К.АНУ
Энэтхэг улс манай эриний өмнөх 2-11 дүгээр зуунд хамаарах, Энэтхэгийн Үндэсний музейд хадгалагдаж байсан 16 чулуун баримал, хөшөөний хэсгүүдийн хуулбарыг Халимагийн улсын Үндэсний музейд хандивлаж байна.
Энэ аравдугаар сарын 11-нд Энэтхэгийн зочид төлөөлөгчид Халимагт айлчилж байгаа ба энэ нь Буддын шашны хамгийн ариун нандин дурсгалуудыг дэлгэж байгаа үзэсгэлэнтэй холбоотой юм.
Энэхүү арга хэмжээнд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр түүхэн дурсгалуудын хуулбар хувийг Халимагт хандивлах тухайгаа мэдэгдсэн байна. "Бүгд найрамдах Халимаг улсын Н.Н.Палмовын нэрэмжит Үндэсний музейд уг дурсгалыг шилжүүлэх зорилгоор тусгайлан хуулбарласан үзэсгэлэнг нээж байна. Энд Энэтхэгийн Үндэсний музейд хадгалагдаж буй чулуун баримал, хөшөөний хэсгүүд, МЭӨ 2-11 дүгээр зууны үеийн амьдрал, эртний хүмүүсийн амьдралын дүр төрхийг харуулсан 16 зүйлийн хуулбар бүтээл багтаж байна. Энэтхэгийн тал бүх хуулбарыг Бүгд найрамдах Халимаг улсын Үндэсний музейд хандивлахаар болсон бөгөөд санскрит хэл дээрх ариун нандин судар бичгүүд, эртний гар бичмэлийн хуулбарыг ч Халимагийн тал хүлээн авна” гэж мэдэгдэлд дурджээ.
Айлчлалын үеэр Энэтхэгийн төлөөлөгчид монгол хэл дээрх Буддын шашны судрын түүвэр 108 боть номыг гардуулж байгаа аж.
Халимагийн гэгээнтэн Сажа Тризин ринбүүчи хэлэхдээ "Халимагийн ард түмэн үргэлж итгэл бишрэлээ хадгалж, заримдаа хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн номлол сургаалийг хэрэгжүүлсээр ирсэн. Сүм хийдүүдийг байгуулж, лам хуврагуудыг сургаж, ариун судар номыг хадгалан, үеэс үед уламжлан үлдээсэн” гэж онцолсон байна.
Халимагийн тэргүүн Бат Хасиков энэхүү баярт үйл явдлыг хуваалцсан байна.
2025 оны есдүгээр сарын 25-28-ны хооронд Халимагийн нийслэл Элистэд олон улсын буддын шашны гуравдугаар чуулга уулзалт болсон. Халимагийн нийслэл дөрвөн өдрийн турш 7000 гаруй зочин хүлээн авсны дотор гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцсон. Нийтдээ 35 орноос шашны тэргүүнүүд, судлаачид, төрийн албан хаагчид, олон нийтийн зүтгэлтнүүд ирж, форумын хүрээнд болсон 50 гаруй арга хэмжээнд оролцсон билээ.
Эх сурвалж: zms.mn