Б.Нандин
Өнгөрсөн ням гаргаас даваа гарагт шилжих шөнө Афганистаны хойд хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 хүн амиа алдаж, 320 хүн гэмтэж бэртжээ.
АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хульм суурингаас баруун өмнө зүгт 22 км зайд, 28 км-ийн гүнд байжээ. Афганистаны Байгалийн гамшгаас сэргийлэх агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Юсуф Хаммад бэртсэн хүмүүсийн ихэнх нь хөнгөн гэмтэл авсан бөгөөд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлгээс гарсан хэмээн мэдээлжээ.
Тус улсын Балх, Саманган мужууд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн тул аврах болон яаралтай тусламжийн баг түрүүнд тусламж үзүүлж байна. Афганистаны Батлан хамгаалах яамны мэдээлснээр, газар хөдлөлтөд тус улсын шашны түүхэн дурсгалт Хөх сүмтөртөж, гадна талд нь бага хэмжээний эвдрэл гарсан байна. Албаныхан эвдрэл засагдах боломжтой, сүм бүрэн бүтэн хэвээр байгаа гэжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Кабул болон Афганистаны бусад хэд хэдэн мужид мэдрэгдсэн байна.
Афганистан улсад сүүлийн үед хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөлт болсон. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Афганистан Пакистаны хилийн ойролцоо 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2200 гаруй хүн амиа алдаж байв. Түүнчлэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Эх сурвалж: zms.mn