Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

“Ижий бурхад”-ын энэ удаагийн дугаарт сэтгүүлч Нацагийн Дуламсүрэнг урилаа. “Үнэн” сониноос сэтгүүлчийн гараагаа эхэлж, “Засгийн газрын мэдээ”, “Эмэгтэйчүүд” сонинд ажиллаж, Монголын үндэсний телевизийг удирдан, ТВ9 телевизийг үүсгэн байгуулж явсан тэрбээр “Төрсөн нутаг түших өв” төслийг санаачлан ёс заншлаа дээдлэн сахиж, эх орон элгэн саднаа хүндлэн, эцэг эхээ энхрийлэх эрхэм сайхан монгол ухаанд залуусыг сургах том ажлыг эхлүүлээд буй  юм.

Дуламсүрэнтэй би 40 гаруй жилийн өмнө танилцсан, Эрхүүгийн Их сургуульд хамт сурч, оюутны байранд хамт амьдарч байсан найзууд юм. Нэг удаа бор өнгөтэй хөөрхөн эвэр сам ээждээ авчихлаа гээд бөөн баяр ирж билээ. Тэр үед тийм сам ховор байж. Миний эргэн тойронд тэр самыг хэрэглэдэг хүн үгүй тул би огт ойшоогоогүй ч ээждээ авсан гээд өвөртөлж унтах нь халаг найзыгаа хараад өмнөөс нь баярлаж байсан сан.

Энэ жижигхэн дурсамжаас эхэлсэн ээжийнх нь тухай бидний яриа хайраар бялхан өрнөхдөө инээд, нулимс хоёрыг хамтад нь харамгүй дагууллаа.

 

ЭЭЖ МИНЬ АЖИЛСГААРАА ГАЙХАГДСАН ХҮН БАЙЛАА

 

-Би ээжийгээ 43-тайд нь төрсөн, найман хүүхэдтэй айлын отгон. Миний ээж Жанцангийн Уртнасан гэж ханилсандаа халамжтай, айл саахалтдаа хаяа сайтай, ах дүүстээ ачлалтай, үр хүүхдэдээ түшигтэй сайхан хүн байсан юм.

Архангайн Эрдэнэмандалд төрж өссөн, идээ цагааны сайхан, унд хоолны элбэг, цэвэрч цэгцтэйгээрээ нутагтаа алдартай жирийн нэг малчин ээж минь айлын өргөмөл охин. 1923 оны гахай жилийн хавар малчин ард Т.Ганжууржавын ууган охин болж мэндэлсэн ээжийг нялхад нь бидний эмээ Түдэвийн Сонгоогийн төрсөн ах Түдэвийн Жанцангийнд үрчлүүлсэн юм билээ. Тэр үед ах дүүс үр хүүхэдгүй нэгэндээ төрснөөсөө өргүүлж хамт өсгөдөг байсан тэр л жамаар Жанцан өвөөгийнх өргөж авч Норжмаа эмээ хүн болгожээ. Тийм болохоор ээжийг жинхэнэ малч ухаантай, ажилсаг, энэрэнгүй, өгөөмөр, хүлээцтэй, уул усаа шүтэн амьдардаг, эвийг сахисан, гэгээрсэн нэгэн болж төлөвшихөд голлон нөлөөлсөн ачтан нь Норжмаа эмээ.

Дэгтэй журамтай, ажилтай анхиатай өссөн ээж минь 16-тайдаа аавтай ханилсан. Тэр хоёр нэг дорын улс, нэг нэгнээ мэднэ гэхээсээ илүү хэний удамтай ханилахыг аав ээж нь шийддэг байсан цаг. Аав ээжээс таван насаар ах, 21-тэй байсан юм билээ. Хэн хэн нь хөдөлмөрч улс учраас ар гэр, амьдрал ахуйгаа бусдаас дутахгүй авч явж, олон хүүхдээ сайхан өсгөсөн дөө, ээж аав хоёр.   

 

 

Ээж Ж.Уртнасан 1976 он

 

 Багадаа би лав ээжийг хэдийд босож, хэдийд хажуулдгийг ч мэддэггүй байлаа. Өглөө сэрэхэд цай хоол, сүү сааль гээд байж л байна. Орой унтахад ч өрөм, тараг, ааруул хурууд гээд завгүй л сууна. Харин жаахан томроод сүү саалийн ажилд нь туслахаар эрт босдог болсон. Гэхдээ ээжийг боссоноос хойно л доо. Өглөө дөрөв гэж босоод гал хөсөө түлж, цай ундаа чанасан хойноо зургаа гэж биднийг сэрээгээд саальдаа гарна. Манайх олон үнээ саана. Нэг үнээг гурав эвэлгэнэ гэхээр дор хаяж хоёр гурван цаг зэлэн дээр зогсоно шүү дээ.

Багадаа би нойрондоо харам. Тэгэхээр ээж “Зүгээрээ миний охин бос бос, өдөр цадтал унтчих” гэнэ. Тэгээд өөрөө тогоон дээр сүүгээ тавиад хөөрөх хооронд нь хэсэгхэн дугхийгээд авдаг байсан юм билээ. Гал дээр тавьсан сүү хөөрөх дөхнө гэхээр хэдийхэн хугацаа байх билээ дээ. 15-20 минут хүрдэг байсан юм болов уу даа. Сайхан дугхийчихлээ гээд бүр нэг өдөржин унтсан хүн шиг сэргээд босоод ирнэ. Тэгээд л өдөржин нөгөө идээ цагаа боловсруулах ажилдаа орно. Малчин айлын ажил дуусах янзгүй. Дээр нь ээж минь зүгээр суудаггүй, хүүхдүүдээ ч зүгээр суулгахгүй. Ажил хий гээд загнаад, үглээд байхгүй, буй биеэрээ л үлгэрлэнэ. Бид ээжийнхээ хэмнэлээр ажиллана гэвэл дорхноо ядарч сульдана шүү дээ. Яаж ч хичээгээд бяд нь хүрэхгүй. Гэхдээ хэн нь ч ядарч байна, хэцүү байна гэж хэлэхгүй. Ялангуяа манай эгч нар гойд ажилсаг. Багаасаа ээж аавыгаа дагаад ажил хөдөлмөр сурсан нь бидний амьдралд мөн ч их хэрэг болж, аливаа хэцүүгээс шантрахгүй, зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэдэг болгосон гэж боддог.  

 

“БАГА АЖАА ЯВЧИХВАЛ БОР ТОЛГОЙ ЭЗГҮЙРНЭ ДЭЭ”

 

-Манайх Эрдэнэмандалын Хараатын Тээл, Бор толгойд үе удмаараа нутаглаж ирсэн айл. Аав ээж минь хоёулаа ажилсаг учраас мал нь мөн ч амархан өснө. Ёстой л нөгөө араараа дүүрэн адуутай, өврөөрөө дүүрэн үхэртэй гэдэг шиг л айл байлаа, манайх. Аавыг нутгийнхан “баян” Нацаг гэдэг байв. Сүүлдээ зүгээр л “Баян” На гэдэг болсон нь өмч хөрөнгө ихтэй гэж шоо үзсэндээ биш ажилтай айлын мал сүрэг зоргоороо өсөж тэр баялгаас нь түмэнтэйгээ харамгүй хуваалцдаг баян сэтгэлийг нь тодотгодог байсан юм билээ.

Нутгийнхан манайхыг түшиж, хамтдаа зусаж, өвөлжих их дуртай байсан гэдэг. Олон ч айлыг малтай болгосноо ээж, аав хоёр өгөөжтэй сайхан нутгийн буян гэнэ. Харин хажууд нь дагаж, хамт хөдөлмөрлөөд мал сүрэг нь арвижиж, гэр орон нь өнгөжин, үр хүүхэд нь өөдрөг яваа хүмүүс манай хоёрын л ач гэж тодотгоно. Ингэж хэлэх хүн манай нутагт олон. “Уртаа эгчийнхээ бантанг идэж өслөө шүү дээ” гэх бага залуу улс ч таарна. Учир нь эцэг эхгүй өнчин өрөөсөн, идэх хоолоор хомс ядуу гуцуу явсан олон хүнийг манай хоёр дэргэдээ авч үр хүүхдээсээ ялгахгүй өсгөж өндийлгөсөн юм. Ямар сайндаа нэг садангийн ах минь “Бага ажаа явчихвал Бор толгой эзгүйрнэ дээ” гэж байж билээ.

Хүнийг баярлуулж өөрөө жаргадаг хорвоод хамар багтахаар идэж, хаяа багтахаар буу гэх монгол философийг бид ээж ааваасаа ойлгосон. Бусдын төлөө гэх сэтгэл, хаана ч үл давтагдах үнэт чанарыг тэд минь бидэнд хар багаас суулгажээ.   Сэтгэл зөв бол явдал зөв, тэтгэе гэвэл тэнхэртэл нь гэж чармайдаг чансаа тамирыг нь бид чадахаараа үргэлжлүүлж явна.

Ийм сайхан хаялгатай аав ижийгийнхээ нутгийг, уяа зэлийг нь эзэнгүй орхиогүй. Жамбалганы ах минь малч удмыг нь залгаад аавынхаа бууц дээр 2019 онд “Улсын аварга малчин” цолыг тоссон доо. Энэ нь аав ээжид минь нэхэн нөхөн олгосон шагнал байлаа.

Бид бүгд сумын сургуульд суусан. Хагас сайн болохоор гэрээс морь явуулчихна. Сумын төв, гэр хоёрын дундах уултай гүвээтэй хориод км замд сайн өдрийг анаж сааль сүүгээ амжуулж, даваа гаригийн өглөө хичээлээсээ хоцрохгүй гэж яаран цогих морин дэлэн дээр бид төлөвшсөн билээ.

Ээж биднээс ямар дүн авав, хичээл ном нь яаж байна гэж барагтай л асуухгүй. Хичээлээ таслаад, муу дүн авна гэж бодох ч үгүй. Багаасаа бие даагаад ажил хийгээд сурчихсан хүн хичээл номдоо ч яг л тэр зангаараа ханддаг гэдгийг мэддэг байсан байх. Тэгээд ч ажилсаг аав ээжийнхээ хураасан буян жудагт бялуурч, тарвалзах чөлөө ч олддоггүй байв.

Судар номоос ч илүү тархинд суулгаж, даруулгатай өсгөсөн ээжийн минь ухаан биднийг хаана ч явсан задарвал даруулдаг, ядарваас сэргээдэг, мартваас сануулдаг юм. Хэн нэгний минь ойворгон зан оволзоод ирвэл “Бардам сэтгэл баримтгүй шүү, хүү минь” гэж даруулдаг байв. Хэрэв бусдыг гоочилбол “Хүний хүүхдийг хуруугаараа заадаггүй юм” гэнэ. Авдрандаа “алттай” байж хувхай амлаж, байхгүй, байхгүй гэж толгой сэгсэрсээр байснаа амны хилэнцээрээ гөвж хувхайрдаг тухай сургана. Хүнийг зүдрээж өөрөө ямбалбал ирээдүйн зовлонгийн угтвар гэж аминчилдаг байжээ.

 

НҮҮДЭЛЧНИЙ ОХИН НҮДЭН ДЭЭР НҮГЭЛГҮЙ ӨССӨН НЬ ААВ ЭЭЖИЙН АЧ

Аав ээж бид гурав 1967 он

 

-Би дээрээ хоёр ах, таван эгчтэй баян хүн. Нүүдэлчний охин нүдэн дээр нүгэлгүй өссөний ач аав ээжийнх минь юм. Хаврын хямсгар өдөр төрсөн буурин дээрээ араг түшсэн ижийгээсээ унахдаа аавынхаа бадриун алганд тосуулсан азтай, адтай охин.

Сумын төв орох хол. Дуншиж өвдөх нь дариуцах. Дурдан бүсээ тайлаад, дулаан тухыг үүсгээд ээжүүд гэртээ ийн төрж байсан цаг саяхных. Манай ээж олон ч хүүхдийг ингэж эх барьсан. Байсхийгээд л хөтөлгөө морьтон хотонд ирж, ээжийг аваад явна. Анх орчлонд ирэхэд эх барьж авч буй хүнээ аав ээжийн дараа авгайлах эрхэм хүмүүнд тооцон “авсан ээж” гэж хүндэлдэг ёсон манай нутагт бий. Намайг төрөхөд эх барьж, өлгийдсөн учраас аав миний “авсан ээж”. Хүн эх барьж авсан хүнтэйгээ ижил араншинтай байдаг гэлцэх үнэн байх. Би аав шигээ хурц омголон хүн. Алив зүйлд шударгуу хандахыг чармайдаг нь ааваасаа анирласан зан. Аав минь их оюунлиг хүн байсан. Хөдөөгийн малчин хэр нь ном их уншина. Бидэнд “Тунгалаг Тамир” зэрэг том романыг уншиж өгч байлаа. Харин ээж бол их зөөлөн. Бүр заримдаа хэтэрхий зөөлөн хүн юм аа гэж бид ярьдаг байлаа. Биднээс ээжийн аашийг илүү дуурайсан нь Дэжид эгч байх. Ямар ч үед уурлаж уцаарлахгүй, “Болно доо” л гэж суудаг байсныг нь одоо эгчээсээ хардаг юм.

Бидний том Адьяахүү эгч минь 90 дөхөж, удаах нь Бямбаахүү эгч 80 гарсан. Дэжид эгч багш, Удвал эгч эмч, Жамбалганы ах малчин, Дулмаа эгч арьс ширний үйлдвэрийн инженер. Бурхан болсон Бархүү ах минь барилгын инженер, яруу найрагч хүн байлаа.

Ээжийг байхад өвөл бидэнд Зил-130-аар дүүрэн идэш ирдэг байв. Хотод байгаа хүүхдүүддээ гээд айл болгонд нэг бод дээр нь бог явуулна. Ганцхан мах ирэхгүй шүү дээ. Аарц, шар тос, хөлдөөсөн сүү, хольсон тос, монгол архи хүртэл бэлдээд явуулна. Ээжээс хойш сураггүй болсон доо, энэ идэш. Тэгэхээр ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ амийг бэхэлж, арыг дааж, ахуйг нь тэтгэж нэг үгээр амьдралыг нь тэтгэж явдаг тэнхээтэн юм билээ.  

Ураг удам улсын үндэс Ургийн баяр 2018 он

 

Жанцангийн Уртнасангийн үр хүүхдүүд

 

ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ ӨРӨӨЛӨӨС АСУУ

 

Өөрсдийнхөө тухай өрөөлөөс асуу гэдэг үг бий. Аав ээж хоёрын минь тухай, ах эгч нарын минь тухай сайхнаар дурсаж, сайнаар ярих хүн зөндөө. Гэхдээ би  манай нутгийн нэрт сэтгүүлч, яруу найрагч С.Бараанасан гуайн бичсэнийг онцолмоор байна. Аав ээжийн минь тухай “Тэнгэрт нахиалсан буяны од” хэмээх туурвилаас нь аав Нацагийн алдар сууг, ээж Уртнасангийн ур ухааныг олж мэдэрсэн юм. Тэр үеийн малчдын аж байдлыг нүдэнд харагдаж, гарт баригдах адил бичиглэсэн Бараанасан сэтгүүлчийн энэхүү шүлгийг би хоймортоо залсан даа. Хэсгээс нь дуудаж өгье.

...Саахалт айлын хөвгүүдийн

Санааны сахиус болсон

Сампингийн эрх шиг хөөрхөн бор охидтой

Ерөөл хурсан тоонот

Хурууд өрсөн таваг

Гэрт гадаагүй идээ цагаа бялхсан

Хороо хашаагүй хонь хурга шуугьсан

Марзан Шаравын дэлгэмэл зураг шиг

Мандалынхны төрх тэр аяараа налайсан

Усанд явах нь уу гэтэл гүүндээ гарсан

Унаа юүлэх зуур хуруудаж хөгжсөн

Намартаа налгар хавартаа ханагар

Насны дугараа цалгисан

Газарт унасан тэнгэрийн сувд

Тэнгэрт нахиалсан буяны од

Давсан Шандаар нутагтай

Далай баян, баян Наагийнх

Мал малын А данстай

Мадаггүй баян, баян Наагийнх... гэж бичсэн байдаг юм.

Бараанасан ахын бичсэнээр манайх үнэхээр л хүн тасардаггүй, мал нь хорогддоггүй бялхсан айл байсан юм. Ирсэн хүнд байдгаа барьдаг ээж, аав хоёр минь үр хүүхдээсээ юугаа ч харамлахгүй, юугаар ч дутаалгүй өсгөсөн. Суман дээр сургуульд суугаа хүүхдүүддээ зориулаад 1000 төгрөгөөр байшин авч өгөөд, тэр үедээ л “моодонд” орж байгаа гар бөмбөг, гитар, тэшүүр гээд бүхнээр хангаж байв. Ах нар авч өгсөн тэшүүрийг нь углаад голын мөсөөр гэр рүүгээ харьчихдаг байж билээ.

Ээж Ж.Уртнасан үр хүүхэд ач зээгийн хамт.

 

 

УРДУУРАА ГАРСНЫГ УНДААЛЖ, ХОЙГУУРАА ЯВСНЫГ ХООЛЛОХ ЭРДЭМ ЭЭЖИЙНХ

 

“Урдуураа гарсныг ундаалж, хойгуураа явсныг хооллож яв” гэж ээж  биднийг сургасан. Уулзсан хүнтэйгээ найрсаг бай, эхэлж уулзсан шигээ л эцэстээ ч тэгж үдэл гэх. Уурласныг аргад, мунхарсныг сэрээ, мугуйд занг нь зас гэнэ. Гол битгий алд, нуруутай бай гэж чухалчилна. Ядарсанд тусал, явганд морио өг гэх сургаал нь өнөө ч бидний амьдралын зарчим.

Ээжийн гарын идээ гойд амттай гарна. Манай нутагт шалхмаг гэж буцалгасан аарц хийдэг юм. Ээжийн шалхмаг бусдынхаас өөр. Сүүтэй, өрөмтэй буцалгасан, дээгүүр нь өрөм хөвсөн шалхмаг бороотой өдөр уухад хэчнээн гоё гээч. Өрөм бас их гоё авна. Өглөө босоход цөцгий нь гоожсон даргар зузаан өрөм боорцогтой хамт ширээн тавьчихсан байдаг сан. Ханын хэцээр өлгөчихсөн хурууд нь тос нь гоожоод, бяслаг нь гоё шаргалтаж хатна, ээзгий нь улаа бутраад, хольсон тос нь аманд ороод л хайлна. Бид ээжийгээ дагаад идээ цагаа бэлтгэхэд суралцсан хэр нь яаж ч хичээгээд тэр дайны идээ авч чаддаггүй юм. Ээжийн гар өөр байв уу, нутаг ус, цаг агаартаа байна уу, мэдэхгүй. Дадсан ажил гэж далайц юм даа.

Миний ах Нацагийн Бархүү ээжид зориулж “Ээжийн чанасан цай” гэж хөөрхөн шүлэг бичсэн байдаг юм. Бүр 70-аад оны эхээр дээ.  

...Нууранд саатах шувууд шиг уяанд морьд чуулж

Нутаг холын гийчид хүлгийн амьсгаа дарахуй

Буудал хөлийн газар шиг ээж минь тэднийг цайлж

Буцахдаа манайхаар ороорой гэж аян замд нь үднэ

Саахалт айлын өтгөс бууж мордож явахдаа

Сайхан цайтай хүн шүү гэж магтахыг нь би сонсоод

Галын халуу дүүгүүлэн цай чанан аягалж

Гарч орсон болгоныг дайлдаг учрыг мэдсэн юм...

Манайхаар хөл тасрахгүй. Ах дүүс, найз нөхөд, ойр орчмынхон тэр ч бүү хэл малдаа явж байгаа хүн, алс холоос аяншсан улс ч буугаад мордоно. Хүн байнга ирлээ гэхээр нь бид заримдаа төвөгшөөнө. Гэтэл ээж данхандаа цайтай ч тогоо тавьж шинэ цай үйгээд л байгаагаараа дайлна. Өвөл ч, хавар ч манайх ээжийн нэрсэн архиар тасрахгүй. Малд явж даарсан нэгэн буугаад мордоход ээж халаасан архи, гарын тосоороо дайлахад тэр хүн дулаацаад баярлаад л гардаг байсан. Жаахан халамцуу нэгэн ирэхэд бид царай өгөхгүй янзтай байхад ээж хөндийгөөс жаахан шомбонзтой архиа гаргаж ирээд тос хөвүүлж халаагаад өгчихнө. Тэр бүхэн хэчнээн их буян, бусдыг гэсэн ээжийн минь сэтгэлийн илч болж өргөө гэрт гоё эрчим түгээдэг байсныг одоо л жинхэнэ утгаар нь ойлгож байна.  

Тиймээс бид өссөн гэрээ яг л ээж аавынхаа амар мэнд байх үеийнхээр нь бариад, эдүгээ ч арчилж тордоод авч яваа.

 

ЭРХ ӨССӨН ХҮҮХЭД ЭЭЖЭЭСЭЭ ХОЙШ ХАМГИЙН ИХ ӨНЧИРДӨГ ЮМ БИЛЭЭ

 

-Намайг багад отгон гээд нэлээд эрхлүүлчихсэн юм. Эгч нар эрт босоод сүү сааль гэж байхад би тааваараа дээшилж, тоглож наадсан л хүн байж. Гэхдээ ээжийн дэргэд залхуу өснө гэж үгүй л дээ. Эгч нар сургууль соёлд яваад ээждээ туслах үүрэг тэртээ тэргүй ирж байгаа юм. Дунд сургууль төгсөөд Эрхүүд оюутан болж очоод ээжийгээ хачин их санадаг байлаа. Аав минь намайг сургуульд явахын өмнөх жил өөд болсон болохоор ээж ганцаар хоцорсон. Орь ганцаараа ч биш л дээ. Ахынхтай айл. Эгч, ах нар байсхийгээд очих ч ааваас хойш ээж минь ер нь л ганцаардсан. Нэлээд ядраад ирэхэд нь хүчээр шахам хотод авчирч бага эгч дэргэдээ авсан юм.

Сүүлд би Англид сурахаар очсон хойноо ээжийгээ их санаж янз бүрийн зүйл бичдэг байлаа. Ээжээсээ зээлсэн амьдралын ухааны  тухай нэг жижигхэн бичвэрээ саяхан олж нүүр номдоо нийтэлснийг минь олон хүн уншсан байна билээ. Тэнд “...Буянтай хүн эхтэйгээ үлддэг гэлцдэг ч зуны сарыг эс тооцвол ээжтэйгээ бид “үлдсэнгүй”. Эргэн дэнсэлбэл эхээсээ наймуулаа ч ээжтэйгээ “үлдэхийн” тулд тийм ч сургууль, ийм ч албанаасаа татгалзахыг хэн ч зориглосонгүй.

Ургийн шашдир ургийн түүх ном 2018

 

“Алтан Хараат минь, хэдэн хүүхдийг минь төрийн сүлд өршөөг” хэмээн залбирах шивнээ, аавын зураг, зул хоёроор 15 жил хань хийсэн байх юм. “Та нарыгаа элгээ эгштэл санаж, хээр гарч сэнгэнэтэл уйлж, дотор онгойдогсон” гэж ээж ярьдаг байв. Хожим санахад энэ үгийг сонсдог л байснаас шингээдэггүй байж. Ганцаардал гэж чухам ямар аймшигтайг ээж л мэднэ. Ганцаардал хөгшин залуу, хүүхэд багачуудыг үл алагчилдаг аж. Хүнээр хүн цангах нь хөнөөлт өвчинтэй дүйцэх бөлгөө. Ярьж зөвлөхгүй зовлон жаргалаа хуваалцахгүй, хол ойроо дурсахгүй, сэтгэлээ уудлахгүй байсаар цээжинд хурсан бүхэн мунхарч өтлөх “эм” болдгийг сая л ухаарав...” гэж бичсэн нь хожимдсон ухаарал минь байжээ. Бас эрх өссөн хүүхэд ижийгээсээ хойш хамгийн их өнчирдөг юм билээ.

Тэр ингэж ярьсан. Буянтай ээжийн үргэлжлэл найман хүүхэд нь өдгөө өнөр олуул болсон. 2018 онд нутагтаа ургийн баяр хийхэд үр хүүхэд, ач зээ, гуч жич, хамаатан садан, нутаг усныхан гээд хагас мянган хүн цугласан том баяр болсон. Бас “Ургийн шашдар-удмын сан” нэртэй ном бүтээсэн гэж байлаа.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

​​​​​​​2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 211 (7708)