Д.Дарамбазар


Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт эхлэхтэй холбогдуулан зарим дүрэмд өөрчлөлт оржээ. Ирэх сарын 3-нд дээд лиг “Аса арена”-д албан ёсоор нээлтээ хийх бөгөөд оролцох багууд энэ сарын 15-нд урьдчилсан, 20-нд эцсийн мэдүүлгээ өгөх юм. Мөн клуб хооронд тоглогчдын шилжих хөдөлгөөнийг маргааш хаахаар болов. Шилжих хөдөлгөөнийг хийхдээ ямар нэгэн гэрээний маргаангүй, өмнөх багтай хийсэн гэрээ албан ёсоор дууссаныг нотлох баримттай байхаар тусгасан байна. Лигийн тоглогчид FIVB Play Clean program гэрчилгээтэй байхаас гадна тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим сургалтад заавал суусан байх ёстой аж. Энэ нь тоглолтын үр дүнг наймаалцахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 


Лигийн хүрээнд хамгийн анхаарал татсан дүрэм нь баг бүр дөрөв хүртэлх гадаад тоглогчтой байж болно гэх заалтыг шинээр тусгасан байна. Энэ заалт нь багуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч холбооны Удирдах зөвлөл баталжээ. Ингэхдээ эрэгтэй баг талбайд хоёр, эмэгтэй нь гурав хүртэлх гадаад тоглогч гаргаж болно гэжээ. Үүнээс гадна шигшээ тоглолтын цувралын тоог нэмсэн байна. Өмнө нь хагас шигшээ болон шигшээ тоглолтын цувралд түрүүлж хоёр ялсан нь хождог байсан. Тэгвэл энэ жилээс хагас шигшээ гурав, шигшээд дөрөв хожсон баг ялах юм. Өөрөөр хэлбэл, хагас шигшээд тав, шигшээд долоон тоглолт гарах магадлалтай гэсэн үг. Волейболын дээд лигийн тэмцээн 2026 оны хоёрдугаар сарын 6-нд аварга багаа тодруулах юм.


Эх сурвалж: www.zms.mn