П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг. Бид 2025 зургаадугаар сарын 18-ны өдрийн Лхагва гарагийн дугаартаа “Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ” анхны нийтлэлээ хүргэж байв. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг Өгий нуурт очиж сурвалжилгаа бэлтгэсэн билээ.
“Аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг”
Нуурын эргэн тойронд оршин суугчдын хэлснээр тус нуурыг ганц удаа цэвэрлэж байгаагүй бөгөөд хүртээмжтэй боловсон бие засах газар байхгүйн улмаас ил задгай бие засан, хог бохирдлоо замбараагүй хаяж байгаль дэлхийдээ ээлгүй хандах нь элбэг гэнэ. Тодруулбал, нуурын эргэн тойрноос жилд 250-300 тонн хог гардаг байна.
Түүнчлэн 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч биднийг очиход төслийн хүрээнд барьсан бие засах газар, дүүш бүхий байр нь ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулран, хаалга үүд нь эвдэрчихсэн нөхцөл байдалтай байв. Хэрэв энэ бүхэн хэрэгжсэн бол Өгий нуураа бохирдлоос хамгаалах жишиг ажил болох байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм.
Одоогоор Өгий нуурын эрэгт таван жуулчны бааз, нутгийн иргэдийн 40 гаруй эко гэр үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс нуурыг бохирдуулж буй хүчин зүйлийн талаар тодруулахад, хамгийн нөлөөтэй нь мал ах ахуй гэсэн юм. Тухайлбал, аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг гэх байр суурийг илэрхийлж байв.
Харин малчдын хувьд нуурын бохирдолд мал нөлөөлж байна гэдэг үндэслэлгүй зүйл. Тэнд мал үхэж үрэгдээд, сэг зэм байгаад байгаа зүйл алга. Мал чинь байгалиасаа усаа ууж, ундаалаад сурчихсан амьтан. Анх үүссэн цагаасаа шүтэлцээ холбоотой байж, байгальдаа бордоо болж ирсэн тул мал байгалиа бохирдуулна гэж байхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм. Харин Өгий нуурыг зорин ирэх аялагчид гэр амралтаас илүүтэй өөрсдийн майхантай ирж амрах нь элбэг байдаг. Ингэхдээ ил задгай бие засах, хог хаях асуудал их байна. Энд нийтийн бие засах газар ховор. Тиймээс нийтийн боловсон бие засах газрын асуудлыг шийдээд, амрагчид өөрсдөө соёлтой байвал нуур орчмын бохирдол буурах болов уу гэдгийг хэлж байсан. Ийнхүү Өгий нуурын уугуул, суугуул иргэд хэн нуурыг бохирдуулж буйгаар зөрчилдөж, эх орондоо элэггүй аялагчид нь хэнэггүй гэгч нь хогоо хаясаар, энэ бүх асуудлыг шийдэх нэрийдэлтэй улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөг нь салхинд намирсан байдалтай байсан юм.
“Судалгаагүй эхлээд зураггүй зарласан ажил ийм эрсдэлтэй”
Тиймээс бид дараагийн цуврал нийтлэлээрээ “Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг ингэж зарцуулжээ” нийтлэлээ хүргэсэн. 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Эвт-Уул” ХХК ажилласан байна. Тус компани 2011 онд байгуулагдсан бөгөөд зам, гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эвт-Уул” ХХК 2019 оноос Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн талаар “Эвт-Уул” ХХК-ий захирал Э.Түдэвдорж “Төслийн хүрээнд Өгий нуурын урсцыг сайжруулахаар 8.9 км шуудуу татсан. Шороон шуудуу нь хийгдсэн байгаа. Гол нь анхны мэргэшсэн экспертээр батлагдсан зураг нь эхний дөрвөн км нь биомембрантай шуудуу хийнэ гээд гарчихсан. Гэвч төсөлд биомембран байхгүй шороон далан гээд тендерээ зарласан.3.8 тэрбумын тендер авсан зургаараа хийхээр зургаан тэрбум гаран болсон. Судалгаагүй эхлээд зураггүй зарласан ажил ийм эрсдэлтэй гэж харж байна. Гүйцэтгэлийн хүрээнд шороон суваг шуудуугаа хийчихсэн. Зургаараа хийх гэхээр төсөв мөнгө нь хүрэхгүй болчхоод ус тавьж болохгүй зогсчихсон байгаа. Хэрэв ус тавих юм бол намаг нь хатах, ширгэх асуудал үүснэ гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн. Мөн нуур орчмыг хамгаалах 15 км 200 метртэй шон, шувуу харах цамхаг, нуур тойроод 3-4 худаг гаргаж тухайн жилээ хүлээлгэж өгсөн. Харин хоёр ариун цэврийн байгууламж барих ажлын явцад ковид гараад хөл хорио тогтоочихсон. Хүлээлгэж өгөөгүй болохоор хүмүүс хоёр ч удаа тоночихсон байсан. Сумын засаг даргатай яриад энэ намартаа хоёр ариун цэврийн байгууламж дахин янзалж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэсэн юм.
Мөн “Р.Энхбаяр:Өгий нуурыг судлах, хамгаалах ажлыг монголчууд өөрсдөө хийх ёстой”, “Ч.Эрдэнэтуяа: Цаг уурын өөрчлөлт, хүний нөлөөнөөс шалтгаалж Өгий нуурын экосистем доройтож байна”, "Б.Одсүрэн: Хог хаягдал 30, 40 жилийн дараа ч нуурын усанд сөрөг нөлөө үзүүлдэг" цуврал нийтлэлээ хүргэсэн билээ.
Энэ жилийн наадмын үеэр хүмүүс машинтайгаа нуурын эрэгт тулж зогсох, майхнаа барих, хог хаягдал хаях зэрэг дүр зураг бас л Өгий нуурын эрэгт давтагдав. Энэ бүхэн эцэстээ нуурын ус, хөрсөнд хэрхэн нөлөөлдөг болон нуурын усны чанар байгаа талаар ШУА-ын Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэнтэй ярилцсан юм. Тэрээр “Аялал жуулчлал, олон хүний хөл, машин техник усны чанар гэлтгүй эргэн тойрны хөрс, ургамалд нөлөөлж байгаа. Бид усны чанар гэлтгүй хөрс, газрын бүрхэвчийн өөрчлөлт зэргийг судлахад хамгийн нөлөөтэй нь машин зам байсан. Тодруулбал, Өгий нуураас хааш хаашаа 10 км тойруулаад газар ашиглалтыг авч үзэхэд 58 хувийг машин техникийн гаргасан шороон зам эзэлж байсан. Мөн аялал жуулчлал явагддаггүй байсан үетэй харьцуулахад хог хаягдал нэмэгдсэн.
Түүнчлэн 101.95 га нь хүний үйл ажиллагаатай газар ашиглалтын нөлөөнд өртсөн гэж гарсан. Үүнийг нийт газар нутагт нь хувилаад үзвэл 0.18 хувийг эзэлж байгаа юм. Нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг гэр түрээсийн газар 2003 онд нэг га орчим байсан бол 2023 онд 20.7 га-д хүрсэн байсан” гэдгийг хэлж байв.
"Хамгаалалтын хашааг батлагдсан зураг төсвийн дагуу хийсэн"
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж эхлээд байна. Хамгааллын хоёрдугаар багц ажлын хүрээнд нуурын хамгийн эмзэг усархаг, намагтай хэсгийг хамгаалах зорилготой нийт арван км хамгаалалтын хашаа татан машин техник, хүн малын хөлөөс хамгаалах ажил хийгдэж байна. Мөн загас ихтэй нуурын баруун хэсгийг хамгаалах зорилготой нуурын дундуур 4.3 км урт хязгаарлалтын хөвүүр татаж дуусжээ. Ингэснээр Өгий нуурын шувууд, загас жараахай бүрэн хамгаалагдлаа. Энэ талаар Орхон-Чулуут голын сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар “Загас жараахай болон нүүдэллэн ирж буй шувуудад амьдрах таатай орчин бүрдүүлж, эко системийг тогтворжуулахын тулд нуурыг дундуур нь хөвүүрээр заагласан. Хөвүүрээс баруун тийш ямар нэгэн байдлаар машин, хүн орж дуу чимээ гаргахгүй байх тал дээр арга хэмжээ авч хөвүүр хийсэн. Сүүлийн 30 жил Өгий нуурыг цэвэрлээгүй. Нуурын бохирдол үүсгэх шалтгаан нь гадны нөлөөтэй хүчин зүйл буюу загасны тор, завь, завьны мор зэрэг хог хаягдал байгааг цэвэрлэх багц ажлыг хэрэгжиж байна” гэлээ.
Өгий нуурыг хамгаалах багц гүйцэтгэгчээр “Цаст хайрхан” ХХК ажиллаж буй. Тус компанийн ерөнхий инженер Н.Гэрэлчимэг “Энэ ажлын хүрээнд Өгий нуурт цутгаж байгаа Хөгшин Орхон гол болон эх авч байгаа хоолойн голын хэсэг, Зэрс, Шагшуурга, ус намгархаг хэсгийг хашаалах ажил хийгдсэн. Хашаа татах явцад хүндрэлтэй асуудлууд гарсан. Жишээлбэл, нутгийн малчид, иргэд нуурыг хашаалах гэж байна гэсэн буруу зөрүү ойлголтоос болж хашаа барих ажлыг зогсоох, хашаа суулгах явцад хөрсний асуудлаас болоод шон суулгахад ус ихээр гарч байсан. Шувуудын үржлийн хэсэг болох газрыг хашиж хамгаалснаар нуурын эко систем эргэн сэргэх ач холбогдолтой ажил гэж бодож байгаа. Хамгаалалтын хашааг батлагдсан зураг төсвийн дагуу хийсэн бөгөөд ус намгархаг газар, малд тэсвэртэй тохиромжтой орчин үеийн шийдэл бүхий хуванцар, шонтой сараалжин хашаа байрлуулсан.
Ажлын явцад хашаа эвдрэх асуудлууд гарсан. Манай компани тухай бүр засаж янзлаад явсан. Цаашдаа ашиглагч байгууллагууд байнга тордож явахгүй бол эвдрэх эрсдэл өндөр байгаа” гэв.
Ийнхүү шувуудын үржлийн хэсэг болох газрыг хамгаалснаар шувууд аюулгүй өндөглөх үүрлэх үр төлөө бойжуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг шувуу судлаач Д.Батмөнх онцоллоо.
Өгий нуурыг хамгаалах гуравдугаар багц ажлын хүрээнд эхний ээлжинд нуурын ёроолд байгаа их хэмжээний загасны тор, живсэн завинууд, завины мотор, бусад хог хаягдлыг хайж илрүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж. Үүний дараа хайж илрүүлсэн хог хаягдлыг нуураас гаргах ажиллагаа хийгдэх юм байна. Энэ талаар Өгий нуур сумын Засаг дарга Ш.Үүрцайх “ 15 орчим жилийн өмнө нуурын 50 орчим метрт яваад харахад 3-4 метрт ёроол нь харагддаг байсан. Одоо хоёр метрийн гүнд байгаа юм дээрээсээ харагдахгүй нөхцөл байдалтай байгаа. Нуурын ус цээлэрхүү ногоон өнгөтэй болсон нь санаа зовниулж байна” гэдгийг хэлсэн.
Харагдалт муу байгаа нь хайгуулын ажлыг удаашруулж байна
Нуурын ёроолд байгаа их хэмжээний загасны тор, живсэн завинууд, завины мотор, бусад хог хаягдлыг хайж илрүүлэх ажиллагааны явцад харагдалт муу байгаа нь хүндрэл учруулж байгаа аж. Архангай аймгийн Онцгой байдлын газар 2014 оноос хойш Өгий нуурын гүнээс 200-300 метрийн урттай таван загасны тор олсон байна. Аврагчдын хувьд нуурын усанд хүн живлээ гэхэд харж очиж чаддаггүй аж. Учир нь нуурын усанд гараа дэлгэхэд л гараа харж чадахгүй хэмжээний усны харагдалт муу байдаг аж.
Хайгуулын ажлын талаар гүйцэтгэгч “Геомастер” ХХК-ийн Геодезийн инженер Э.Энххуяг “Долоодугаар сарын 25-аас ажлаа эхлүүлсэн. Наймдугаар сарын 2-ны өдөр гэхэд бүх тээврийн хэрэгсэл завь багажаа нуурын эрэгт авчирсан. Наймдугаар сарын 2-ноос хайгуулын ажил үргэлжилж байна. Хайгуулын ажилд тулгарч байгаа гол бэрхшээл нь харагдалт муу байгаа байдал. 1990 оноос өмнө Өгий нуурын харагдалт 15 метр байсан бол одоогийн байдлаар 30-40 см байгаа нь хайгуулын ажлыг удаашруулж байгаа. Дроноор ёроолоос 20 см-ийн зайтай явуулж байж ёроол нь харагдаж байгаа. Жаахан доошлуулаад 120 см зайтай явуулъя гэхээр юу ч харагдахгүй нөхцөл байдалтай байна. Нуурын харагдалт муу байгаагаас үүдэн эрэл хайгуулын ажилд удаашралт үүсэх магадлалтай байгаа. Тиймээс бид механик аргаар хайх аргуудыг ашиглаж байна” гэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байна. Ингэснээр бид Монгол орныхоо төв хэсэгт байрладаг үзэсгэлэнт Өгий нуураа цэнгэг байдлаар нь ирээдүй хойчдоо өвлүүлж чадах юм. Өгий нуур нь 1998 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Рамсарын конвенцын хавсралт жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн. Ингэхдээ Өгий нуурын ус, намгархаг газар нь газарзүйн байршлын хувьд байгалийн ховор, дахин давтагдашгүй хэв шинжийг агуулсан, зарим амьтан, ургамлын зүйлүүдийн популяцийн хэмжээнд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий газрын бүсэд байрладаг гэсэн хоёр шалгуурыг хангасан билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 209 (7706)