П.АМГАЛАН

“Монгол хаан” жүжиг энэ аравдугаар сарын 10-20-ны өдрийг хүртэл Япон улсын Токио хот дахь 18 удаагийн тоглолтоо амжилттай өндөрлөөд аравдугаар сарын 24-нөөс Нагоя хотноо тоглогдож эхэлжээ.“Монгол хаан” жүжгийн Токио дахь тоглолтууд, уран бүтээлчдийн соёлын үйл ажиллагаа нь Японд Монгол Улсыг амжилттай сурталчилж байна. Тус жүжгийн продюсер Грег Сузуки “Би энтертаймент салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг тоглолт дээр ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь зарагдаж дууссан тохиолдол өмнө нь огт байсангүй.” гэж онцолжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолт харуулж байна. Жүжгийн гол дүр Арчуг хааны дүрд Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, их хатны дүрд Б.Одончимэг, бага хатны дүрд О.Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн, Хүчир ханхүүгийн дүрд О.Майдарравжаа нар тоглож байна. УДЭТ-ын жүжигчин О.Майддарравжаагийн тухайд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хүү, удам залгамжилж яваа авьяаслаг жүжигчин ажээ.

Эх сурвалж:www.zms.mn