Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Алтанхан тариа халиуран найгасан намрын өдөр тариан талбайд аав нь охинтойгоо ирээдүйн ажил мэргэжлийнх нь тухай ярилцан алхана. “Харж байна уу охин минь энэ үр тариаг. Багшийн ажил гэдэг яг л энэ тариан талбайтай адилхан шүү дээ. Анхнаасаа тариан талбайд сайн үр суулгаад түүнийгээ арчилж тордвол өөр талбайд ч гэсэн өгөөжөө сайн өгнө. Үр тариагаа хүүхдээс ялгаагүй бөөцийлж, хамгаалж тарьж ургуулдаг юм. Миний охин шавь нараа ингэж л сургах ёстой. Багш мэргэжил сайхан шүү дээ” хэмээн учирлана. Хүн аав ээжтэйгээ хамт байхдаа аливааг анзаардаггүй юм байна. Тэднийгээ хорвоогоос яваад өгсөн хойно хэлж, ярьж байсан нь  бодогддог юм билээ. Аав маань гавьяаныхаа амралтад гараад удаагүй байхдаа бие нь чилээрхээд хөдөө очсон байсан юм. Би тухайн үед сургуулиа дөнгөж төгсөөд багшийн мэргэжлээрээ ажиллахгүй гээд эрхэлж, туньж байсан үе. Тэр үед аав маань намайг дагуулаад тариан талбайгаа тойрч байхдаа ийн учирлаж ярьж байсан юм хэмээн ярих эмэгтэй бол манай энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийн зочин Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн Техник технологийн тэнхимийн эрхлэгч, хувцас дизайны багш, зураач, дизайнер Баяраагийн Бор юм. Тэрээр  аавынхаа захиасыг биелүүлж олон хүүхдийн ирээдүйн ажил амьдралын зам мөрийг  нь гэрэлтүүлсэн багш болжээ.

 

Тариа, аав, охин гурав

Б.Бор нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат. Эцэг эхээс наймуулаа. Аав нь үр тариа тарьж ургуулах буянтай мэргэжлийн эзэн, газар тариалангийн салбарт амьдралаа зориулсан Хөдөлмөрийн баатар трактор, комбайнч Ч.Баяраа хэмээх эрхэм. Харин ээж нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул. Эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн сувилагч мэргэжлийн эзэн байжээ. 
Нийтлэлийн маань зочин хүүхэд байхаасаа газар тариалантай ойр өсжээ. Ухаан орсон цагаасаа тракторын чимээ, тариа талбайн сайхан орчныг харж , мэдэрч өссөн нь түүний амьдралаас ялгаж салгахын аргагүй хүүхэд насны гэгээн дурсамжийн нэг. Түүний хүүхэд насны дурсамжаар бидний яриа үргэлжилсэн юм.
Б.Бор охин хоёрдугаар ангийн сурагч болох жил аав нь томилолт авч тэднийх Баруунхараа руу гурван жилийн хугацаатай нүүж, тэндээ суурьшив. 1984 онд тэднийд нэгэн баяртай үйл явдал тохиосон нь аавынх нь Хөдөлмөрийн баатар  болсон үе байв. Тухайн үед Хөдөлмөрийн баатар  шагналыг гардуулахдаа их өндөр шалгууртай байжээ. Улсын комисс гэрт нь ирж хүүхдүүд нь ямар хүмүүжилтэй вэ,  сурлага нь ямар вэ гээд л шалгаж гэнэ шүү. Ингээд л аав нь 42 насандаа ажил хөдөлмөрөө үнэлүүлж Хөдөлмөрийн баатар болжээ.
Тэрээр аавынхаа тухай “Аав маань өглөө эрт сэрнэ. Өглөөний тэнгэрийг ажиглаад тэр өдрийн цаг агаар ямар байхыг хэлдэг байлаа. Салхинд тариа найгаж байгааг хүртэл ажиглаад удахгүй цас, бороо олон хоногоор орох нь гэдгийг хүртэл мэддэг байсан. Тариан талбайд очоод чимээ чагнаад зогсоно. “Та юу чагнаад байгаа юм бэ” гэхээр “Сонсохгүй байна уу. Тариа болоод ирэхээрээ чад, пад гээд юм хагарч байгаа юм шиг чимээ гардаг юм. Энэ чимээ нь тариа хураах боллоо гэсэн дохио байхгүй юу” гэнэ. Тариа хүртэл аавтай минь яриад байгаа юм шиг  санагддаг байсан даа” хэмээн аавынхаа тухай дурсамж яриа өрнүүлсэн юм.
Харин ээж нь сувилагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч худаг ажиллуулдаг болжээ. Худаг нь 16:00 цагт онгойно. Ээж нь “Бор яваад худгаа онгойлгоорой, ээж нь ажилтай байна” гэнэ. Тухайн үед айлууд талонтай. Ус авахаар тэрийг нь авдаг байж. Бор охин тухайн үедээ ус түгээхээсээ их л ичдэг байсан гэнэ. Хааяадаа “Худаг руу явмааргүй байна” гэж хэлнэ. Харин түүний ангийн найз нь “Юунд ичдэг юм бэ. Түлхүүрээ аваад ир. Би  цуг очъё” гэдэг байж. Гэсэн ч ус түгээх буянтай ажил нь түүний хүүхэд насны дурсамжид тод үлдсэн сайхан цаг хугацаа гэсэн юм. 

 

Их эрдэм өвөртлөхөөр алсыг зорьсон 15 настай охин 

 

Ингээд Б.Бор охин Баруун хараагийнхаа дунд сургуулийг төгсөж Киргизийн Бишкек хотод суралцахаар алсыг зорив. 15 настай охин аав ээжээрээ үдүүлээд их эрдэм өвөртлөхөөр зорьсон нь энэ. Аймаг бүрээс цугласан 50 гаруй охин вагоноор долоон хоног явж Бишкект хүрчээ. Тэнд очоод эрэгтэй гадуур хувцасны технологичоор гурван жил суралцсан байна. Кино, дуурь үзэх гээд л бүх зүйл хуваарьтай. Эхлээд хэлний сургалт орж дараа нь мэргэжлийн хичээл үзэж эхэлжээ. Долоо хоногийн эхний өдрүүдэд онолын хичээл орно. Харин сүүлийн хэдэн өдөр нь үйлдвэрт дадлага хийдэг байж. 
Эрэгтэй өмд оёлоо гэхэд чанар шалгагч үзээд болсон бол шууд худалдаанд гарна. Харин болоогүй бол ханзлаад л дахин оёулдаг байж. Ингэж л тэрээр гурван жилийн хугацаанд биеэ дааж, бусадтай найзалж, нөхөрлөх гээд олон зүйлийг сурчээ. Түүнчлэн орос багш нар нь  юмыг дэс дараалалтай зөв хийх арга барилыг суулгасан гэнэ. Тэрээр “Бишкек рүү биднийг хариуцаж явсан н.Жавзмаа багшийгаа дурсахгүй байхын аргагүй.  Багш маань зарчимч, сайхан эмэгтэй. Бидэнд эмэгтэй хүн яаж биеэ авч явах ёстойг хүртэл зааж сургадаг байсан. Гурван жилийн хугацаанд биднийг хариуцаж, түшиг болсон хүн” гэсэн. 
Арван хэдэн настай алсыг зорьсон Б.Бор охин эхний нэг жил гэрээ санаж уйлдаг байж. Хоёр дахь жилээсээ орчиндоо дасаж эхэлжээ. Амралтаар гэр лүүгээ яваад  Монголынхоо хилээр гарахад аав ээж нь аль хэдийнээ ирчихсэн охиныгоо хүлээгээд зогсож байдаг гэнэ. 

Гурван жил өнгөрч Б.Бор охин эрэгтэй гадуур хувцасны технологич мэргэжлийг эзэмшсэн эх орондоо ирэв. Тухайн үед гадаадад мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийг Монголд ирэхээр нь  үйлдвэрт хуваарилах журамтай байж. Түүнийг Ахуй үйлчилгээнд ажилд орох санал тавьжээ. Тэр үед аав нь “Миний охин ахиад сурах юм уу” гэж хэлж байжээ.

Нэг өдөр аав нь сонины зар авчраад “СУИС-д хувцасны зураачаар суралцах боломжтой гэж байна. Миний охины сурсан мэргэжилтэй дөхөх юм байна” гэв. Тухайн үед хэрэгцээтэй мэргэжлээр таван жил болж байж  элсэлт авдаг байж. Тэр жил элсэлт нь ч таарч СУИС-д суралцахаар  болсон байна. Энэ цаг хугацаа бол 20 нас хүрэх гэж буй Б.Бор охинд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж буй бас нэгэн тод агшин нь байв.
Улаанбаатар луу явахаар галт тэргэнд  суух гэж буй тэрээр аав ээждээ “Та хоёрын нэг нь надтай хамт явахгүй юм уу” гэхэд аав нь  “Миний охин  чадна. Шалгалтдаа тэнцэнэ гэж аав ээж нь итгэж байна” гээд охиныгоо үнсээд явуулжээ. 
Ингээд аав ээжийнхээ хэлсэн ерөөлөөр шалгалтдаа тэнцэж СУИС-ийн оюутан болжээ. Энэ тухайгаа тэрээр “Манай анги удирдсан н.Дарамбазар  багш маань их мундаг хүн байсан. Урлаг, урлагийн гоо зүй гэж  юу байдаг вэ.  Урлагийн хүн ямар байх ёстой, зураач хүн ямар сэтгэхүйтэй байх ёстой гээд олон зүйлийг сурсан. Гадаадад боловсрол эзэмшсэн  олон сайн багш  хичээл ордог байсан. Тухайн үед “Жайка” төслийн хүрээнд Япон багш нар хувцасны зураачийн төрлөөр  нарийн мэргэжлийн хичээл ордог байсан” гэв. Ингээд тэрээр таван жил суралцаж, зураач,  хувцас дизайны багш мэргэжлийг эзэмшжээ.
Тэрээр оюутан байх хугацаандаа амьдралынхаа түшиг тулгуур болсон ханьтайгаа учирсан байна.  Тухайн үед нөхөр  нь Оюутны хотхон хариуцсан цагдаагаар ажилладаг байжээ.  Гуравдугаар курсийн оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж одоо тэд гурван сайхан хүүхдүүд аав ээж болж эгэл жирийн сайхан амьдарч байна. Хань нь “3000 оюутан дотроос чамайг олж авсан шүү” гэдэг аж.

 

“Инээгээрэй охин минь”

Б.Бор оюутан байхдаа Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт  дизайнаар ажилладаг байжээ. Түүнийг сургуулиа төгсөхөд нь жижиг үйлдвэрийн даргаар ажилд орох санал тавьж, дэслэгч цол зүүж өгсөн байна. Гэсэн ч тэрээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад өөр салбарт ажиллах шийдвэр гаргажээ. Ингээд л  чөлөөт уран бүтээлч болох дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байсан ч тэрээр аавынхаа хэлснээр багш мэргэжлээрээ ажиллахаар шийдэж  1999 оны намар “Хүүхдийн урлан бүтээх төв”-д ажилд оржээ.  Мөн түүнийг багшаар ажиллах их урмыг өгсөн хүн бол хадам аав нь гэсэн юм. Тэрээр “Аав маань мөн багш мэргэжилтэй хүн. Тиймээс намайг багш мэргэжлээрээ ажиллахад нөлөөлсөн эрхэм хүний минь нэг. Аав маань “Багш хүн анги удирдаж үзэх хэрэгтэй. Өөрийн шавьтай болох хэрэгтэй гэж” хэлдэг байсан гэлээ.

1999 оны намар “Хүүхдийн урлан бүтээх төв”-д ажилд оржээ.


Ийнхүү их сургуулиа төгссөн шинэхэн багш ажлынхаа гарааг “Хүүхдийн урлан бүтээх төв” хэмээх гэрэл гэгээ цацарсан сайхан газраас эхлэх хувь тохиож, хөдөлмөрийн баатар Б.Цэрэндорж багшийн удирдлага дор ажиллаж эхэлжээ. Тэрээр “Б.Цэрэндорж багш маань их мундаг хүн. Байнга л инээж явна. Намайг яасан инээдэггүй хүүхэд вэ” гэж хэлдэг байлаа. Залуу багш нарыг шантарчих вий гэж  бидэнд олон зүйлийг хэлж, зөвлөдөг байсан” гэлээ.
Шинэхэн багшид бүх л содон. 09:00 цагт дугуйлан эхлэхээр бүх багш гадаа нэг эгнээнд зогсоод хүүхдүүдээ  инээгээд угтаж авна. 1-3, 4-7, 8-10 ангид хичээл орно.  Ажилдаа ороод удаагүй байтал “Үнсгэлжин” наадам болох удирдамж иржээ. Тэгээд  хоёр хүүхэд бэлдэж тэмцээндээ ортол  гуравдугаар байр, тусгай байрт орж гэнэ шүү. Тэрээр энэ тухайгаа “Б.Цэрэндорж багш маань намайг “ Сайн багш  болох нь ээ”  гэж хэлж байсан нь их урам өгсөн.  Бас шавь нарын маань аав ээж нь баяр хүргээд л тэр үед би чадаж байна шүү дээ гэж бодсон” гэлээ.
Нийтлэлийн маань зочин “Хүүхдийн урлан бүтээх төв”-д гурван жил ажиллаад хүүхдээ төрүүлэхээр дикритийн амралтаа авчээ. Тэгээд нэг хэсэг чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад ер нь багшаараа ажиллах ёстой юм байна гэж бодсон байна. Багш мэргэжлээр ажилласан хугацаа нь бага ч гэсэн түүнд өгсөн мэдрэмж нь хүүхдүүдийн эерэг сайхан энерги түүнийг эргээд багшаараа ажиллахад нөлөөлсөн байна. Мөн аавынх нь хэлсэн үг түүнийг эргэлт буцалтгүй мэргэжлээрээ ажиллах хүч болжээ. Аав нь бие муудаад нас барахынхаа өмнөхөн охинтойгоо  уулзаад “Яагаад багшаараа ажиллахгүй байгаа юм бэ. Багшийнхаа ажлыг хийгээрэй. Өөр Энэ сайхан мэргэжлийг  үнэгүй болголоо” гэж их нухацтай хэлж байжээ. 
Тэрээр одоо ажиллаж буй  Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуульд 2008 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Техник технологийн тэнхимийн эрхлэгч, хувцас дизайны багшаар ажиллаж байна. 
Анх энэ сургуульдаа ороход нь  Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль нэртэй байжээ. Тухайн үед багш шалгаруулж авна гэсний дагуу шалгалт өгч  хоёрдугаар байрт орж,  сургуульдаа орж чадаагүй байна. Гэсэн аравдугаар сард нь нөгөө багш өөр сургууль руу шилжих болж түүнийг сургуулиас дууджээ. Тэрээр анх сургуульдаа ажиллаж эхэлсэн талаараа “Сургуулийн менежер маань дуудаад ажилд авахаар болсныг хэлсэн. Кабинетын түлхүүрээ хүлээгээд аваарай гэсэн. Би их л гоё кабинет  төсөөлж байлаа.  Гэтэл хаалгыг нь онгойлгоод ортол  сургалтын орчин гэж хэлэхэд  үнэхээр хэцүү байсан. Тэр үеийн н.Гантөмөр захиралд “Тийм ангид хичээл  ормооргүй байна. Өрөөндөө засвар хиймээр байна” гэж хэлж байсан. Тэгээд амралтын өдрөөрөө гэр бүлийнхнийгээ дуудаад засвар хийж кабинетаа тохижуулж байлаа.  
Удалгүй арван нэгдүгээр сард нь “Үнсгэлжин” наадмын удирдамж ирж анхны тэмцээндээ шавь нараа бэлдэж амжилттай оролцсон. Би тэр үед  хүүхдийг сургахад сургалтын орчин хамгийн чухал юм байна, хүүхдийн сэтгэл зүй зүй тайван байх ёстой юм байна гэдгийг ойлгосон” гэсэн юм. 
Ийнхүү тэрээр 2008 оноос хойш 17 жил сургуульдаа ажиллаж, олон хүүхдийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх  замыг гэрэлтүүлж буй чадварлаг багш юм. Энэ хугацаанд тэрээр хоёр анги төгсгөж, одоо гурав дахь ангиа даан авчээ.
 Тэрээр  мөн ажиллах хугацаандаа  “Дэлхийн шилдэг багш 2022” шалгаруулалтад Монгол Улсаас нэр дэвшиж, батламж гардсан үндэсний шилдэг арван багшийн нэг юм. Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах тус  үйл ажиллагаанд 121 орноос 8000 гаруй багш оролцсон байдаг.

 

“Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй”

Багш бүрийн заах арга барил ялгаатай. Б.Бор багшийн хувьд энэ мэргэжлээр ажилласан үеэсээ хойш одоог хүртэл хүүхэд хэмээх ертөнцийг судалж байна гэсэн юм. Тэрээр “ Хүүхдүүд  хувцас загвар, дизайнерын чиглэлээр суралцах сонирхолтой байдаг. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд хамгийн чухал ур чадвар бол зураг зурах. Зарим хүүхдүүдэд  би зурж чадахгүй юм байна гэсэн айдас байдаг.  Энэ айдсыг арилгахын тулд  хүүхдүүдэд авьяас нэг хувь хөдөлмөр 99 хувь юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Шугам бариулаад цэг, зурааснаас эхлүүлээд л зуруулдаг. Дасаад ирэхээр нь шугамгүй зуруулна.  Хүүхдүүд шугамгүй зурдаг болоод ирэхээрээ “би чадахгүй” гэсэн айдас нь бага багаар арилж өөртөө итгэлтэй болоод ирэхээр зурах авьяас нь хурдтай хөгждөг.
Анхнаасаа дизайнер хүн ямар ур чадвартай байх ёстойг зөв суулгаж өгөх нь чухал. Зохион бүтээгч хүн  хөдөлмөрч,  юмыг сэтгэх,  ургуулан бодох чадвар өндөр байх хэрэгтэй. Нөгөөтээгүүр, сайн зурдаг байж сайн дизайнер болно. Яагаад гэвэл, төсөөлсөн ургуулан бодсоныг цаасан дээр буулгах чадвар чухал шүү дээ.  Хэрвээ зурж чадахгүй  бол дотор байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй. Мөн бүгдийг  дэс  дараалалтай,  гүйцэтгэл сайтай хийх нь чухал. Тиймээс энэ тал руу илүү чиглүүлэн  шавь нараа бэлдэж, дараагийн дээд сургуульд очиход суурийг нь  сайн тавьж өгөхийг гэж хичээдэг. Шавь нар маань ажил амьдрал дээр гараад  өөрийн гэсэн хэв маягтай, арга барил эзэмшсэнийг харах багш мэргэжлийн маань бахархал байдаг даа. Энэ үед аавын минь хэлж байсан үг бодогддог юм” гэлээ.
Тийм ээ. Нийтлэлийн зочин маань аавынхаа хэлснээр олон хүүхдийн ирээдүйн ажил амьдралын зам мөрийг  нь гэрэлтүүлж, багш хэмээх сайхан алдраар овоглож явна. 17 жилийн өмнө багшаар ажилд орж байсан Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийнх нь түүхт 50 жилийн ой энэ жил мөн тохиож буй. Тэрээр  сургуулийнхаа нийт хамт олон ажил, амьдралд аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэж бид яриагаа өндөрлүүлсэн юм.

 

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн хамт олонтойгоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 202 (7699)