П.АМГАЛАН 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын V багт үйл ажиллагаа явуулж буй “Цоглог” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Б.Жанбота болон түүний авьяаслаг сурагчдыг онцолж байна. Тус цэцэрлэг нь 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

 

-Танай цэцэрлэг хүүхдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?

-Хүүхдэд урам өгч, санаагаа чөлөөтэй илэрхийлэх  орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Манай цэцэрлэгийн хувьд шинэчилсэн цөм хөтөлбөртэй хослуулан “Амьдралын мод” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Баян-Өлгий аймаг дахь анхны цэцэрлэг юм. Мөн шавраар урлах хичээл болон соробан сампин буюу баруун тархи хөгжүүлэх дугуйлан, зургийн дугуйлантай. Дугуйлан бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай цэцэрлэгийн хамт олон хүүхдийн бүтээлч сэтгэлгээ болон гарын жижиг булчинг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Зургийн хичээлийн хүрээнд чөлөөт сэдвээр зурах, байгаль,  амьтан, хүний хөдөлгөөнийг ажиглах, өнгө хослуулан дасгал хийлгэдэг. 

 

-Урлаг тэр тусмаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?

-Дүрслэх урлаг нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, хөдөлгөөний хөгжилд чухал нөлөөтэй. Зургийн дугуйланд суралцсанаар хүүхдийн сэтгэл зүйн илэрхийлэл сайжирна,  мэдрэмж, бодлоо зургаар илэрхийлж сурна, баруун тархины бүтээлч үйл ажиллагаа хөгжинө, биеийн хөгжилд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Мөн тэвчээр, анхаарал төвлөрөл нэмэгдэн, өөртөө итгэх итгэл, бахархлыг хүүхдэд төрүүлдэг. Хүүхэд багаасаа урлагтай ойр байснаар ирээдүйд  аливаа асуудлыг шийдвэрлэх,бүтээлчээр хандах суурийг тавьдаг.

 

-Хүүхдийн зурсан зурагнаас нь тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүд ихэвчлэн гэр бүл, байгаль, нар сар, солонго, амьтан, машин, робот, үлгэрийн баатар, найзуудаа зурдаг. Хүүхдийн зүрхэнд хамгийн ойр байгаа зүйл нь зургаас нь тод харагддаг. Нөгөөтээгүүр, зургаас нь хүүхдийн тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь бас харагддаг. Хүүхэд илэрхийлж чадахгүй мэдрэмжээ зурагтаа нуудаг.  Жишээлбэл,  хүүхэд гунигтай үедээ бараан өнгө сонгох нь бий. Аав ээжийгээ тэвэрсэн байдлаар зурж байна гэдэг нь аюулгүй, дулаан мэдрэмжтэй байгаагаа илтгэж байна гэсэн үг. Том жижиг дүрс, зай талбайн хэмжээнээс хүүхдийн өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг ч харж болдог. Гэхдээ бид хүүхдийн зургийг дүгнэхдээ болгоомжтой, хайртай хандах ёстой. Зураг бол тэдний ертөнцийг илэрхийлдэг зөөлөн хэл юм шүү.

 

Ф.МАНСУР /4 настай/

 

Г.АСЫЛЫМ /5 настай/

 

А.АЙЗЕРЕ /4 настай/

 

Е.Санжар /5 настай/

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)