Ө.АМГАЛАНЗАЯА
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “Хүмүүн” олон улсын дунд сургуулийн хүүхдийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргалыг урьж багш нарын ажил хаялтын үед хүүхдийн сэтгэл зүйд гарах өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Хичээл эхлээд удаагүй байгаа энэ цаг үед багш нар ажил хаялт зарласан. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?
-Урт хугацааны амралтын дараа хичээлдээ орж буй багш, сурагчид сэтгэл зүйн хувьд эерэг байдаг. Энэ үед стрессийг даван туулах чадвар харьцангуй өндөр, идэвх санаачилга нэмэгдсэн байдал ажиглагддаг. Учир нь шинээр ажлын байранд орж буй багш нар, шинэ сургуульд элсэн орсон хүүхдүүд болон анги дэвшин орж буй сурагчдад бүх зүйл шинэ, сонирхолтой байдаг.
Энэ үед багш нар ажил хаяж буй нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос шалтгаалан янз бүрээр нөлөөлдөг. Ялангуяа нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдын сэтгэл зүйд нь шууд хүрдэг. Арванхоёрдугаар ангийн сурагчид элсэлтийн шалгалтад бэлдэж буй энэ үед хичээл, сургалтын үйл ажиллагаа зогсох нь түгшүүр, айдас, дарамтыг нэмэгдүүлэх хандлагатай. Ингэснээр нойргүйдэл, анхаарал төвлөрөл сулрах зэрэг стрессийн шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
Харин есдүгээр ангийн сурагчдын хувьд улсын шалгалт дөхсөн энэ үед уур бухимдал огцом нэмэгдэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сулрах нь түгээмэл. Шилжилтийн насанд явж буй учраас гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, гадаад төрхөндөө хэт эмзэглэх зэрэг сэтгэл зүйн дарамтын илрэл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Үүнтэй зэрэгцэн ковид цар тахлын үед тулгарч байсан сэтгэл зүйн сорилтууд шиг байдал давтагдах эрсдэл бий.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 204 (7701)