Б.БАЯРЖАВХЛАН
Цөлжилт, Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх үг чихэнд хоногшсон танил хэр нь танаас, надаас хол юм шиг санагддаг. Магадгүй шийдвэр гаргах түвшний хүмүүс л энэ асуудлыг шийдэх байх хэмээн найддаг. Тэгвэл эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсад дэлхийн аль ч хэсгээс илүүтэй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нөлөөлж байгааг эрдэмтэд олж тогтоосон. Тодруулбал, Дэлхийн дундаж хэм нэг градусаар нэмэгдэж байхад манай улсад хоёр градусаар нэмэгдэж байгаа талаар эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Үр дүнд нь нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, 50-иас илүү хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог болж, шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад дөрөв дахин өсчээ. Цөлжилтийг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авахгүй бол манай улсын бүх нутаг 50 жилийн дотор цөлжинө гэсэн таамаглал бий.
Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад Монгол Улс ч дэлхийн дулаарал, цөлжилттэйгөө тэмцэж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Тэрбум мод үндэсний хөтөлбөр, 333 нуур, Шинэ хоршоо хөдөлгөөн, Цагаан алт үндэсний хөтөлбөр зэргийг нэрлэж болно. Гэвч хангалттай хэмжээнд байж чадахгүй хэвээр байна. Үүнийг хөрөнгө мөнгөний дутагдалтай байдалтай холбож ярьдаг байсан бол одоо сэтгэл, хүсэл эрмэлзэл, технологийн хоцрогдолтой холбож ойлгох хэмжээнд хүрчээ. Гэхдээ оройтоогүй, бид өөрсдөө чадахгүй ч бусдын тусламжтайгаар энэ асуудлаа шийдэх боломж байна. Энэ бол ирэх наймдугаар сард болох COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай талуудын НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан юм. Бид энэ арга хэмжээг зохион байгуулснаар дэлхийн 197 орны цөлжилттэй тэмцэж, үр дүнг нь хүрсэн хүмүүс ирж, манай асуудлыг хамтдаа шийдэх юм. Тэгвэл энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн мягмар болон лхагва гарагт үндэсний хэмжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчдийн нэгдэл болох “Ногоон пресс” сэтгүүлчдийн клубийн гишүүд ээлжит сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх нээж, COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Түүнийг тоймлон хүргэж байна.
Монгол Улс гурван санаачилгыг дэвшүүлжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана. Тэгвэл манай улс бусад улс орнуудаас юугаараа ялгаатай вэ. Түүнтэйгээ холбоотой ямар санаачилгуудыг дэвшүүлсэн бэ гэдэг нь хамгийн чухал. Учир нь бид үүнийгээ оновчтой байлгаж чадвал санхүүжилт татаж асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Энэ талаар Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх “Монгол Улс өөрийн онцлог болон байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг ахиулахад чиглүүлсэн гурван багц бүхий STEPPE ACTION AGENDA боловсруулаад байна. Нэгдүгээрт, Бэлчээрийн Тэргүүлэх Санаачилга. Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц хамтран удирдаж буй, нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээр ашиглалт болон гандуу бүс нутгийн хөрсний сэргээлтэд чиглэсэн 10 жилийн дэлхийн хөтөлбөр.
Энэхүү санаачилга нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, олон улсын хэмжээнд хэрэгждэг. Хоёрдугаарт, Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих санаачилга. Гандуу бүс нутгийн ус, газрын нөөцийг нэгдсэн байдлаар удирдах бүс нутгийн болон олон улсын түншлэлийг хөгжүүлж, гангийн эсрэг тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хөрсний чийгийн нөөцийг хадгалах нь хуурай бүс нутгийн хүнсний үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой. Энэ нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бүс нутгийн уялдаа холбоог бий болгоно. Гуравдугаарт, Байгальд түшиглэсэн шийдвэр бүхий дэд бүтэц санаачилга. Газарт төвлөрсөн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг нэгдсэн хэрэгжүүлэх энэхүү дэлхийн санаачилга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг өрнүүлж, Байгаль орчинд ээлтэй тогтвортой дэд бүтцийн талаар НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн (UNEA) тогтоолуудын хэрэгжилтийг ахиулахад чиглэнэ. Үүнээс Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих санаачилгыг олон улсын хэмжээнд бид анх удаа санаачилсан. Үүнийг олон улсынхан нэлээн сайшаалтай хүлээн авч байгаа. Энэ санаачилгын хүрээнд говийг усжуулах төслөө багтаасан байгаа” гэсэн юм.
Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд ус хамгийн чухал. Тэгвэл манай улсын гол мөрнүүдийн хувьд бүгд гадагшаа урсдаг. Тиймээс урсцыг нь өөрчилснөөр говийг усжуулах боломжтой гэж үзсэн. Гэвч геополитик талаасаа энэ асуудал тун хүндрэлтэй. Гэхдээ энэ удаагийн COP17 буюу талуудын хэлэлцээрийн үед энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой юм. Мөн бид бэлчээрийн ирэх 10 жилд бэлчээр, газрын асуудлаар олон улсын гол тоглогч байх боломж бий ажээ.
Мөн энэ өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байгаа юм. Сэтгүүлчдийн сургалтад Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гадаад харилцааны ажилтан Маркос Монтойро хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн юм. Тэрээр “COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд 2026 оны гурав болон долоодугаар сард мэргэжлийн багууд ирж хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил COP төсөл дээр ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд маш их боломж харагдаж байна. Мөн арга хэмжээний хүрээнд элч томилно. Үүнд саналаа өгөөрэй” гэсэн юм.
Харин сэтгүүлчдийн хувьд энэхүү арга хэмжээнээс итгэл төрж, цаашлаад бидэнд ямар боломж байгаа талаар мэдэж авлаа гэсэн юм. Энэ талаар Ногоон пресс сэтгүүлчдийн нэгдлийн үүсгэн байгуулагч С.Уянга “Энэ удаагийн уулзалтаар итгэл үнэмшил төрлөө. Бид их утга учиртай ажил хийж байгаа юм байна гэж бодлоо. Учир нь 5-10 жилийн эргээд харахад үр дүн нь бодитоор нүдэнд харагдахаар ийм зүйлийн төлөө тэмүүлэн ажиллаж байгаа юм байна. Мөн энэ арга хэмжээ амжилттай зохион байгуулагдах нь нийт монголчуудын эрх ашигтай холбоотой. Тиймээс илүү мэргэшиж, суралцсандаа таатай байна” гэсэн юм.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлыг (СОР17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар өнгөрсөн баасан гарагт Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Төлөвлөлт хариуцсан багийн ахлагч Ражеб Булхаруф СОР17 хурлын бэлтгэл хангах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд бүх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Мөн Конвенцын газраас COP17 хурлын зохион байгуулалт, харилцаа холбоо, бодлого төлөвлөлт, үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд удирдлага болоод мэргэжилтнүүдийн түвшинд харилцан уялдаатай ажиллаж хамтын ажиллагааг тогтмолжуулахаа онцолсон юм. БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бүх байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн, тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад анхаарч буйг онцолж, Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт, үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэхүү чуулганы амжилтын үндэс болохыг дурдаад COP17 хуралд оролцогчдыг идэвхжүүлэх, зохион байгуулагч орны дэвшүүлэх санал санаачилга, хурлын үр дүнгээр тодорхойлогдох үр дүн зэрэгт онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 207 (7704)