“Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж” буй галлагааны улиралд гэр хороолын айл өрхүүд ямар төрлийн түлш түлэх нь өвөлд бэлтгэх чухал асуудлын нэг байдаг. Энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшнээс гадна хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэх болсон. Ингэхдээ сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксон түлшийг аравдугаар сарын 9-нээс борлуулж эхэлсэн. Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байна. Гэвч ид галлагааны үед нийслэлийн түлш борлуулах цэгүүдэд нөөц хангалтгүй байгаа нь асуудал үүсгээд байна. Энэ талаар иргэд “Шахмал түлш хайгаад олдохгүй байна. “Хотула” апплекэйшн дээр борлуулалтын цэгүүдэд түлш байгаа гэж харагдаж байгаа ч яваад очихоор дууссан гээд, олдсон ч гурван шуудайгаас дээш өгөхгүй байна” гэх зэргээр түлш хүрэлцээгүй байгаа талаар ярьж байна.

Харин "Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлш борлуулж эхэлсэн өдрөөс нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргажээ. Мөн энэ өвөл түлш борлуулах нийт 400 цэг ажиллаж, 42.635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн мэдээлсэн юм.

 

“Өрх бүрт өдөрт гурваас ихгүй, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна”

 

Дээрх асуудалтай холбогдуулан ХЭҮК-оос түлш борлуулалтын цэгүүдэд ажиллаж нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байдал илэрсэн байна. 

Тодруулбал,  Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5-10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт өдөрт гурваас ихгүй, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа аж. Мөн “Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрчээ.

Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Манай ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж ажилласан. Ингэхэд хэд хэдэн зөрчлүүд гарсан. Мөн ХЭҮК-оос хагас коксожсон түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхдээ эдгээр өрхүүдийн зуух, яндан шаардлага хангаж байгаа эсэхийг болон шинэ түлшийг хэрэглэхэд өрхүүд юун дээр анхаарахыг тодруулахыг зорьсон юм. Манай байгууллага энэ асуудлыг цаашид ч анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн холбогдох байгууллагуудад үүргээ биелүүлэн ажиллаж байгаа эсэхэд тогтмол анхаарах болно. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тогтмол анхаарч, төрөөс бодлого, шийдвэр гаргуулах чиглэлд санал, зөвлөмж гаргаж ирсэн. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдвийг тусган боловсруулж, 14 санал хүргүүлсэн. Илтгэлийн дагуу УИХ-аас 2024 онд тогтоол гаргаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой дөрвөн заалтыг тусгасан. Тогтоолын хэрэгжилтэд ХЭҮК-оос хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд дөрвөн заалтын хоёр нь 10 хувийн хэрэгжилттэй, нэг нь 30 хувийн хэрэгжилттэй, нэг арга хэмжээ 100 хувь бүрэн хэрэгжсэн байна” гэв.

Тэгвэл нийслэл хотод түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар “Шахмал түлш тасалдсан нь үнэн. Хотула аппликэйшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлш авахаар тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байгаагаас шалтгаалж хомсдол үүссэн. Борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгосон байна. Түлш борлуулж байгаа 400 цэг байгаа. Нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийнэ. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна. Иргэдийн аппликейшны бүртгэлийг хянаж, гурав хоногийн дараа нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар аппликейшн дээр тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин миддлинг, 50 хувь нь шинэ түлш байгаа” гэж байлаа.

 

“Нийт 16 мянга орчим тонн түлшний нөөц байгаа”

 

Нийслэлд 172 мянган өрх жилд дунджаар 350-450 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэдэг байна. Гэр хороолын айл өрхүүд сайн картаар долоо хоногт долоон шуудай түлш авах боломжтой. Улмаар иргэд нэг удаа түлш авахдаа долоо хоногийн хэрэгцээгээ хангахуйц хэмжээгээр авдаг байна. Түүнчлэн энэ жил түлш борлуулах цэгүүд төв зам дагуу гэхээс илүүтэй гэр хорооллын гудамжид байрлаж байгаа юм.

Дээрх асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл “Шахмал түлшний хомдол үүссэн нь хоёр асуудлаас үүдсэн. Нэгдүгээрт, түгээлт хийж байгаа 26 тээврийн компани түгээлтээ тасалдуулсан. Энэ асуудлаар тухайн компаниудтай нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин уулзаж, тээвэр хийдэг хоёр компанийг цуцалсан. Оронд нь хот тохиожилтын газраас 18 машин тэвэрлэлтэд явуулахаар шийдвэрлэсэн. Хоёрдугаар асуудал нь “Хотула” аппликейшн дээр алдаа гарсны улмаас хэрэглэгчдийн тоо нэмэгдэж түлшний хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу өдөртөө 2000 тонн гаруй түлш түгээдэг байсан бол 4000 тонн гаруй түлшийг түгээлтээр хүргэж эхэлсэн. Ингэснээр иргэд түлш авахаар дараалал үүсдэг, олдоц муу байх асуудал цэгцэрсэн” гэв.

Одоогоор хагас коксон түлшний нөөц 7279 тонн, шахмал түлшнийх 9299 тонн буюу нийт 16 мянга орчим тонн түлшний нөөц байгаа юм байна.

Мөн хагас коксон түлшийг энэ сарын 7-ноос эхлэн нийслэлийн долоон дүүргийн 400 борлуулалтын цэгт борлуулж эхэлсэн байна.

 

“10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чаддаггүй”     

Тэгвэл иргэд цаг агаар хүйтэрч буйтай холбоотойгоор шахмал түлш хүрэлцээгүй байна хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Иргэн Г.Булганбаяр “Хагас кокосжсон түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа. Түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа. Заримдаа бүр 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чаддаггүй. Түлш ирээд л тэр даруйдаа дуусчихдаг. Олдоц ер нь маш муу” гэсэн юм.

Мөн иргэн Г.Батбаатар “Өнгөрсөн долоо хоногт гэнэт цас орж, хүйтэрсэн чинь түлшний олдоц муудсан. Би Цайз, Шархад, Долоон буудал хавийн түлш борлуулах цэгээр гурван өдөр хайгаад олоогүй. Үүнээс болоод галлагаа муу байсан учраас хүүхдүүд маань ч даарсан. Хүмүүсээс асууж байгаад Хотула аппликейшн дээрээс харж байж түлш олж авсан. Зам дагуу биш, гудамж дунд байгаа салбаруудыг нь хаана байгааг мэдэхгүй учраас энэ аппликейшны тусламжтайгаар олж авсан” гэв.

Иргэн Б.Эрдэнэбат “Хотула аппликейшн дээрээс харахаар “Түлш үлдэгдэлтэй байна” гэж харагдаад байгаа юм. Тэгээд борлуулах цэг дээр нь очихоор байхгүй байна. Харин манай энэ хавиар өчигдрөөс түлшний хүрэлцээ арай нэмэгдсэн санагдсан. Орой ажил тараад очихоор ер нь л дуусчихсан байдаг. Харин өчигдөр орой нэлээд хэдэн шуудай түлш үлдсэн байна лээ” гэж байсан юм.

Цаашид хүйтний эрч улам чангарахын хэрээр түлшний хэрэглээ хэд дахин өснө гэдгийг иргэд хэлж байсан. Иймд түлшний хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Цаашлаад энэ бүхний цаана иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал ч яригдана. Мөн ХЭҮК-оос дээрх нөхцөл байдлыг “хүнд” байна хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 201 (7698)