Э.МИЙГАА

Олон улсын санхүүгийн удирдагчид Трампын хоёр дахь засаглалын эхний есөн сарын турш дараалан хэрэгжсэн худалдаа, бодлогын цочролуудын дараа дэлхийн эдийн засаг тэсвэртэй байгаа ч цаашдын тодорхойгүй байдлаас болж ихэд санаа зовниж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Вашингтонд болсон ОУВС ба Дэлхийн банкны уулзалтаар АНУ-ын “Либерацийн өдөр” хэмээх шинэ татварууд анхаарлын төвд байв. Харин аравдугаар сарын хуралдаанд эдийн засгийн бодлогын тогтворгүй байдалд хүмүүс ядарч, болгоомжилсон уур амьсгал давамгайлжээ.
Тайландын төв банкны дэд захирал Пити Дисятат хэлэхдээ “Либерацийн өдрөөс хойш бодлого тодорхойлох, ард иргэдэд тайлбарлах нь үнэхээр хэцүү болсон. Тодорхойгүй байдал туйлын их байна” гэжээ. Японы төлөөлөгч нэгэн үгэндээ “Дэлхийн эдийн засаг бидний төсөөлснөөс илүү тэсвэртэй байна. Гэхдээ одоогийн олон төрлийн тодорхойгүй байдал дунд тайвширч болохгүй” гэсэн байна. ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева хэлэхдээ “Энэ удаагийн уулзалтаар оролцогчид урьдынхаас илүү бүтээлч, илэн далангүй харилцаж байлаа. Магадгүй тодорхойгүй байдал хэт өндөр байгаа тул хэн ч ‘жүжиглэх’ завгүй болсон биз. Улс орнууд хамтын ажиллагааг урьд нь бодсоноос илүү чухал болохыг одоо л ойлгож байна” гэжээ.
Бээжингийн ховор металлд тавьсан экспортын хязгаарлалтад хариу болгон Дональд Трамп Хятадын бараанд зуун хувийн татвар дахин тогтоосон нь хоёр талын сөргөлдөөнийг дахин дэврээв. Энэ нь дэлхийн хоёр том эдийн засгийн зөрчил хурцдаж буйг харуулсан. Олон орон АНУ болон Хятадаас ангид шинэ худалдааны хэлэлцээрүүдийг эрэлхийлэхэд хүргэж байна. Георгиева болон ДХБ-ын тэргүүн Нгози Оконжо-Ивеала нарын хэлснээр АНУ ба Хятадын хурц маргаан илүү өргөн худалдааны дайн болон хувираагүй нь сайн мэдээ юм. Үүнтэй зэрэгцэн олон орон бүс нутгийн болон хоёр талын эдийн засгийн холбоогоо гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна.
Шинэ Зеландын сангийн сайд Никола Уиллис “Геополитикийн тодорхойгүй байдал өсөхийн хэрээр ийм хамтын ажиллагаа улам эрчимжих хандлагатай байна. Европын Холбоо хүртэл Тив хоорондын CPTPP чөлөөт худалдааны гэрээнд нэгдэх сонирхол илэрхийлж байна” гэв. Харин Египетийн төлөвлөлт ба олон улсын хамтын ажиллагааны сайд Рания Аль-Машат хэлэхдээ “Бүс нутгийн хамтын ажиллагаа бол дэлхий дахины өөрчлөлтийн ‘дагалдах үр дүн’ боловч цаашид улам чухал хэвээр байх болно” хэмээжээ.

Худалдааны маргааны хажуугаар дэлхийн эдийн засаг “гадаад тэнцлийн хэт зөрүү, өрийн түүхэн дээд түвшин, банк бус санхүүгийн салбарын эрсдэл, хиймэл оюун ухааны технологийн нөлөөллөөс үүдэх тасалдал” зэрэг асуудлуудад анхаарал татаж байна.
Их Британийн Төв банкны тэргүүн Эндрю Бейли хэлэхдээ “Банк, даатгал, хувийн хөрөнгө санхүүгийн хоорондын уялдаа маш нягт болсон энэ үед ил тод байдал туйлын чухал. 2008 оны санхүүгийн хямралд хүргэсэн орон сууцны зээлийн хөөсийг урьдчилан илрүүлж чадаагүй алдлаа бид давтаж болохгүй” гэх.
Олон улсын байгууллагуудын үнэлгээгээр дэлхийн эдийн засаг уналтад ороогүй ч “шинэ хэвийн байдал” буюу байнгын тодорхойгүй байдалд дасан зохицох үе шат эхэлжээ. Улс орнуудын бодлого түргэн өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ шинэ бүтэцтэй болж, бүс нутгийн холбоод хүчээ авч байна. Эдийн засагчдын дүгнэлтээр:
•    АНУ ба Хятад хоорондын өрсөлдөөн урт хугацаанд үргэлжлэх магадлал өндөр.
•    Олон улсын хамтын ажиллагаа илүү төвөгтэй, гэхдээ зайлшгүй хэрэгтэй болж байна.
•    “Тэсвэртэй, гэхдээ эмзэг” гэх нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн хамгийн оновчтой тодорхойлолт.

Эх сурвалж: zms.mn