“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа М.Бат-эрдэнэ болон түүний үнэнч нөхөр Лакиг онцолж байна.
М.Бат-Эрдэнэ багадаа эмээ дээрээ өсжээ. Эмээ нь амьтанд хайртай хүн байж. Тэр тусмаа нохойнд их хайртай гэнэ. Өнчин гөлөг харагдвал хооллож, айлын нохойг хүртэл хооллочихдог хүн байжээ. Эмээгийнх нь амьтныг хайрлах, энэрэх сэтгэл, үйлдэл нь манай нийтлэлийн зочин болох М.Бат-Эрдэнэд үлгэр дуурайлал болсон гэлээ. М.Бат-Эрдэнийн хувьд багаасаа л нохой тэжээх сонирхолтой нохойнд хайртай хүүхэд байжээ. Бас аквариумны загас тэжээх сонирхолтой гэнэ. Тэрээр сонирхлынхоо хүрээнд олон ч найзтай болжээ.
М.Бат-Эрдэнийн үнэнч нөхөр болох Лаки нь 2021 оны наймдугаар сарын 9-нд төржээ. Лакиг төрсний дараа ээжтэй нь хамт 45 хоног хонуулаад гэрийнхээ гишүүнээ болгож, одоог хүртэл нөхөрлөж байна гэсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Анх Лакигаа авчхаад яг л жаахан хүүхэд асарч байгаа мэт цагаар хооллож, гадаа гаргаж бие засуулж, усанд оруулж, вакцин туулгад хамруулах гээд их ажилтай болсон. Гөлгөн нохой эмзэг байдаг учир дөрвөн сар хүртэл нь дэргэдээсээ холдуулаагүй. Ажилдаа явахдаа хүртэл дагуулаад явдаг байлаа. Хүүхдүүд минь Лакидаа их хайртай. Лакиг “Бацкаанаа” гэж дууддаг. Эхнэр маань ажилд явсан үед асарч хооллодог ”гэлээ.
М.Бат-Эрдэнэ Лакигаа тэжээж эхэлснээс хойш пэйж хуудас хөтөлж эхэлсэн байна. Учир нь гэвэл, пэйж хуудсаараа дамжуулж Лакигийн нялх балчир үеэс эхлэн, насан буурал хүртэлх өдөр бүрийнх нь цаг хугацааг хуваалцахыг зорьжээ. Одоо Лаки дөрвөн настай. “Big Lucky” пэйжид түүний дөрөв хүртэлх насных сонирхолтой агшин бүхий зураг, видеог нийтэлжээ.
Лаки усанд орох дуртай гэнэ. Гол, нууранд сэлэх дуртай гэнэ шүү. Жишээлбэл, гол харагдвал давхиад л орчихдог байна. Зун аялахдаа Лакигаа авч явдаг болохоор машинд суух их дуртай аж. Тийм болохоор амралтын өдрөөр Туул гол руу очиж Лакигаа агаарлуулдаг гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин