Гэрэл зургийг Р.Оюун

"Дэшиг Дун" өрхийн эрүүл мэндийн төв 2023 оноос ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийнхээ анхдагч гэдгээрээ онцлог юм. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Баянгол дүүргийн V хорооны 8600 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. "Дэшиг Дун" өрхийн эмнэлэг нь 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй юм. Энд дөрвөн эмч, дөрвөн сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нэг, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эхо дүрс оношилгооны эмч, нэг үйлчлэгч, нэг нягтлан гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна. 2017 оноос гавьяат эмч Д.Дариймаатай хамтран ажилладаг аж. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Угтах үйлчилгээний ажилтан төрсөн болон жирэмсэн ээжүүдтэй утсаар ярьж хэдэнд төрсөн талаар бүртгэж авна.

"Дэшиг Дун" эрүүл мэндийн төвийн дарга Т.Жаргал 2009-2019 онд энэ төвдөө өрхийн эмчээр ажиллаж байгаад 2020 оноос тус төвийн даргаар ажиллаж байна. Тэрээр "Бид иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэж, урьдчилан сэргийлэхийг зорьж ажилладаг" гэсэн юм.

 

Их эмч Х.Баярмаагийн хувьд гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Хорооныхоо зургаан байрын 2000 гаруй иргэнийг сувилагчтайгаа хариуцан ажилладаг. Ачаалалтай үед нэг эмч өдөрт 200 гаруй хүн үздэг. Томуугийн дэгдэлтийн үед эмч нар өөр хороон дээр очиж жижүүрлэдэг гэж байлаа.

 

Нэг өрхийн таван жилийн эрүүл мэндийн байдлыг ингэж бүртгэдэг ажээ. 

Угтах үйлчилгээний ажилтан.

"Дэшиг Дун" эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх үзлэг, идэвхтэй хяналт, гэрийн дуудлага, өдрийн эмчилгээ гэсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажээ. Сувилагч өвчтөнд физик эмчилгээ хийж байгаа нь.

Сувилагч Ж.Насанжаргал тус өрхийн эмнэлэгт зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Байр хариуцахаас гадна хөтөч сувилагчаар ажилладаг ажээ. Өрхийн эмнэлгийг зорьж ирсэн үйлчлүүлэгчид хэн гэдэг эмчид үзүүлэхээс эхлээд зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж авахаар ирсэн хүмүүст өдрийн эмчилгээг нь хийж өгнө.

Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө.

Мөнхцэцэг Баянгол дүүргийн V хороонд амьдардаг бөгөөд "Дэшиг Дун" эрүүл мэндийн төвөөр 20 гаруй жил үйлчлүүлж байгаа ажээ. Тэрээр эмнэлгийн хамт олон минь ахмадууддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг тогтмол өгдөг. Ахмадууд бид гэрийн болон өдрийн эмчилгээгээ гэртэйгээ ойрхон өрхийн эмнэлгээрээ хийлгэдэг болохоор хол явахгүй амар байна гэж байсан юм. 

Эх сурвалж www.zms.mn