П.АМГАЛАН
“3ууны мэдээ” сонин “Би номныхоо тухай” буланд сэтгүүлч А.Доржханд уригдаж, хэвлэлтээс гараад удаагүй байгаа "Удмын харгуй" номныхоо тухай уншигч танд хуваалцаж байна.
"Аав минь адуу малын наймаанд яваад ирэхдээ ном өвөртөлчихсөн ирдэг сэн"
-“ Удмын харгуй” хэмээх хоёр дахь номоо хайрт аавдаа зориулан бичсэн. Учир нь хөдөө талд хүлэг морин дээр өссөн , минь намайг сэтгүүлч мэргэжил сонгоход хүргэсэн юм. Намайг сургуульд ороогүй байхад аав минь адуу малын наймаанд яваад ирэхдээ заавал нэг ном өвөртөлчихсөн ирдэг сэн. Тэрхүү ном нь алтан ургийн хошуу ноёдын тухай байдаг сан. Мөн тэдгээр ноёдын ховор нандин зураг ч жаазанд минь байдаг байв. Миний аав бол хөдөөний эгэл жирийн адуучин, атал сэтгэлгээний өндөр чадвартай хүн байжээ. Сумынхаа ардчилсан намын гишүүн байв. Одоо эргээд бодоход барууны соёл бол хүн төрөлхтнийг хошуучилж буй хүний эрхийг дээдэлсэн соёл мөн. Үүнийг аав минь мөн л түрүүлээд харчихсан л байж .Тиймдээ ч 1993 онд 71 гүүнээс 71 унага бойжуулж, улсын хэмжээнд хамгийн олон унага төллүүлж Монголын анхны алтан унаганы эзэн болж, мөн Монголын морин спорт уяачдын холбоог анхлан үүсгэн байгуулахад гар бие оролцож, аймгаасаа уяачдын анхдугаар хуралд урилгаар оролцож байлаа. Аавынхаа энэ бүх үйлийг харж өссөн би өв соёлоо улам их хайрлаж, нандигнаж явах учиртай юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч залуу сэтгүүлч би эх орондоо элэг зүрхнээсээ хайртай, үүнийгээ өөрийнхөө чадах хэрээр бичиж үлдээх юмсан гэсэн хүсэлтэй явдаг. Өвлөн үлдэх, өв соёлоо хайрлан хамгаалах нь үүрэг хэмээн боддог. Би аавынхаа үргэлжлэл учир номоо “Удмын харгуй” хэмээн нэрлэсэн.
"Өнөө цагийн өнгөнд байгаа эрхмүүдийн талаарх сонирхолтой ярилцлагыг багтаасан"
- ”Удмын харгуй “ номондоо өнөө цагийн өнгөнд байгаа уяачид , хүчит бөхчүүд, түүхийн ухааны докторууд, уяач хүний гэргий, зэрэг хүмүүсийн ярилцлагыг багтаасан.
Энэхүү номноос маань уншигч та удам дамжсан Ононгийн Батбилэг, мөн улсад хоёр их насны морь дараалан түрүүлж, айрагдаж байсан эрдэмт уяач Гүрбазарын Батчулуун нартай хийсэн сонирхолтой ярилцлага, адуу судлаач, түүхийн ухааны доктор, ахмад сэтгүүлч А.Баярмагнайн цагаан сарыг монголчууд хэрхэн тэмдэглэдэг байсан тухай дурсамж ярилцлагыг унших боломжтой.
Мөн уртын дуучин залуухан гавьяат Г. Энхбаатарын уртын дууны талаар хэрхэн хүүрнэсэн тухай, уяач хүний эхнэр хэрхэн эр нөхрийнхөө арыг дааж, бат бөх байдаг тухай Ононгийн Батбилэгийн эхнэр Бямбадэлгэртэй ярилцлага мөн багтсан.
Мөн Нацагдоржийн анхны гэргий Пагамдуламын талаар түүхийн ухааны доктор Хатанбатын Мэндсайхантай хийсэн ярилцлага, наадмын ногоон дэвжээг чимэн барилддаг хүчит бөхчүүдээс аймгийн начин, хөлийн цэц, хөөмийч, Б. Улаалзгана, улсын өсөх идэр харцага Г. Бадрах, улсын өсөх идэр начин Б. Түмэндэмбэрэл нарын ярилцлагыг унших боломжтой.
Үүгээр зогсохгүй говь нутагт унага тамгалах ёс хэрхэн өргөн дэлгэр болдог тухай Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхоролтой хийсэн ярилцлага зэрэг нийт арван ярилцлагаа эмхэтгэн хэвлүүлээ. Уншигч та бүхэн миний номноос өв соёлын тухай гэгээн бодолд хэсэгхэн зуур ч гэсэн саатна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.