П.АМГАЛАН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ. Жүжигчин С.Ариунбямба гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрбээр “Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор нийт ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий аав, эрдмийн замд хөтөлж, энэ мэргэжлийг эзэмшүүлж, үлдээсэн эрхэм багш нартаа баярлалаа. Бүхий л цаг хугацаанд ард минь түшиж, тусалж, дэмжиж, хайрлаж халамжилж байсан хайрт ханьдаа мөн баярласан сэтгэлээ илэрхийлье. Мэргэжил нэгт уран бүтээлч ах эгч, найз нөхөд, дүү нартаа, бидний уран бүтээлийг дэмжиж, халуун алга ташилтаар урам хайрладаг үзэгчдэдээ мөн маш их баярлалаа. Аав минь 1984 онд гавьяат авч байсан. Насаараа Дундговь аймагт жүжигчин, найруулагч, даргын алба хашиж байсан хүн. Шагнал авна гэдгээ зураг авалт дундуураа мэдсэн. Эхэндээ үнэн юм уу, худлаа юм уу гээд итгэж өгөөгүй ч дараа нь яалтачгүй итгэсэн дээ. Кино салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Олон сайхан дүр бүтээсэн цаашдаа ч үзэгч олонтойгоо хамт байх болно” гэлээ.

Эх сурвалж:www.zms.mn