Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдад үзэл бодлоо тулгах, тэр нь хүний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар хүргэж байна. 
 Бид өөрийнхөө зорилго, мөрөөдөл, хүслээ сайн мэддэг ч заримдаа бусдын дуу хоолой дэндүү чанга сонсогдох үе бишгүй олон. “Тэгж болохгүй”, “Ингэх нь зөв”, “Чамайг хүмүүс юу гэх бол?” гэх үгс бидний зүрхэнд буй итгэлийг аажмаар мохоодог. Ингэж л хүн өөрийн хүсэл мөрөөдлөөс нэг алхам ухарч, бусдын сүүдэр дор амьдрах болдог. Өөрөөр хэлбэл, Бидний олонх “ингэх нь зөв”, “тэгэх нь буруу” гэх хатуу хүрээн дотор өсөж торниж, аж төрдөг. Тэгвэл бусдын амьдралыг шүүж, амныхаа зоргоор ярьсан үгс тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.  
 Кэйс 1. Бусдын хэл амнаас айж, нөхрөө хөнөөхийг завджээ 
 
Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй 10 жилийн туршид гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн 39 настай эрэгтэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн хэвтэхэд шингэнд нь тариураар уксус хийсэн хэрэгт холбогджээ. Хохирогч эхнэртэйгээ 17 жил амьдарсан, дөрвөн хүүхэдтэй. Нөхрийнх нь хувьд эхнэрээ өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайг нь мэдсэн ч хүүхдүүдээ бодон уучилж амьдарч байсан гэх. Гэтэл эхнэр нь гэр бүлээ цуцлуулчихвал хүмүүс муу хэлэх байх хэмээн айхдаа нөхрөө хорлох гэж оролдсон тухайгаа мэдүүлсэн байдаг.
 Кэйс 2. Бусдын хэл амнаас айж  нөхрөөсөө салж чаддаггүй 
 
С.Номин 30 настай. 20 насандаа гэр бүл зохиож байсан ч таарч тохирохгүй байсан учраас гэр бүлээ цуцлуулжээ. Харин одоогоос хоёр жилийн өмнө дахин хүнтэй суусан байна. Гэвч тохирохгүй хүнтэй сууснаа мэдсэн ч бусдын хэл амнаас айж салж чадахгүй байгаагаа учирлаж байлаа. Энэ тухайгаа “Бэр гуйлгаж, хурим хийж, сүр дуулиантайгаар гэр бүл болсон. Өнгөрсөн хардалт, хүүхэдтэй болох асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан гарсаар байгаа. Гэвч хоёр дахь удаагаа гэр бүл зохиосон учраас салж чаддаггүй юм байна. Учир нь хүмүүс явдалтай хүүхэн гэх болов уу гэж боддог” гэсэн юм.
 Кэйс 3. “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэдэг үгнээс залхаж хүнтэй суусан ч удалгүй салсан гэв
 
Л.Лхагвасүрэн одоо 31 настай. Тэрээр 29 нас хүртлээ ганц бие явжээ. Гэвч хүмүүс түүнийг “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэх зэргээр хэлэх болжээ. Тиймээс тэрээр хурдхан хүнтэй сууя гэж шийдэн, хүнтэй сууж, хүүхэдтэй болсон ч жилийн дараа салжээ. Энэ тухайгаа тэрээр “Таарсан хүн бүр “хүнтэй суугаач” гэдэг. Ингэхдээ хүмүүс чамайг тоохгүй байна уу. Хүн олдохгүй байна уу гэх зэргээр хэлэх нь элбэг. Эхэндээ тоодоггүй байсан ч сүүлдээ энэ байдлаас залхаж хурдхан хүнтэй сууя гэж шийдсэн. Ингээд 29 настай байхдаа ажлынхаа залуутай танилцаж, гэр бүл болсон. Жилийн дараа бид хүүхэдтэй болсон. Хүүхэд төрсний дараа удалгүй салсан. Хамаатнуудынхаа өмнө нөхөр хүүхэдтэй болсноо харуулах гэж хүнээ танилгүй нэг гэрт орсон юм шиг санагддаг” гэсэн юм.
С.Азжаргал: Аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг
Энэ мэт олон жишээг дурдаж болно. Монголчуудын бусдыг шүүмжилдэг хандлага гэр бүл салалтаас айж, хүчирхийллийг тэвчих зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Энэ тухай Сэтгэл зүйч С.Азжаргал “Манай улсад гэр бүл салалт маш их. Энэ асуудал бусад улс орнуудад ямар байдгийг Австрали, Солонгост ажиллаж, сурч байх хугацаандаа харьцуулж харсан. Европын улс бол чөлөөтэй, илүү нээлттэй. Гэр бүлтэй болохоосоо өмнө удаан хугацаанд үерхэж, нөгөө хүнээ таньдаг. Тухайн хүнтэй сэтгэлийн болоод биеийн таашаал таарч байна уу гэдгийг таньж мэдэхийн тулд удаан хугацаа зарцуулдаг. Мөн тодорхой төлөвлөгөө гаргасны дараа гэр бүл болдог. Солонгосчуудын хувьд гэр бүл тал руугаа чиглэсэн ард түмэн. Харин манайхны хувьд 25 нас хүрсэн бол хүнтэй суу, нас нь оройтчихлоо, хүүхэд нь оройтлоо, найзууд чинь хүнтэй суучихсан, амьдрал нь тогтчихсон байна гэж эцэг эх, хамаатан, найз нөхөд нь тулган шаарддаг хандлага давамгай байна. Үүнээс болж хүнээ таниагүй байхдаа гэр бүл болж, салах тохиолдол элбэг. Энэ мэт хүний амьдралыг шүүдэг байдлаас үүдэж сөрөг үр дагавар их гардаг. Тиймээс аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг. Мөн нөгөөтэйгөөр бусдын нөлөөнд хэт битгий авт. Өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болох хэрэгтэй” гэсэн юм.
Цахим орчин бол бусдын өмнө өөрийгөө шидэж өгч буй хэлбэр
Сүүлийн үед хүмүүсийн амьдрал нүдний өмнө ил буюу цахим орчинд хэт нээлттэй байх болсон. Энэ нь бусдын амны зугаа болох, бусдаар асуудлаа шүүлгэх боломжийг олгож байна. Хэн нэгний сонголтыг шүүмжлэх, хувцаслалт, хайр дурлал, ажил амьдралыг нь дүгнэдэг амьдрал зааварлагчид олон. Энэ бүхэн бидэнд ямар ч хэрэггүй ачаа дагуулдаг. Бусдын амьдрал бол өөрийнх нь сонголт. Тэр хүний зовлон, баяр баясал, шийдвэр бүгд түүний шийдвэрийн үр дүн. Харин бид тэр хүнийг зөвхөн гаднаас харж байгаа ажиглагч. 
 Хүмүүсийг буруутгахын оронд зүгээр л ойлгоё. Шүүмжлэхийн оронд чимээгүй дэмжье. Бусдын амьдралд хошуу нэмэхийн оронд өөрийн амьдралаа илүү сайхан болгоё. Учир нь амар амгалан гэдэг бусдын амьдралд оролцох бус, өөрийн дотоод ертөнцөд анхаарал тавихад оршдог юм. Өөрөөр хэлбэл, хүний хийж буй сонголт биднийхтэй таарч тохирох албагүй, харин түүний амьдралыг зөвхөн тэр л мэднэ. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд анхааръя. Өөрийн амьдралаа бүтээхэд анхааръя. Бусдын амьдралд оролцох хэрэггүй. Эцэст нь, хүн бүрийн амьдрал өөрийн түүхтэй, бидэнд хүндлэх үүрэг л ногдоно. 
Бусдын үзэл бодлоос ангид байх сэтгэлийн дархлаатай больё
Хэн нэгний шүүмжлэл биднийг гомдоож, магтаал нь баярлуулдаг. Бусдын дүгнэлт бидний үнэ цэнийг тодорхойлох хэмжүүр мэт болжээ. Гэвч, үнэхээр бидний үнэ цэн бусдын үгээр хэмжигдэх ёстой юу. Бусдын үзэл бодлоос ангид байна гэдэг нь бусдыг үгүйсгэх биш, харин өөрийгөө олж таних зориг юм. Өөрийн бодлыг бат бөх байлгана гэдэг салхинд найгахгүй, үндэстэй мод шиг амьдрахтай адил. Тэр модны үндэс нь итгэл, навч нь үйлдэл, жимс нь ухаарал билээ. Сократын хэлсэн нэг үг бий “Өөрийгөө танин мэдэхгүй хүн бол бусдын бодлын боол юм” гэсэн. 
 Тиймээс өөрийгөө мэдэхгүй бол бид хэн нэгний бодлыг дагаж амьдарна. Тэр бодол бидний амьдралын дүрмийг бичиж, бидний зүрхний өнгийг хүртэл тодорхойлж эхэлдэг. Харин өөрийн дуу хоолойг сонсож чаддаг хүн л жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Өнөө цагт хамгийн ховор эрдэнэ бол алт, мөнгө биш. Харин өөрийн үзэл бодолдоо үнэнч, сэтгэлийн дархлаатай байх нь ухаан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 208 (7705)