Г.Итгэл аав Ц.Ганбатын хамт.
Ч.БЯМБАХАЖИД
Зэвсэгт хүчнийхэн бол шантаршгүй баатарлаг үйл, цэргийн чанд сахилга, эх оронч сэтгэлгээний өлгий юм. Энэ салбарт гурван үеэрээ зүтгэж ирсэн нэгэн бол Цэргийн сэтгүүлч гэх тодотголтой Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакцийн сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, ахмад Г.Итгэл юм. Түүнийг бид энэ удаагийн "Монгол Улсын төлөө" буландаа онцолж байна.
Удам дамжсан цэргийн хүн
Г.Итгэл бол цэргийн гэр бүлд өсөж, торнисон гурав дахь үеийн төлөөлөл. Түүний өвөө дэд хурандаа цолтой, Дорнод аймаг дахь цэргийн ангийн захирагч явсан хүн. Харин аав нь хурандаа цолтой, Зэвсэгт хүчний Жанжин штабт олон жил ажилласан нэгэн. Ийнхүү удам дамжсан цэргийн гэр бүлд төрж өссөн Г. Итгэл багаасаа л цэргийн албаны чанд дэг журмыг мэдэрч, эх оронч хүмүүжлээр хүмүүжсэн гэдэг.
Тэрээр Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Аавынх нь албаны албан томилгооноос шалтгаалж Орхон аймагт суралцаж байгаад буцаж Улаанбаатарт суралцжээ. ЕБС төгсөөд ОХУ-д суралцах сонгон шалгаруулалтад оролцсон ч эхний удаа хараахан тэнцэж чадаагүй аж. Гэвч дараа жилийн сонгон шалгаруулалтад өөрийгөө хөгжүүлэн бэлтгэсний дүнд цаашдын амьдралынх нь эргэлтийн цэг болсон мэргэжлээрээ суралцах боломжоо нээж ОХУ-ын Москва хотноо цэргийн сургуульд суралцахаар болсон гэдэг.
Энэ тухайгаа тэрээр “ЕБС-иа төгсөөд ОХУ руу явах сонгон шалгаруулалтад оролцсон ч хараахан тэнцэж чадаагүй. Тэр намраа ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн дэргэдэх Ахлагч бэлтгэх төвд элсэж тусгай дунд боловсрол эзэмшснээр Зэвсэгт хүчин гэх их албанд хөл тавьсан юм. Ингээд цэргийн хүн болж тангаргаа өргөөд дэд ахлагч цолтой болсон. Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж, харуулчин буудагч албан тушаалд томилогдсон.
Энэ ангидаа ажиллаж байгаад 2013 оны аравдугаар сарын сүүлээр ОХУ руу суралцуулах сонгон шалгаруулалт дахин зарлагдсныг мэдээд, өнгөрсөн жилд алдсан алдаагаа нөхөж, жилийн хугацаанд өөрийгөө бэлтгэж байгаад тэнцсэн. Ингээд ОХУ-ын Москва хотын Цэргийн их сургуульд суралцахаар явсан. Тус сургуульд Цэргийн сэтгүүлч, улс төрийн ажилтан мэргэжлээр зургаан жил суралцаад эх орондоо ирсэн юм. 2013-2019 онд хооронд Москвад суралцаж сургуулиа онц дүн, алтан медальтай төгсөөд хүсэл зорилгоо биелүүлж, эх орондоо богц дүүрэн ирсэн” гэлээ.
Энэ үе бол түүний ажил амьдралын шинэ эхлэл байсан биз ээ.
Баруун хязгаараас эхэлсэн офицерын замнал
Тэрээр сургуулиа дүүргэж ирээд, дэслэгч цолтойгоор олон ястны өлгий Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Сургууль байлдааны мото буудлагын Соёл хүмүүжлийн зааварлагч гэх албан тушаалтайгаар анхны ажлын гараагаа эхэлжээ. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэлзүй, хүмүүжлийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг чухал албан тушаал байв.
Тэрээр “Би энэ албан тушаалдаа хоёр жилийн хугацаанд ажилласан. Ингэхдээ хөдөө нутгийн ард түмэн, олон ястны онцлог, нийгмийн орчин, цэргийн албаны уур амьсгалыг биечлэн мэдэрсэн. Мөн унаган хотын хүүхэд хөдөө очиход бүх зүйл их өөр санагдаж, эхний зургаан сарын хугацаа нүд эрмэхийн зуурт л өнгөрсөн” гэв.
Энхийг сахиулагчийн мөрөөр
Монгол Улс бол НҮБ-ын цэрэг илгээгч орон. Манай улс энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээгээд 20 гаруй жилийг үджээ. Тэгвэл Г.Итгэл ч мөн нэгэн цагт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж явсан цэнхэр дуулгатай билээ. Тэрээр Ховд аймгийн дугаар цэргийн ангид томилогдон ажилласны дараа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулагчаар явах хүндтэй бас хариуцлагатай үүрэг ногджээ. Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон нь түүний хувьд бахархал, хүнд хариуцлага, нэгэн цагт дурсагдах түүх, дурсамж болон үлдсэн биз ээ. Түүнчлэн түүний аав ч мөн өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр төрсөн дүү нь ч энэхүү үүргийг гүйцэтгэж буй нь нэг гэр бүлээс гурван энхийг сахиулагч төрснийг илтгэж буй.
Тэрээр Өмнөд Судан улсад жилийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж тэнүүн амьсгаа авах шиг сайхан мэдрэмж байхгүй хэмээн ярьж байсан юм.
Мөрдэстэй сэтгүүлч
Г.Итгэл энхийг сахиулах үүрэг гүйцэтгээд ирснийхээ дараа Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 015 дугаар ангид томилогдож ажилласан байна. Улмаар 2023 оноос эхлэн Батлан хамгаалах яамны төв хэвлэл болох 100 гаруй жилийн түүхтэй “Соёмбо” редакцид сэтгүүлчээр томилогдон ажиллаж байгаа юм. Одоо тус редакцын сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Тэрээр “Манай Соёмбо редакц одоогоор 20 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Редакци маань дотроо Дуулга гээд студиотой. Бидний ажлын онцлог болон энгийн редакцын сэтгүүлчийнхээс ялгаатай. Энгийн сэтгүүлч тухайн үйл явдлыг өөрийн өнцгөөр хүргэж болдог бол, цэргийн сэтгүүлч тушаалаар ажилладаг. Бид тайлбар тавьдаггүй. Харин үйл явдалтай нягт уялдуулан, зохион байгуулалттай, зарчимч байдлыг эрхэмлэн ажилладаг. Энэ бол цэргийн сэтгүүлч болон энгийн сэтгүүлчдийн хоорондын том ялгаа гэж хэлж болно. Мөн бусад хэвлэл мэдээллийн редакциудаас өөр зүйл гэвэл “үгүй” гэж хэлэх эрх байдаггүй. Энэ бол мөрдэстэй алба хаагчдын онцлог. Бид Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабаас удиртгал болгож гаргасан “Хэвлэл олон нийттэй харилцах журам” болон салбарын сайдын тушаалд нийцүүлж мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэдэг” гэсэн юм.
Тэрээр сэтгүүлчийн хувиар олон улсын томоохон хэмжээний үйл явдлуудыг сурвалжилж байжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх Диог Монгол Улсад анх удаа энхийг дэмжих чиглэлээр ирж ажилласан. Энэ үйл явдлыг сурвалжилж, цэргийн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж байлаа. Мөн манай улс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих сургалтын томоохон хэмжээний арга хэмжээг сурвалжилжээ. Мөн Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг цэргийн сэтгүүлчдийн олон улсын сургалт, АНУ-ын Алеска мужид болсон олон нийттэй харилцах сургалт зэрэг олон улсын арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцсон байна.
Цэргийн сэтгүүл зүй гэхээр хэн бүхэнд онцлог содон сонсогдох байх. Түүний хэлснээр эх орныхоо төлөө ажиллах чин сэтгэлтэй хэн бүхэн энэ мэргэжлийг эзэмшиж, Зэсвэгт хүчний салбарт өөрийн мөрийг үлдээдэг байна.
“Цэргийн сэтгүүл зүй жилээс жилд хурдацтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөнө гэж боддог. Намайг энэ чиглэлээр суралцахаас өмнө олон жил цэргийн сэтгүүлчээр боловсон хүчин бэлтгэхээ больчихсон байсан. Харин сүүлийн таван жилд тасралтгүй болосвон хүчин бэлтгэж, шинэ залуу үеээ гаргаж ирж байна.
Манай салбар энэ чиглэлээр улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. Тавигдах шаардлагыг хангаж байгаа хэн бүхэн сонгон шалгаруулалтад оролцох бүрэн эрхтэй. Гагцхүү тэдгээр хүмүүс төрийн хүн болж, улс эх орныхоо төлөө зүтгэх чин хүсэлтэй л байх ёстой. Шалгуулагчид сонгон шалгаруулалтад тэнцсэнийхээ дараа мэргэжлээ сонгодог. Манайх олон чиглэлээр гадаадад сургадаг. Жишээлбэл, миний төгссөн Цэргийн сургууль гэхэд л цэргийн сэтгүүлч, сэтгэлзүйч, цэргийн прокурор, цэргийн олон улсын орчуулагч зэрэг олон чиглэлээр сургадаг. Цэргийн сэтгүүлчээр сурах онцлог бол галын бэлтгэл, буудлага гэх зэрэг цэргийн хэргийн мэдлэгийн хичээл түлхүү үздэг. Энгийн сэтгүүлзүйд бол энэ хичээлүүд хамааралгүй шүү дээ. Нэг ёсондоо Цэргийн хэргийн мэдлэгийн хичээл 70 хувь, үндсэн сэтгүүл зүйн хичээл 30 хувь байдаг” хэмээн Г.Итгэл ярьсан юм.
Мөн Батлан хамгаалах салбар гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлж гаднын 70 гаруй улстай хамтын ажиллагааны гэрээтэй төдийгүй алба хаагч, боловсон хүчнээ чадавхжуулах сургалт, дамжаанд их хамруудаг нь тухайн салбар хөгжиж, дэвших нэгэн гарц болдог байна.
“Тангарагтаа үнэнч зүтгэж байгаадаа бахархалтай байдаг”
Цэргийн амьдрал дэг журам, хариуцлага, тушаал гээд адармаатай байх нь дамжиггүй. Тиймдээ ч энэ салбарынханд чөлөө зав хомс, гэр бүлийнхэндээ зарцуулах цаг хязгаарлагмал байдаг гэдэг.
Тэдний ажлыг ойлгож, арыг нь даах хүмүүс бол яах аргагүй гэр бүлийнхэн нь байдаг.
Г.Итгэл багаасаа л цэргийн гэр бүлд өссөн учраас түүнийг энэ мэргэжил салбарыг сонгоход нь гэр бүлийнхэн нь ч мөн ихэд дэмжжээ.
Тэрээр “Намайг гэр бүлийнхэн маань их дэмждэг. Гэр бүлийн хүн маань ойлгож, арыг минь бат даадаг учраас л өнөөдрийг хүртэл албаныхаа төлөө тууштай зүтгэж чадаж байгаа гэж боддог” гэж байлаа.
Ахмад Г.Итгэл гурван үеэрээ цэргийн алба хашсан гэр бүлийн нэгэн гишүүн. Энэ утгаараа гурав дахь үеийн удам дамжсан цэргийн хүн болж, тангарагтаа үнэнч зүтгэж буйдаа бахархалтай байдгаа тэрээр хэлж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 200 (7697)