа ажиллах ёстой.
Мөн эмнэлгүүдийн санхүүжилт тасалдаж байна. Үүнд эрүүл мэндийн салбарын жирийн ажилчид буруугүй. Төрийн бодлого зохицуулалт аль эртнээс л буруу байснаас болоод ийм асуудал үүсэж байгаа. Тухай бүрд нь засаж залруулахгүй хяналт сул байснаас болж байна гэсэн үг. Манай улсад тоногдоогүй сан гэж ховор байх” гэлээ.
“2026 оны аравдугаар сараас цалинг гурван сая хүргэх зорилт тавьж байна”

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбарын ажилчдын цалинг хэрхэн нэмэх тухай, мөн эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн тавьж байгаа шаардлагыг хэрхэн биелүүлж болох тухайд ийн ярив. Тэрээр “2026.01.01-ний өдрөөс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэхэд 348 тэрбум 652 сая төгрөг хэрэгтэй. 2026 оны аравдугаар сараас салбарынхаа ажилчдын цалинг гурван сая хүргэх зорилт тавьж байна.
Гурван саяд хүргэхэд бидэнд эх үүсвэр чухал. Нэгдүгээрт, төсөв дээр 191 тэрбум төгрөг хуваарилсан. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан “Чингис хаан”, “Капитал” банкнаас авах ойролцоогоор 104 тэрбум төгрөгийн авлагатай. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангаас 103 тэрбум төгрөг авах. Дөрөв дэх эх үүсвэр бол Даатгалын сан санхүүгийн сахилга баттай байвал 200-300 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ бүгдийг нийлүүлбэл нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр хангалттай гарч байна. Мөн Засгийн газраас 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. Үүнтэй холбоотой Даатгалын сангаа зузаатгаснаар эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлээс шаардаад байгаа 3.5 сая төгрөгийн цалинтай болгох бол хол зүйл биш” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Ямартай ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хувьд үр дүнд хүртэл жагсаал үргэлжлүүлнэ гэдгийг хэлж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)