Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны наймдугаар сарын 14-нд Москва хотноо өндөрлөсөн Зөвлөлт, Хятадын хэлэлцээний үеэр ДИУ-ын Засгийн газар Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрнө гэсэн нотыг ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын Коммисар В.М.Молотовт гардуулжээ. Үүний үндсэн дээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоол гаргаж, санал асуулгыг аравдугаар сарын 20-ны өдөр улс орон даяар явуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар Монгол, Зөвлөлтийн цэрэг Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, дайнд ялалт байгуулсан БНМАУ-ын Зэвсэгт хүчний анги салбарууд эх орондоо буцаж ирсний дараа буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал асуулга болсон байдаг. Уг санал асуулгад оролцвол зохих 494.960 хүнээс 487.409 хүн санал асуулгад оролцож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн байна.
Тусгаар тогтнолын асуудлаарх БНМАУ-ын бүх ард түмний санал асуулга нь Монголын төр, ард түмнээс тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан олон жилийн нөр их тэмцлийн үр дүн, ялалт болж түүхэнд тодоор үлдсэн юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 198 (7695)