П.АМГАЛАНБАЯР
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Suvd art & craft studio” зургийн дугуйлангийн багш Г.Сувд болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.
-Та урлаг хүүхдэд ямар хүмүүжил өгдөг гэж боддог вэ?
-Урлагийн боловсрол, ялангуяа уран зураг нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүй, оюун ухаанд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь зөвхөн зураг зурах ур чадвар биш харин дотоод ертөнц, сэтгэлгээ,хүн чанар, гоо зүйн мэдрэмжийн боловсрол юм. Зургаар хичээллэснээр хүүхэд тэвчээртэй, анхааралтай сууж сурна. Бүтээлч сэтгэлгээ хөгжин биеэ даана. Өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байдлыг олж авна. Стресс тайлж, өөрийгөө болон бусдыг ойлгож эхэлнэ. Гүйцэтгэл буюу эхэлснээ дуусгаж сурна. Мөн хүүхэд өнгө, хэлбэр, гэрэл сүүдэр, тэнцвэрийг мэдрэхийн зэрэгцээ гоо сайхныг хүндэтгэх, сайхныг харж сурах мэдрэмжтэй болдог. Энэ нь хүнлэг, зөөлөн, эелдэг зантай болгох үндэс болдог. Аливааг туршиж, алдаа гаргасан ч дахин оролдох урам авдаг зэрэг олон талын хүмүүжил, боловсролд суралцах боломжтой.
-Танай сургалтын онцлог нь юу вэ?
-Манай сургалт нь хүүхэд бүрийн онцлог, сэтгэлгээ, чадварт тулгуурлан түүнд тохирсон арга барилаар хөгжүүлдэг. Хүүхэд байхдаа хүн өөрийнхөөрөө, зоригтой, юунд ч баригдаагүй ертөнцтэй байдаг учраас тэднээс илүү сонирхолтой зүйлс гардаг гэж боддог. Тиймээс энэ тал руу нь илүү төвлөрч хүүхдүүдээ аль болох чөлөөтэй, зоригтой ажиллуулахыг хичээдэг.
-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Өнөөдрийн жижиг зураас чинь маргаашийн том мөрөөдлийн эхлэл болох ч юм бил үү. Алдаанаасаа айх хэрэггүй, тэр чинь шинэ санаа ч байж магадгүй шүү дээ. Зоригтой, өөрийнхөөрөө зураад л байгаарай хүүхдүүд ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)