ЮНЕСКО-гийн “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” тохиолоо

 

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Кино зургийн архив байгуулагдсаны 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүнчлэн өчигдөр буюу аравдугаар сарын 27-нд ЮНЕСКО-гийн "Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” тохиож, Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын алба, Монголын Үндэсний комисс, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Монголын Театрын музейтэй хамтран тэмдэглэсэн юм.

Энэ үеэр Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй урьд өмнө төдийлөн судалгаанд гарч байгаагүй уран сайхны киноны хайчилбар хальснаас сонгосон зургаар "Хальсанд мөнхөрсөн Монгол кино" гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, “Үндэсний төв архив дахь уран сайхны киноны баримтын бүртгэл, лавлах" номын нээлт боллоо. Ёслолд Архивын ерөнхий газрын төлөөллөөс гадна Хөдөлмөрийн баатар Г.Жигжидсүрэн, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва нар тэргүүтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.

Энэ тухай Гавьяат жүжигчин З.Жарантав “Кино урлагийг үеийн үед үлдээж, зүрх сэтгэлтэй нь хадгалдаг зүйл бол архив юм. Энэ алба үүсэж хөгжөөд 65 жил болж байгаа юм байна. Миний нэртэй адилхан. Эрт үед жилд хоёр кино хийх нормтой байлаа. Дараа нь дөрөв болж байсан бол өдгөө олон студи, байгууллагууд бий болж кино уран бүтээлийг ихээр хийж байна. Тиймээс архивыг илүү өргөн хүрээнд хийх шаардлага бий болж байна” гэв.

 

580 мянга орчим хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна

Монгол Улсад Үндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа Ерөнхий сайд Д.Бодоогийн санаачилгаар Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, хуучин данс бичиг хадгалагдаж байсан Манж Чин улсын болон Богд хаант улсын үеийн дансыг эмхлэн цуглуулах, түүх судлалын эх баримт болгон бүрдүүлэх ажил нь орчин цагийн архивын үүслийг тавьжээ.

Монгол Улсад анхны дуу авианы сан хөмрөг бүрдүүлэх эхлэлийг Судар бичгийн хүрээлэнгийн Эрхлэх үйлдвэрийн товчооны 1924 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хурлаас "Уран сайхнаар бүтээсэн юмс цуглуулах ба шинжлэх хийгээд Монголын хөг дууны аялгуу бичиж авна" гэсэн зорилт тавьж хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү 1930-аад оноос эхлэн уран сайхны кино бүтээх зорилгоор төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлж, 1935 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор "Кино зургийн хороо"-г байгуулж,  Зөвлөлтийн кино найруулагч И.З. Трауберг, зохиолч В.Лапин, Д.Славин, З.Л.Хацревич, зураглаач М.Каплин нарын бүтээсэн "Монгол хүү" уран сайхны киногоор түүхийн үүдээ нээсэн юм.

Ийнхүү кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд манай улсын түүх, соёл урлаг болон бүхий л салбарын ховор нандин баримт болох 35 мм-ийн хальсан дээрх уран сайхны кино, баримтат кино, кино мэдээ зэрэг кино баримтууд, 1900-аад оноос өнөөг хүртэлх гэрэл зургийн цомог, фото хальс, шилэн хавтан, цахим хэлбэрээр хадгалагдаж байна. Мөн дуу авианы баримт болох 6.25 мм-ийн радиогийн соронзон хальс, DVD, CD, Mini DV8, VHS, пянз зэрэг төрөл бүрийн тээгч дээр нийт 580 мянга орчим хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна. Энэ тухай Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч, доктор Г.Хишигжаргал “Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөнөөс хойш 2000 оныг хүртэл улсын төсвөөр 200 гаруй уран сайхны, 1000 гаруй баримтат кино хийж бүтээж, архивд хадгалагдсан байна. Харин 1990 оноос хойш чөлөөт уран бүтээлчид бие дааж бүтээл туурвих болсон. Энэ үеэс хойш 600 орчим уран сайхны кино хийсэн гэх судалгаа бий. Харин манай архивд 1990 оноос хойш хийгдсэн 70 гаруй уран бүтээлчийн уран сайхны кино бүтээл хадгалагдаж байна. Мөн нэлээдгүй баримтат бүтээл бий. Хэрэв хувь уран бүтээлчид өөрсдөө хүсвэл бид уран бүтээлийг нь архивлан хадгалахдаа баяртай байна” гэсэн юм.

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны тогтоолоор бие даасан төрөлжсөн архив болох эхлэл тавигдав

Кино зургийн хорооноос бие даасан төрөлжсөн архив болох эхлэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 213 дугаар тогтоолоор Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Хорооны харьяа байсан Архивын хэрэг эрхлэх газрыг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд харьяалуулжээ. Тиймээс Архивын ерөнхий газар хэмээн нэрлэж, улсын болон тусгай, төрөлжсөн архивуудыг байгуулах шийдвэр гарсан тул Кино, гэрэл зургийн архивыг Урлагийн хэрэг эрхлэх хорооны харьяанд байгуулж даргаар нь Ч.Дашдондогийг томилон есдүгээр сарын 5-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 184 дүгээр тогтоолоор Кино зургийн архив нь Урлагийн хэрэг эрхлэх хорооноос Улсын архивын хэрэг эрхлэх газрын харьяанд шилжин, Кино, гэрэл зураг, дуу авианы улсын архив нэртэй болсон ажээ. Тус архив нь өнөөг хүртэл Үндэсний төв архивын бүрэлдэхүүнд Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

1990-ээд оноос Монгол оронд өрнөсөн нийгмийн өөрчлөлтийн үед Архивын ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд хамааруулж, шинэ бүтэц, орон тоог шинэчлэн зорилго чиглэл, дүрмийг баталсан юм. 1996 оны Монгол Улсын Хууль зүйн сайдын 243 дугаар тушаалаар Дуу, дүрсний баримтын төв, 2003 оны 21 дүгээр тушаалаар Кино, дуу, дүрсний баримтын тасаг, 2005 оны гуравдугаар тушаалаар Кино, дуу, дүрсний тасаг, 2007 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Д.Одбаярын 18 дугаар тушаалаар Архивын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа Үндэсний Төв архивын бүтцэд Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв нэртэйгээр, 2014 оны аравдугаар сарын 06-нд А/168 дугаар тушаалаар Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив болгон тус тус өөрчилсөн түүхтэй ажээ.

Энэхүү олон жилийн түүхт кино зургийн архив нь "Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээний үеэр дээр дурдсан үйл явдлаас гадна 1972 онд “Хүргэн хүү” уран сайхны киноны Ташкентын кино наадмаас хүртэж байсан шагналын шаазан ваар, мөн тус наадмаас 1976 онд “Хүний төлөө” киноны хүртсэн шагнал зэргийг үзвэр болгон дэлгэсэн нь олны мэлмийг баясгаж байсан юм. Түүнчлэн гэрэл зургийн хальснаас гаргасан онц сонирхолтой гэрэл зургуудаас гадна зураач Н.Орхоны 1996 онд зурсан найруулагч, жүжигчин Г.Дорждагвын хөрөг гэхчлэн бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)