Б.ТҮШИГ

Их Британийн анхны бөгөөд өнөөг хүртэл цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд, арлын энэ улсын төрийн жолоог хамгийн удаан атгасан улстөрч бол “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тэтчер билээ.

1979 оны тавдугаар сарын 4-нд Их Британийн парламентын сонгуульд түүний тэргүүлсэн Консерватив нам зүүний үзэл бодолтой лейбористуудыг итгэл төгс ялжээ.  Ерөнхий сайд болонгуутаа Маргарет Тэтчер эдийн засгийн хямралд нэрвэгдэн их гүрний цог гялбаагаа алдсан Их Британийг дэлхийн улс төрийн тэргүүн эгнээнд эргүүлэн авчрахыг амлаж, хэлсэн үгэндээ ч хүрсэн. Гэсэн хэдий ч төрөлх улсдаа хамгийн их үзэн ядагддаг улстөрч болж хувирсан гэдэг.

Түүний амьдралын ер бусын замналыг дор толилуулж байна.

 

“Бяцхан удирдач Маржи”

Аливаа аугаа хүний намтарт хүнд хэцүү хүүхэд насандаа шоовдорлогдсон ч бүхий л бэрхшээлийг даван туулж амжилтад хүрнэ гэж өөртөө амлаж байсан гэх мэт зүйл ажиглагддаг. Харин Маргарет Тэтчерийн намтарт тиймэрхүү зүйл ер үгүй.

Эцэг эх нь хэзээний шазруун, зорьсондоо хүрч байж сая нэг санаа амардаг зантай охиноо “бяцхан удирдагч Маржи” гэж өхөөрдөн нэрлэдэг байжээ. Бүтэн нэр нь уг нь Маргарет Хилда Робертс.

Тэрээр Альфред, Беатрис Робертс нарын гэр бүлд 1925 оны аравдугаар сарын 13-нд Грантем хэмээх жижигхэн хотод төржээ. Грантемийн хэмжүүрээр тэднийх нэлээд чинээлэг гэр бүлд тооцогддог байв. Альфред хоёр ч хүнсний лангууны эзэн, эхнэр Беатрис нь нэлээд их захиалга авдаг ажилсаг оёдолчин учраас л тэр. 

Альфредийн өвөг дээдэс XIX зуунд Английг ниргэсэн Их өлсгөлөнгийн үеэр тэнгис далайг гатлан Америкт хөл тавьсан ирландууд байж. Халаасандаа улаан зоосгүй тэд нүүж ирсэн шинэ нутагтаа бүхнийг эхнээс эхлүүлэхэд бишгүй бэрхшээлийг даван туулсан нь тодорхой. Учир нь тэд католик шашинтай ирландууд байсан юм. Протестант шашинтай Англид ч, Америкт ч тэднийг ойшоодоггүй, элдвээр гоочилдог байжээ.

Иймд ирландууд шинэ нийгэмд дасч зохицон хөл дээрээ босч ирэхэд юунаас ч шантралгүй ихэд хичээл зүтгэл гаргах шаардлагатай болсон аж. Альфредийн өвөг дээдэс тэгж чаджээ. Тэдний үл шантрах хичээл зүтгэлтэй хөдөлмөрч зан нь дараа дараагийн үеийнхний генд бат бэх суусан гэлтэй. Маржи охинд ч мөн уламжлагджээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Альфред фронтод явж байлдах зургаан өргөдөл гаргасан ч хараа муутай тул эмнэлгийн шалгалтыг нэг ч удаа давж чадаагүй аж. Иймд тэрээр хүнсний лангуунуудаа ажиллуулахын зэрэгцээ улс төрд идэвхтэй оролцон Грантемийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож чаджээ. Түүний хүнсний лангууны бизнес төдийгүй улс төрийн элдэв үйл ажиллагаанд бяцхан охин Маржи нь байнга дагалдана. Гэхдээ тэрээр аавын эрх охин байсангүй. Альфред гэр бүлийнхнээ дарангуйлдаг нэгэн биш ч охиндоо ихээхэн шаардлага тавьдаг чанд хатуу эцэг байжээ. Тэр үеийн Англид ихэвчлэн хүү нараа тэгж хүмүүжүүлдэг байсан гэнэ. Гэвч Альфред, Беатрис Робертс хоёрт хүү заяасангүй, хоёр охинтой болсноос бага нь Маргарет байжээ.

Иймд “self made man” буюу өөрөө өөрийгөө бүтээсэн мятаршгүй хөдөлмөрч Альфред охидоо хөдөлмөрч хичээнгүй, бие даасан байдалтай болгон хүмүүжүүлэхийг эрмэлзэж, зорьсондоо ч хүрчээ.

Маржи ном унших дуртай, хичээлдээ сайнаас гадна маш идэвхтэй, нийгэмд дасан зохицох чадвар сайтай охин байв. Тэрээр олны дунд байнга бужигнаж өдрийн дотор үй олон ажил амжуулна. Маржи шүлэг зохиож уншин олон нийтийн мэтгэлцээнд оролцохын сацуу зүлгэн дээрх хоккей тоглож, усанд сэлэлтийн спортоор хичээллэж, төгөлд хуур хүртэл тоглодог байжээ. Тэрээр сургуульдаа бүхий л хичээлд сайн ч химид онцгой амжилт гаргасан тул энэ чиглэлээр их сургуульд элсчээ.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Робертсийн гэр бүл лангуунууддаа фронтод зориулан хөрөнгө цуглуулах ажлыг санаачилсан ба үүнд Маржи маш их идэвх зүтгэлтэй оролцсон байна. Чухамхүү дайн л охинд эх оронч үзлийг гүн суулгаж, эцэст нь улс төрд ороход нь нөлөөлсөн байж болох юм. Дайн дэгдээгүйсэн бол тэрээр Лондоны аль нэг лабораторид химичээр чимээгүйхэн ажиллах байсан биз ээ. Ингэж л Маржи Маргарет болж хувирчээ. 

 

“Төмөр хатагтай Маргарет”

Маргарет Робертс 1943 онд 17 насандаа Оксфордын их сургуульд элсэв. Тэнд л тэрээр улс төрийн анхны алхмуудаа хийжээ. Үүний сацуу Маргарет сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш их ажиллахад хүрнэ. Хэдий тийм ч оюутнуудын амьдралд идэвхтэй оролцохын дээр Оксфордын их сургуулийн Консерватив холбооны гишүүн болжээ.

Сурлагынхаа үеэр Маргарет Робертс академик хүрээлэлд жендер буюу хүйсээр ялгаварлан гадуурхах явдалтай тулгараад зориудаар үүнийг эсэргүүцэн маш эмэгтэйлэг хувцаслах нь зүйтэй гэсэн үзэл бодолтой болсон аж. Тэр цагаас хойш энэ үзэл бодлоосоо ухраагүй. Маргарет Тэтчерийг даашинзны оронд өмдтэй, эсвэл өөр нэг юнисекс өмсгөлтэйг нь харсан хүн үгүй.

Гэртээ тэрээр хэдий зав муутай ч нөхөр Деннис Тэтчерт өглөөний хоолыг нь байнга бэлдэж, заримдаа бүр үдийн зоогийг ч хийдэг байжээ. Энэ нь түүний эрчүүдийн үзэл бодолд авталгүй эмэгтэй гэдгээрээ улс төрийн тэмцэлд ялах нэг нөхцөл болсон гэж үздэг.

1952 оны хавар түүний аав Альфредийг анх удаа Грантемийн удирдах зөвлөлд сонгосонгүй. Үүний шалтгаан ойлгомжтой, тус хотын зөвлөлд үнэмлэхүй олонхи болсон Лейборист намынхан хэт шашинлаг аавыг нь албан тушаалаас нь огцруулжээ. Лейбористууд уламжлал ёсоор Английн хотуудын ядуу хэсэг, нэн ялангуяа ажилчдын эрх ашгийг хамгаалсаар иржээ.

Тэгээд ч дэлхийн хоёрдугаар дайн дуусч, нацист Германыг бутцохиход ЗХУ гол үүрэг гүйцэтснийг дэлхий нийтээр үнэлж байв. Иймээс ч манай гаригийн өнцөг булан бүрт зүүний үзэл газар авсны нэг нь өнөөх л Их Британи.

Харин “Төмөр хатагтай” улс төрийн карьерийнхаа туршид зүүний үзэл бодолтой Их Британид төдийгүй дэлхий даяар эрс шийдмэг тэмцсэн юм. Түүний улс төрийн хатуу чанд бодлогыг хожим хойно “Тетчеризм” гэж нэрлэсэн билээ.

Маргарет Тэтчерийг Их Британийн Ерөнхий сайд болсон 1979 онд улс оронд нь эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байсан учраас тэрээр Лейборист намын өмнө нь хэрэгжүүлсэн нийгмийн бүх хөнгөлөлтийг цуцалжээ. Тэр ч бүү хэл бүр 1950-иад оноос хэрэгжиж эхэлсэн дунд сургуулийн хүүхдүүдийг үнэгүй сүүгээр тэтгэх хөтөлбөрийг ч хүчингүй болгосон байна. Иймээс ч түүнийг “хүүхдийн сүү хуйлгайлагч” гэж дуудах болжээ.

Төрөөс олгодог иймэрхүү тэтгэмжүүдийг ихээр хазаарласны дээр “British Telecom”, “British Gas”, “British Airways” гэх мэт төрийн мэдлийн компаниудыг хувьчилснаар тус улсын төсөвт арвин их мөнгө цутгаснаас гадна хувийн компаниудын бизнес цэцэглэж эхэлсэн аж. Тэрээр түүнчлэн компаниудын бизнесийн идэвхжил, хүн амын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор татварыг хоёр дахин бууруулжээ.

Сонирхолтой нь, Маргарет Тэтчер “Төмөр хатагтай” хочоо дэмжигчдээсээ бус, харин ч гол дайсан ЗХУ-ын удирдагч Л.Брежневээс хүртсэн аж. 1976 онд түүнийг ЗХУ-ын гадаад бодлогын талаар эрс шүүмжлэлтэй хандахад Л.Брежнев, “Яасан сүрхий төмөр шиг эмэгтэй вэ” гэж үнэлжээ.

Ингэж дуудуулах нь Маргарет Тэтчерт эхэндээ таалагдаагүй ч няцашгүй байдлыг нь ийн дайсагнагч тал хүртэл хүлээн зөвшөөрснийг бодолцон дэмжигчиддээ өөрийг нь ийн нэрлэхэд дургүйцээгүй юм гэнэ лээ.

Эх сурвалж: zms.mn