П.АМГАЛАН
“Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо. “Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатайгаар бүтээлээ туурвидаг тус театрынхан өнгөрсөн хугацаанд толилуулсан уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгчдэд дахин хүргэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард “Амьдрахуй”, дөрөвдүгээр сард “1984” жүжгээрээ үзэгчтэйгээ уулзсан бол энэ удаа Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгээрээ арваннэгдүгээр сарын 20-23-нд Тусгаар тогтголын ордонд тоглох юм байна. Тус театрын хамт олон өнгөрсөн хугацаанд Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулсан билээ. “Гэм зэм” постдрамын жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

Эх сурвалж:www.zms.mn
Эх сурвалж:www..zms.mn