Фото /Ройтерс
Японы шинэ Ерөнхий сайд Санае Такайчи Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай нүүр тулан хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн тухай Киодо агентлаг энэ сарын 3-нд мэдээлсэн байна.
1970-аад онд Хойд Солонгосын тагнуулынханд хулгайлагдсан Япон иргэдийн асуудалтай холбоотой арга хэмжээний үеэр Такайчи хэлэхдээ, Япон улс удирдагч Ким Чен Унтай дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа Хойд Солонгост аль хэдийн мэдэгдсэн гэсэн байна.
Хулгайлагдсан иргэдийн асуудал дипломат харилцаагүй хоёр улсын харилцааны хамгийн эмзэг асуудлын нэг хэвээр байна. 2002 онд Пхеньян анх Японы 13 иргэнийг хулгайлсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
2014 оны тавдугаар сард Токио, Пхеньян хоёр хүн хулгайлсан хэргийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулахаар тохиролцсон ч Хойд Солонгосын талын санаачилгаар энэ зорилгоор байгуулагдсан комисс дараа нь татан буугдсан.
Японы шинэ Ерөнхий сайд Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байгаа нь хоёр улсын харилцааны хувьд эерэг үр дүн авчрах тухай ярихад эрт байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: polit.mn