Ө.Амгаланзаяа
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн санхүү,эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлжээ.
Иргэдийн ойлголт, мэдлэг дутмаг байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал:
- Технологи, цахим сүлжээг ашиглан интернетээс бодит бус зургийг ашиглан, гэрийн тэжээвэр муур, нохой илгээх гэж байна гэж хуурамчаар мэдээлэн, хүргэлтийн мөнгө шилжүүлэхийг шаарддаг. Энэхүү залилан нь амьд амьтан гэсэн сэтгэл хөдлөлд тулгуурлан хийгддэг.
- Арван жилийн хүүхдүүдэд чиглэсэн хурууны хээгээр тэдний ажил мэргэжил, насан туршийн хичээллэх,амжилт олох спорт, амьдралын чиг зэргийг тодорхойлно гэх “генетик судалгаа” нэртэй луйвар.
- Шинэ гарааны компанид нэмэлт хураамжгүй хөрөнгө оруулна гэж хэлэн 90000 төгрөгөө 24 цагийн дотор 900000 болгоно гэж баталгаа өгөх санхүүгийн луйвар.
- Тикток аккаунт дагаад 80000 төгрөг өгөөд 96000 болгоно, дараа нь 300000 өгөөд 390000 болгоно гэх мэт дуусашгүй ашиг амлалт бүхий залилан.
- Энэ залилан нь хохирогчдын сандарсан, айсан сэтгэл зүйг ашиглан “Телеграмаар залилуулсан мөнгийг буцаан олгож өгнө” гэх зар гаргаж дансны дугаар, хувийн мэдээлэл аваад тэдгээрээр дахин залилдаг.
- Хүмүүсийг сонирхол татсан, судалгаанд орж байгаа мэтээр “Судалгаа бөглөөд сая төгрөгтэй бол” гэх линк илгээж хүний хувийн мэдээллийг цуглуулан хуурдаг. Гэх зэрэг олон төрлийн цахим залиланд өртсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт буурахгүй байна. Иймээс иргэд та бүхэн “Дансаа бүү ашиглуул” аянд нэгдэж, цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлан шалгаж, өөрийн банкуудын дансаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарна уу.
Эх сурвалж:www.polit.mn