Э.МИЙГАА
Энэ сарын 19-ний өглөө Парисын Лувр музейн Апполон галерейд зэрлэг, зоримог дээрэм гарсан байна. Напелеоны үеийн түүхэн үнэт эрдэнэ, титэм, хүзүүний зүүлт зэрэг өнгөлөг үнэт эдлэлийн цуглуулгаас найман ширхэг үнэт зүйлс хулгайлагдсан байна. Энэ халдлага музей нээгдсэнээс ойролцоогоор 30 минутын дараа буюу өглөөний 09:30 цаг орчимд гарчээ. Ойролцоогоор 6-8 минутад музейд жуулчид үйлчлүүлж байх үед хулгай өрнөсөн талаар эх сурвалжууд хэлж байгаа аж.
Хулгайн бүлэглэл ажлын хувцас өмсөж, том моторт суурилуулдаг дээш өргөх тавцан ашиглан музейн фасадаас хоёрдугаар давхрын цонхоор нэвтэрчээ. Тэд дуу чимээ гаргалгүйгээр, диск зүсэгч, цахилгаан багаж зэргийг ашиглан цонх болон үзмэрийн шилэн шүүгээнүүдийг эвдэн хулгайгаа хийсэн аж. Мөн тэд зугтахдаа мотоцикль ашигласан ба зарим багаж хэрэгсэл, хулгайлсан үнэт зүйлсээ орхисон байна. Тухайн хулгайн үеэр ямар ч хүн бэртэж гэмтээгүй бөгөөд хулгайчид зэвсэг огт хэрэглээгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Хулгайд алдагдсан үнэт зүйлсийг албаны хүмүүс тодорхойлохдоо “үнэлэх” боломжгүй буюу үнэлшгүй түүхэн үнэ цэнтэй гэжээ.
Хэрэгтэй холбоотой эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлж ойролцоогоор 60 гаруй мөрдөн байцаагчид энэ хэрэгт томилогджээ. Үүнээс болж музей хаагдсан бөгөөд тухайн өдөр захиалгатай тасалбаруудыг буцаан төлөхөөр болсныг мэдэгдсэн байна. Хулгайлагдсан эд зүйлсийг зах зээл дээр гаргах боломжгүй тул шатаах, задлах эсвэл мөхлөгт үнэт металл болгон ялгаж борлуулах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд санаа зовж байгаа аж.