Д.Дарамбазар 

Сүүлийн жилүүдэд Монголд хамгийн хурдацтай, зохион байгуулалттай хөгжиж буй спортын төрөл бол сагсан бөмбөг билээ. Хэдхэн жилийн өмнө тогоон дотроо арсалдаж, хоёр, гурав хуваагдаад байсан сагсныхан өдгөө эвлэлдэж, тив дэлхийд цойлох боллоо. Үүнийг нь ч монголчууд биеэрээ мэдэрч, нүдээрээ гэрчилсээр. Сагсан бөмбөгийн дээд лиг Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр шагналын сан, зохион байгуулалт, өрсөлдөөнийг авчирч, үзэгчдийг ч соронзон мэт татаж, зах зээл нь жилээс жилд томорч буй. Үүнийгээ дагаад багуудын чанар, чансаа, чадал ч нэмэгдэж, тамирчдын ахуй амьдрал, карьер нь мэргэжлийн гэдэг тодотголтой болж байна. Мөн багуудын өрсөлдөөн өдөр бүр ширүүн болж, сүүлийн шүглээр л ялагч нь тодрох дүр зураг энэ жил тоглолт бүрд л тохиолоо. 

 

Ууганбаярын гайхалтай 37 оноо

Сүүлийн шүглээр өндөрлөсөн тоглолтын тод жишээ бол SG Apes болон Тэнүүн Өлзий Металл багуудын ширүүн тулаан байлаа. Тоглолтын эхний үеэс л хоёр тал ижил хүчтэй өрсөлдөөн үзүүлж, нэг нь оноогоор тасрах бүрд нөгөө нь дорхноо гүйцэж, үзэгчдийг суудлынхаа ирмэгт суулгасан юм. Гэвч тоглолтын төгсгөлд туршлагатай довтлогч Т.Ууганбаяр талбайг ноёлон 37 оноо авч, багтаа ялалт авчрах түлхүүр болсон бол Бредфорд гэх туршлагатай гадаад тоглогч тоглолтын секунд дуусахтай уралдан оноо авснаар Apes-ийн залуусын хожлыг “хармайлсан” юм. 
Харин Т.Ууганбаярын хувьд хурц довтолгоо, цэвэр шидэлт, шийдвэрлэх мөчид тоглолтын хэмнэлийг өөрийн мэдэлд авах чадвар нь үнэхээр багийн ахлагч хүний гүйцэтгэл байв. Тэрээр дээд лигийн хүрээнд болж буй зөвхөн монгол тоглогчдын тэмцээнд дөрвөн 10-т хийсэн үзүүлэлт нь түүний ур чадварын баталгаа болж байна. Харин Apes багийн зүгээс шинэхэн нэгдсэн Г.Дөлгөөн онцгой байж, талбайд шинэ өнгө, эрч хүч нэмж чадсаар байна. Түүний урам зориг, хамгаалалт, дамжуулалтын нарийн ажиллагаа ирээдүйд багийнхаа тулгуур болно гэдэгт эргэлзэх хэрэггүй болжээ. 

 

 

3х3-ын тамирчид эргэн ирэв

 Харин тус тоглолтын дараах анхаарал өнөөдрийн Сэлэнгэ Бодонс болон SG Apes багуудын тоглолтод сагсан бөмбөгийн дэмжигч, аналистууд төвлөрч байна. Учир нь 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн таван тамирчид талбайд гарах юм. 
Өнгөрсөн улирал аваргуудын шандсыг сорьж, долоон тоглолтод хязгаарыг нь тулгасан Бодонс өнгөрсөн зун зүгээр суулгүй багийн бүрэлдэхүүнээ 80 хувьтай шинэчилж, дасгалжуулагчаа үлдээсэн тэд хэр баг болсон эсэхээ шалгуулах юм. Тэд энэ улирлын хамгийн хүчирхэг багуудын нэгээр нэрлэгдэж байгаа. Тэдний хувьд талбай дээр туршлагатай тоглогчид, шинэхэн залуусын уялдаа төгс нийцэж, өрсөлдөгчдөө тактик, биеийн хүч, сэтгэлзүйн хувьд ч дарамталж гурван хожил авсан нь үүний нотолгоо юм. Мөн өнгөрсөн улирлын гадаад тоглогч Ахмад Гилберт төгс гэмээр тоглолтыг үзүүлж байгаа ч шинэ тоглогчидтойгоо хэрхэн нийцэх нь сонирхолтой. Тэдний эсрэг Металлд харамсалтай байдлаар хожигдсон SG Apes тулна. Залуусын урам зориг, эрч хүч тэднийг ямагт аюултай өрсөлдөгч болгодог учраас хэн хожих нь сүүлийн шүглээр л тодорхой болох болов уу. Ялангуяа Дөлгөөний эрч хүч, хамгаалалтын хурд, шидэлтийн тогтвортой байдал, ахлагч Өлзий-Оршихын тоглолтын “IQ”, туршлагатай NBA-ийн тоглогч Томас Робинсон гээд хэцүүхэн тоглогчидтой баг. Тийм ч учраас энэ жилийн дээд лигийн тоглолт бүр амттай, хариад ярих зүйлтэй болж байна. 

 

Хасын хүлэгүүд аваргаа хамгаалж чадах уу 

Өнгөрсөн хоёр удаагийн аваргууд бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ улирлаа эхлүүлж, EASL буюу Зүүн Азийн тоглолтуудад хожигдолгүй тоглосоор байна. Лигийн бусад есөн багийн хувьд тэднийг буулган авахын тулд өнгөрсөн зун багагүй хөрөнгө гаргаж, олон ч нүүдлийг хийлээ. Харин Хүлэгүүд хоёр жилийн өмнө зоригтой эхлүүлсэн төслийнхөө үр шимийг хүртэж, энэ жил аваргаа хамгаалахаар дахин зорьж буй биз. Тэд шинэ улиралдаа ч шилжилт хөдөлгөөн хийж, сүйд болсонгүй. Хасын Хүлэгүүдийг шинэ улиралд Танасис Скуртопулос гэх цагтаа Грекийн шигшээ багийг удирдаж байсан эрхэм залж байгаа. Магадгүй Монголд ирсэн хамгийн арвин намтартай, топ зэрэглэлийн баг удирдаж байсан дасгалжуулагч энэ хүн байх. Дэлхийн од тоглогч болсон Яннисыг 2019 оны ДАШТ-д удирдаж байсан гэхээр яахын аргагүй том нэр. Түүний хувьд сүүлд Катарын шигшээ багийг удирджээ. Өдгөө 60 настай тэрбээр Грекийнхээ лиг болон цомд түрүүлээд үзчихсэн нэгэн. Ганц шүүмжлэл түүнийг дагаж байдаг нь 2019 онд NBA-ийн шинэхэн MVP Яннисыг дэлхийн аваргаар бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй гэдэг. Тоглолтын арга барилын тухайд удаан хэмнэлтэй тоглохыг илүүд үздэг бөгөөд нурууны өндрийг давуу тал болгон ашиглаж, Pick-and-roll тогтмол зурдаг. Хамгаалалтын тухайд бүсийн болон нэгийн эсрэг нэг хамгаалалтыг хослуулдаг. Зарим нь түүнийг орчин үеийн хурдтай, бүтээлч тоглолтыг хайхардаггүй гэж шүүмжилжээ. Мөн тоглогчидтойгоо сайхан харилцаатай байдаг ч эгзэгтэй, шийдвэрлэх үед зориг муутай, тааруухан шийдвэр гаргадаг гэж бичсэн аж. Ийм л дасгалжуулагч Хүлэгүүдийг жолоодно. Тамирчдын тухайд Б.Барсболд дахин нэг түвшин ахиж, багийн гол тоглогч болсон. Мөн өнгөрсөн улирлын шилдэг тоглогч болсон А.Азбаяр илүү найдвартай оноо авагч болж чадсан нь энэ багийн өрсөлдөөн бусад багуудын “айдас” байсаар байх нь дамжиггүй юм. MVP-ын өрсөлдөөнд хэн ялагч байх бол Түүнчлэн энэ улиралд “Шилдэг тоглогч (MVP)” болон “Шинэ тоглогч”-ийн журамд өөрчлөлт орсон нь хувь тамирчдын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Өмнө нь лигийн шилдгийг оноо, дамжуулалт зэрэг үзүүлэлтүүдээр тооцдог байсан бол одоо багийн амжилтад үзүүлсэн хувь нэмэр, тоглолтын үр нөлөөг илүү өндөр үнэлж байгаа. Иймээс энэ өрсөлдөөнд зөвхөн оноо авдаг тоглогч бус, багийн хэмнэлийг удирдаж чаддаг “жинхэнэ лидер”-үүдийн үнэ цэнэ илүү тодорно. Хэрвээ энэ байдлаар улирал үргэлжилбэл Эрдэнэцогт, Дөлгөөн, Маргад, магадгүй Ууганбаяр нарын нэрс MVP-ийн төлөөх гол өрсөлдөгчид болох болно. Тэдний тоглолт бүр шинэ түүх бичиж, үзэгчдийг уухайлуулах мөчүүдийг нэмсээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)