Т.САЙХАН

Таван толгой бүлэг ордын нүүрс тээвэрчдийн төлөөлөл өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Нүүрс тээврийн жолооч Н.Ялагдашгүй “Монгол Улсын нүүрс экспортод 638 тээврийн компани 25705 хүнд даацын шланз машинаар 30 мянган тээвэрчин тээвэр хийж байна.  Гэтэл бодит байдалд дээр эдгээр тоонд багтах дотоодын аж ахуйн нэгж хувь машинтай иргэд нүүрс тээврийн 40 орчим хувьд л багтаж бусад 60 хувийг худалдан авагчид Хятадын хөрөнгө оруулагчдын хамаарал бүхий компаниуд бүрэн атгаад байна. Цар тахлын дараа нүүрс худалдан авагч нар өөрсдийн хүнд даацын машиныг оруулж ирсэн. Түүнчлэн олон компани болгож жижиглэн тарааснаар Монгол тээвэрчдийн орон зай шахагдан ажил тогтворгүй болж байна. Мөн оффтейк гэрээний худалдан авагч нар өөрсдийн тээвэртэй болсноор Монгол жижиг ААН компаниудыг тээвэрт оруулахгүй шахаж эхэлсэн байдаг. Энэ байдлаас үүдэж ажил орлогогүй болсон 460 тээврийн компани, 2000 орчим банкны зээлтэй шалаанз машин авсан тээвэрчид бий болсон. Нөгөөтэйгүүр тээвэрчид банкны салбарт гэхэд 2025 оны найм дугаар сарын 31-ны байдлаар нэг их наяд төгрөгийн өрийн дарамтад орж зарж болох бүх зүйлээ зарж эхэлсэн. Тиймээс энэхүү асуудлыг таслан зогсоож арга хэмжээ авахыг Засгийн газар, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна” гэв.  

Мөн тэд “Цаашид худалдан авагчид өөрсдөө тээвэр хийж тээвэрчдийг нүүрс тээвэрлэхээх шахаж гаргаж байгаа нь маш хохиролтой бөгөөд дотоодын нүүрс тээвэрчид болон ААН-ийг өөрсдийн тээвэрт оруулахгүй болсон тул ажил хаялт зарлахад бэлэн гэдгийг мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: Zms.mn