Б.БАЯРЖАВХЛАН

 

Нийслэлийн багш нар өчигдрөөс ажил хаяж эхэллээ. Ингэхдээ тэд ажлын цагтаа сургууль дээрээ байж, хоосон ангидаа, хичээл заахгүйгээр сууж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн насны хүүхдээ эцэг эхчүүд хэрхэн харж байгаа талаар сурвалжиллаа.

О.Мөнхжаргалынх таван настай нэг хүүтэй. Хүү нь ХУД-ийн 12 дугаар цэцэрлэгт суралцдаг. Өнгөрсөн лхагва гарагт цэцэрлэг нь ажил хаялтад нэгдэж буйгаа бичгээр ирүүлсэн. Түүний амралтын өдрүүд таарсан тул гэртээ хүүхдээ харахад асуудал үүсээгүй байна. Энэ тухайгаа  “Би гурав хоног ажиллаад, гурав хоног амардаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд амралтын гурав хоног таарч байгаа учраас хүүхдээ хараад гэртээ байхад хүндрэл үүссэнгүй. Харин энэ байдал даваа гарагт дахин үргэлжилбэл хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна. Тиймээс энэ асуудлыг түргэн шийдэж өгөхийг хүсэж байна. Мэдээж багш нарын цалингаа нэмүүлэхийг дэмжиж байгаа. Өглөөнөөс орой хүртэл, олон хүүхэдтэй ажиллаж байгаа хэр нь 1.4 сая төгрөгийн цалин авна гэдэг байж боломгүй зүйл” гэсэн юм.

Н.Баярчимэг тав болон хоёр настай хоёр хүүхэдтэй. СХД-ийн 91 дүгээр цэцэрлэгт суралцдаг. Цэцэрлэгийн багш нар нь ажил хаялтад нэгдсэн тул хажуу айлныхаа хүнийг гуйж хүүхдээ харуулж байгаа аж. Энэ тухайгаа тэрээр “Нөхөр бид хоёр өнөөдөр ажилтай таарч байна. Тиймээс хүүхдүүдээ хажуу айлынхаа хүнийг гуйж харлуулж байна. Маргааш манай нөхөр амрах учраас хүүхдээ харна. Энэ байдал удаан үргэлжилбэл байнга хүн гуйж л хүүхдээ харуулах байх даа” гэсэн юм.

Ю.Пүрэв-Очирынх гурван хүүхэдтэй. Том нь ажил хийдэг бол дунд охин нь оюутан. Харин бага нь Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч юм. Сургууль нь ажил хаялтад нэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр том эгч нь ажлаа зохицуулж дүүгээ харсан байна. Ирэх нэг дэхээс бие даалтын долоо  хоног эхэлж байгаа бөгөөд багш нарын ажил хаялт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс хүүхдийнх нь ангийн багш ирэх долоо хоногийн хийх  хичээлийн даалгаврыг нь өдөр өдрөөр нь хэвлээд явуулжээ. Энэ тухайд эхнэр А.Азбилэг “Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаа. Адилхан амьдрал ахуйтай хүмүүс цалингаа нэмүүлээд авбал сайн хэрэг. Тиймээс хүүхдийнхээ хичээлийг гэрээр нь сайн хийлгээд хэсэг хугацаанд цэвэр агаарт хөдөө гэртээ авч ирж байгаа” гэсэн юм.

Боловсролын яамнаас ирүүлсэн мэдээллээр төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажил хаялтад нэгдэх болсон талаар албан ёсны мэдэгдэл ажил олгогчид ирүүлсэн эсэхийг энэ сарын 15-ны өдрийн 23:00 цагийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 1725 сургалтын байгууллага (үүнээс: цэцэрлэг 1016, сургууль 724)-ын 31.6 хувь нь ажил хаялтад оролцох албан ёсны шийдвэрээ ажил олгогчид ирүүлсэн байна. Ажил хаялтад албан ёсоор оролцохоо мэдэгдсэн нийт сургалтын байгууллагын 65.5 хувь нь нийслэлийн харьяаллын цэцэрлэг, сургууль байна. Мөн Дорноговь аймгийн нийт цэцэрлэг, сургуулийн 71.0 хувь, Орхон аймаг 70.0 хувь, Сүхбаатар аймаг 50 хувь нь ажил хаялтад оролцохоор байгаа бол нийслэлийн нийт цэцэрлэг, сургуулийн 52.5 хувь нь ажил хаялтад нэгдэхээр мэдэгдэл ирүүлжээ.

Мөн ажил хаялттай холбоотойгоор энэ сарын 16,17-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд дараах сувгуудаар теле хичээл гарах ажээ.

1-2-р анги NTB суваг

3-4-р анги TM суваг

5-6-р анги ETV

7-8-р анги EduTV суваг

9-р анги TV5 суваг

10-р анги Tenger TV

11-р анги Star TV

12-р анги 25TV гарна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 196 (7693)