П.АМГАЛАН

Монголын Бийч Волейболын холбооноос 2025 оны аравдугаар сарын 20-30-нд  Бахрейн улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын III их наадамд эх орноо төлөөлөн оролцох талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Очгэрэл “Монголын Бийч Волейболын холбоо  энэ оны есдүгээр сарын 6-нд ээлжит бус их хурлаа зохион байгуулж, шинэ ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүд, дэд захирлуудаа томилон бүтцийн шинэчлэлт хийсэн.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд холбоо маань үндсэн волейболын спортоос гадна ахмадын, залуучуудын болон Бийч волейболын холбоодыг дэргэдээ байгуулж, үйл ажиллагааг нь уялдуулан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.Энэ нь Монголын волейболын спортын хөгжлийн шинэ эхлэл юм” гэлээ.

Харин тус холбооны удирдах зөвлөлийн дарга, “Бийч Волейболыг Хөгжүүлэх Сан”-гийн удирах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг “Волейболын Холбоо нь Монголын Волейболын Холбооны дэргэдэх бие даасан салбар холбоо юм. Бид үндсэн холбоотой хамтран ажиллахдаа санхүүжилт болон маркетингийн бодлогоор харилцан хамааралгүй, бие даасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах зарчимд тохирсон. Энэ зорилгын хүрээнд бид "Монголын Волейболын Нарлаг Спорт Сургалтын Төв" буюу "Бийч Волейболыг Хөгжүүлэх Сан"-г байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сангийн гол зорилго нь бийч волейболоор хичээллэгчдийн сургалт, өсөлт, хөгжилд тулгардаг санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх юм” гэсэн юм.

Бахрейн улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын III их наадамд оролцох шигшээ багийн тамирчид сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ үеэр эрэгтэй шигшээ багийн тамирчин  Б.Онон “ Би 16 настай. Анагаахын Лицей сургуульд 11-р ангид суралцдаг. Волейболын спортоор гурван жил тасралтгүй хичээллэж байгаа” гэлээ. Харин эмэгтэй шигшээ багийн тамирчин Н.Нандин-Эрдэнэ “Би Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн  XII сургуулийн 10 ангид сурдаг.  Волейболын спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна” гэсэн юм.
Түүнчлэн Монголын Бийч Волейболын Холбоо  тус спортын төрлийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, залуу тамирчдыг сургах, бэлтгэлийн арга зүйг боловсронгуй болгох , у лсын аварга болон олон улсын тэмцээн зохион байгуулах, олон улсын тэмцээнд оролцох баг, тамирчдыг бэлтгэх, мэргэжлийн дасгалжуулагч, тамирчин, техникийн боловсон хүчнийг бий болгох  чиглэлээр ажиллах аж.

Эх сурвалж:www.zms.mn