Д.АРИУН
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойтой холбоотой цуврал арга хэмжээнүүд болж дараалан өрнөж байна. Энэ түүхт ойтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Үндэсний кино урлагийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр монголын киноныхон өчигдөр мэргэжлийн баярын өдөртэй болсноо анх удаа тэмдэглэсэн. Монголын киноны 90 жилийн ой, “Үндэсний кино урлагийн өдөр”-тэй холбоотой олон мэдээнүүд хэвлэлүүдээр ар араасаа буухиалан байгаа энэ өдрүүдэд “Зууны мэдээ” сонин 90 жилийн тэртээх нэгэн ховор баримтыг толилуулж байна. Өөрөөр хэлбэл, яагаад аравдугаар сарын 11 үндэсний кино урлагийн өдөр болж байгаа юм бэ гэдэг асуултад хариулт өгөх баримт.
Ерөнхий сайд Гэндэн, нэгдүгээр орлогч Чойбалсан, хоёрдугаар орлогч Дэмид, нарийн бичгийн дарга Өлзий-Очир гэсэн гарын үсэг бүхий БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн “ЗСБНХУ-ын тусламжтайгаар үндэсний кино үйлдвэрийг байгуулан хөгжүүлэх тухай” 115 тоот тогтоол 1935 оны аравдугаар сарын 11-нд гарчээ. Уг тогтоолын эхэнд “Үндэсний кино урлагийг дэлгэрүүлэх нь үндэсний соёл, ардын боловсролыг хөгжүүлэхэд маш чухал хэрэг юм. Ардын төр засгийн газар үндэсний соёл, боловсролын бүх ололтыг Монголын ард түмний хүртээл болгож, үндэсний хэлбэртэй болгохыг эрхэм болгож байна. Соёлын бүх ололтыг ард олонд өргөн нэвтрүүлэх, тэдний оюуны төвшин, хувьсгалт ухамсрыг дээшлүүлэх нь чухал юм, учир нь дайсагнагч үзэл сурталтай тэмцэхэд ард түмний зэвсэг болдог. Орчин үеийн техникийн үндсэн дээр кино үйлдвэрлэх кино үйлдвэрийг хөгжүүлэхэд засгийн газар нь бидэнд үнэлш баршгүй туламж үзүүлж найрамдалт Зөвлөлт Холбоот Улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэжээ. Үүнтэй уялдуулан БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолын нэгдүгээр заалтад “Үндэсний соёлын ололтыг тусгах кино үйлдвэрийг байгуулахад нэн даруй орох нь чухал байна. Монголын ард түмний үндэсний амьдралыг сурталчлах, кино бүтээх явдлыг хослуулах киноматографийн хэрэг эрхлэх хороо байгуулсугай” гэж заажээ. Энэхүү ”киноматографийн хэрэг эрхлэх хороо байгуулсугай” гэдэг заалт бол манай улсад кино урлагийн салбар албан ёсоор үүсгэн байгуулж хөгжүүлэх шийдвэр гэсэн үг аж.
Тогтоолын гурав дахь заалтад “Кино үйлдвэрлэлийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байхгүй боловч Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар кинематографийг хөгжүүлэх, мэргэжилтнүүд бэлтгэхэд манай оронд тусламж үзүүлэхийг зөвшөөрлөө. Үүнтэй уялдуулан Ардын гэгээрлийн яам дараахь мэргэжилтнүүдийг урих хүсэлт тавьж байна.
а/ Кино авах ажлыг ерөнхийд нь удирдахад
Киноматографийн хорооны даргад туслах нэг хүн,
б/ Гэрэл зураг, кино зураг авах мэргэжилтэн нэг хүн,
в/ Кино операторын туслах,
г/ Гэрэл зураг ба киноны ажлын сценарист мэргэжилтэн нэг хүн,
д/ Лабораторийн эрхлэгч, гэрэл зургийг хувилах мэргэжилтэн нэг,
е/ Лабораторийн янз бүрийн ажпыг үйлдвэрлэх нэг мэргэжилтэн, Зөвлөлт Холбоот Улсын Гадаад хэргийн ардын комиссар нарын газар, Засгийн газрын зөвшөөрснөөр зургийн мэргэжилтнүүдийг ирүүлэхийг урьж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээртэй уялдуулан кино ба гэрэл зургийн үйлдвэрлэлийн мэргэжилтэн үндэсний боловсон хүчийг бэлтгэх, сургах ажлыг гүйцэтгэхтэй хамт эдгээр мэргэжилтнүүдийг ирүүлэх нь чухал” гэж заажээ.
Түүнчлэн уг тогтоолд боловсон хүчин, түүнийг сургах асуудлыг тусгаж, “Ардын гэгээрлийн яам үндэсний кинематографид зориулан киноны ажилд чадвартай хэд хэдэн хүнийг бэлтгэх, тэдгээр мэргэжилтэн нь киноны ажлын орчин үеийн техникийн арга барилд тэднийг сургах ЗСБНХУ-аас уригдсан мэргэжилтнүүдийн удирдлагаар ажиллах болно. Эдгээр суралцаж буй нөхөд 2-3 жилийн дотор мэргэжил эзэмшиж, бэлтгэпийнхээ үр дүнгийн тухай Гэгээрлийн яаманд илтгэх ёстой гэжээ.
Тогтоолын төгсгөлд Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар шаардлагатай киноны ба гэрэл зургийн төхөөрөмжийг өөрийн тогтсон үнээр нийлүүлэх бөгөөд Ардын Сайд нарын Зөвлөл нь энэ талаар тусгай захирамж гаргана гэсэн байна. Гэхдээ энэхүү тогтоол гарахаас өмнө Зөвлөлт холбоот улсын Ленфильм кино үйлдвэртэй хамтран анхны уран сайхны кино “Монгол хүү”-г хийх ажил эхэлсэн байсан билээ.
Дашрамд дурдахад “Үндэсний кино урлагийн өдөр”-өө анх удаа тэмдэглэсэн кино урлагийн салбарынхан 90 жилийн ойн хүрээндээ аравдугаар сарын 29-нд Төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: zms.mn