П.Лхагважаргал
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдааны 17 насанд 112 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Батноров сумын харьяат сумын заан А.Тайванбат тэргүүн байр эзэлсэн юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан А.Тайванбатыг урьж ярилцлаа. Тэрээр чөлөөт бөхийн U17 насны улсын аваргын хоёр удаагийн аварга гэхчлэн олон бахархам амжилтын эзэн юм.
-Улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, түрүүллээ. Баярын сэтгэгдлээ хуваалцвал? 
 -Энэ тэмцээндээ амжилт гаргахыг зорьж бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн. Санасандаа хүрч улсын аварга болсондоо баяртай байна. Цаашдаа өөрийгөө илүү сайн хөгжүүлнэ. 
 Хүн бүрийн бэлтгэл сургуулилалт жигд сайн хангагдсан байлаа. Шигшээ аравт  шандас сорьсон хүнд барилдаануудыг хийлээ. Багштайгаа сайн ярилцаж, учраа бөхөө ажиглаж, нягт нямбай барилдахыг хичээсэн. 
-Бөхийн спортыг сонгож хичээллэх болсон түүх, зааж зөвлөдөг багшийнх нь тухай ярилцъя? 
 -Би жүдо бөхөөр их спортынхоо үндэс суурийг тавьсан. Хэнтий аймагтаа Г.Эрдэнэбилэг багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хангаж эхэлсэн. Ер нь багаасаа барилдах дуртай, бөхийн спортод хайртай хүүхэд байлаа. Тиймдээ ч таван настайгаасаа үндэсний бөхөөр барилдсан. 
 Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод суурьшиж, ОУХМ Ш.Баянмөнх багшийнхаа удирдлагад чөлөөт болон үндэсний бөхийн бэлтгэлээ хийж байна. 12 дугаар ангийн сурагч болохоор хичээл номоо орхигдуулахгүйгээр бэлтгэлээ хийдэг. Ирээдүйн зорилгынхоо тэргүүнд тамирчны замналаа тавьсан. 
 Миний төрсөн ах сумын заан цолтой хүн байдаг. Мөн П.Бүрэнтөгс аваргыг манай холын удам гэдэг. 
 -Өнгөрсөн зун Батноров сумандаа урамтай сайхан барилдаж түрүүлсэн. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байв? 
 -Тийм ээ. Нутгийнхаа торгон дэмжээнд урамтай сайхан зодоглож түрүүлсэндээ баяртай байгаа. Үзүүр түрүүнд сэтгэл зүйгээ тайван байлгаж, шуудган дээрээс мөргөж, хөл авах мэх хийж давсан. Одоогоор давхар ачих, мордох мэхийг багш, ах нарынхаа зааж өгснөөр хамгийн сайнаараа хийж байна. Ер нь барилдаан бүрээсээ туршлага хуримтлуулдаг. Мөн Э.Батмагнай арслангийн уран хурц барилдаануудыг үзэж, суралцдаг. 
-Таны бодлоор бөх хүн ямар байх ёстой вэ?
 -Тамирчин хүн хичээл зүтгэлтэй, аливаад уужуу, төлөв даруу, хорт зуршил, буруу бодлоос хол байх ёстой гэж боддог. 
 Нутгийнхаа ах нар болон улсын том цолтой бөхчүүдээс үлгэр дуурайлал авдаг. Аав ээж, ах дүү, багш нар маань бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээрэй гэж захидаг. Найзууд маань зарим барилдаан дээр анализ хийж зөвлөх үе олон байдаг. Энэ бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг алдахгүй байхыг хичээдэг. 
 -Бөхчүүд гэлтгүй монгол эрчүүд нутгийнхаа уул овоонд гарч хийморио сэтгээдэг. Өөрийн тань хувьд хэр сүсэг бишрэлтэй вэ? 
 -Шүтэлгүй яах вэ. Улсын аваргын өмнө Өндөр Хаан ууландаа гарч, залбирчхаад ирсэн. Зодог шуудаг, малгай, дээлээ дээдэлж, арц хүжээр ариулахаас эхэлнэ. 
 -Энэ хугацаанд хамгийн олон учраа таарч байсан бөх гэвэл хэн бэ?
 -Э.Саруул-Эрдэнэ найзтайгаа гол бэлтгэлээ хийж, мэхээ давтаж, тулж ажилладаг тул нэгнийхээ барилдааныг сайн мэддэг. Бас нэгнээ хурцалж, дэмжиж, хамгийн хүчтэй өрсөлдөгч, алтан хамтрагч байж чаддаг. Найзыгаа сайн барилдаж, амжилт гаргах бүрийд бахархаж, өмнөөс нь их баярладаг. 
 Дархан-Уул аймгийн харьяат Г.Золбоотой энэ удаагийн тэмцээнээр хамгийн олон таарч барилдлаа. Багаасаа тэмцээнүүд дээр их таардаг байсан болохоор хэн хэнийхээ барилдааны онцлогийг мэдэж байсан болов уу. 
-Цаашдын зорилго юу вэ? 
 -Цаашид бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, бөхийн спортынхоо оргилд нь хүрэхийг хүсэж байна. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 208 (7705)