Ц.МЯГМАРБАЯР 

Нэг ч модгүй, задгай салхитай Орхоны хөндийд өдгөө “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” бий болж тал дүүрэн эгнэсэн модод найгаж, шувууд жиргэнэ. Монголчууд бид анх удаа шахам нүцгэн талд өөрсдийн гараар цэцэрлэгт хүрээлэн байгуулж хэдэн зуун мянгаар тоологдох модыг тарьж ургуулсныг хараад нүд баясаж сэтгэл сэргэв. Намрын шаргал нар ээсэн дулаахан өдрүүдийн тоо цөөрч байгаа энэ цагт Тэрбум мод сангийнхантай Орхон голын сав газар “Хархорум” хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д аяны дөрөө мултлах боломж олдсон нь энэ юм. Өнөөдөр энд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн үндэсний 22 компани тарьж, ургуулсан модныхоо ургалтын хувь, гүйцэтгэлээ дүгнүүлэхээр цуглараад байгаа нь энэ. Эл цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайг тохижуулан тарьсан шилмүүст моддоо шалгуулан, баталгаажуулалт хийлгэхээр үндэсний компанийн төлөөллүүд идэвхийлэн оролцож байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа.  Хот байгуулахын тулд эхлээд ногоон байгууламжаа байгуулдаг олон улсын жишгээр тус цэцэрлэгт хүрээлэн байгуулах эхлэл тавигджээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Эрдэнэзуу хийдээс 11 км зайд орших 1500 га хөндийд нийт 1.118.545 сая ширхэг мод тарих  төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 36 га газарт нийт 553.813 мод тарьснаас 298.233 мод нь ургаж  амьдрах хувь 56.8 хувьтай, гүйцэтгэл 50 орчим хувь байна хэмээн Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцуулав.

Б.Ганзориг

Тэрээр “Хархорум” хотын ногоон бүс байгуулах ажлын хүрээнд найман хэсэг талбайн 1500 га-д сая орчим мод тарих  төлөвлөлттэй  зургаадугаар сард ажлаа эхэлсэн. Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтнүүд гүйцэтгэгч байгууллагуудын тарьсан модны амьдрах хувийг тогтоохоор намрын тооллого явуулж, хөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулж байна” гэсэн юм. Мөн усалгааны систем доголдолтой байгаагаас ургалтын хувь буурч гарч байгааг компаниуд шүүмжилж байсан юм.Тиймээс цаашид усалгааны системийг боловсронгуй болгох тухайд анхаарах шаардлагатайг онцолж байлаа. Энэ талаар "Ургамалын далай" ХХК-ын үүсгэн байгуулагч Ц.Түмэнбаяр "Өмнө нь ой байгаагүй талбайг ойжуулахад тулгардаг бэрхшээлүүд олон бий. Гэхдээ бид бие, биеэсээ суралцаж хамтдаа зөв шийдлээр усалгааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Шинэ “Хархорум” хотыг  сэргээхэд мод үржүүлгийн мэргэжлийн олон  байгууллагууд оролцож мэддэг, чаддаг бүхнээ зориулж байна. Бид алдаа, оноон дээрээ суралцаж хамтдаа Монголчуудын эртний түүхт хотоо дахин сэргээж бүтээн байгуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. 

Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтнүүд гүйцэтгэгч байгууллагуудын тарьсан модны амьдрах хувийг тогтоохоор намрын тооллого явуулж, хөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Тэрбум мод сангийнхан 3.2 сая мод тарьж ургалт 95 хувьтай байна 

Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороход л урдаас эгнээгээр ургасан 2.5-2.8  метрийн өндөртэй гацуур, нарс мод биднийг угтана. Модод намрын өнгөөр солонгорон, өндрийн өсөлтөө авч, нахиагаа зангидан, өвөлдөө бэлтгэн найган, ганхан байгаа нь гоёхон. Хүний гараар богино хугацаанд бий болсон шилмүүст ойн сэнгэнэсэн үнэрт гүнзгий амьсгаа авч уушгиа цэвэрлэж зогсох бахархам. Үндэсний аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлээ манлайлан ажиллаж 3616 мод тарьж түүнийгээ 100 хувь ургуулж буй газрын нэг нь Банкны холбоодын санаачлан байгуулсан Тэрбум мод сангийнхан юм. “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын суурийг тавилцаж тус цэцэрлэгт хүрээлэнгийн угталтын хэсгийг тохижуулжээ. Эднийх 9.6 га газарт нийт 3116 ширхэг нь нарс, 500 ширхэг гацуур мод тарьжээ.Түүнчлэн 13 мянган кв.м бүхий авто зогсоолын талбайг барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Тус сангийн ойжуулалтын ажлыг “Тод газар” ХХК, харин авто зогсоолын гүйцэтгэгчээр “АЗЗА Нэгтгэл” ТӨХК- ийн хамт олон  богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хамтран ажилласан тухай Б.Баярмаа захирал ярьсан юм.

Б.Баярмаа

Тэрээр “Зөв газар, зөв модыг зөв зорилгоор зөв аргачлалаар тарьж, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизм, тогтолцоог бий болгох зорилго дэвшүүлсэн Тэрбум мод сан нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш үүнээс гадна нийт 21 аймгийг хамарч  3.5 сая модыг тарьж ургуулсан бөгөөд 95 хувиас дээш ургалттай байгаа” хэмээн онцолсон. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн “Хархорум” хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөр, сайн санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахад чиглэж байгааг чухалчилсан. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас ирэх гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллах ажээ. Тус сангийн гүйцэтгэгч компаниар мод шилжүүлэн суулгах технологиор монголдоо тэргүүлэгч “Тод газар”ХХК ажилласан юм. Тус кампанийн захирал Б.Батсайхан хэлэхдээ “ Монголд муу нэртээ олон сан байдаг ч ойн салбарт хувь нэмэр оруулж буй Тэрбум мод сан бол ирээдүйд хүчилтөрөгчийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэдгээр ялгарна. Өөрөөр хэлбэл, хамгийн ил тод, санхүүгийн тогтвортой менежменттэй, ил тод байдлаараа ялгарч буй сан. Мөн тарьсан модоо заавал ургуулах хариуцлагын тогтолцоог эднийх нэвтрүүлсэн. Ер нь банкны салбарынхны санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийнхан ойн салбарт үлгэрлэж байна” гэсэн юм. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сан болохоор зорьж байна 

Тэрбум мод сан нь байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, санхүүжилт босгон үндэсний хэмжээнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг санг бий болгохоор ажиллаж байгаа гэлээ. Тус сан 50 сая мод тарьж ургуулах зорилго дор олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, одоогоор 89 төсөлд санхүүжилт олгож, 28 мянган хүүхдэд ногоон орчин бүрдүүлж өгсөн байна. 800 гаруй мянган иргэнд экологийн боловсрол олгосон гээд онцлох үр дүн их. 
Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 2023-2024 онд олон байршилд эхлүүлсэн байна. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд 2580 мод, Өмнөговь аймгийн Баяндалай суманд 5000 мод, Өвөрхангайн Бат-Өлзий суманд 20 мянган мод, Баянхонгорт 10 мянга гаруй гээд тарьсан модны хэмжээ нь үргэлжилнэ. Түүнчлэн томоохон хэмжээний ойжуулалт, нөхөн сэргээлтийг "Тэрбум мод сан" анхааралдаа авч, Сэлэнгэ аймагт 2024 оны байдлаар 1000 га талбайд 2.8 сая мод тарьж ургуулах үйл явц үргэлжлэн өрнөж байна. Хувийн хэвшил, тэр тусмаа банкны салбар нийгмийн хариуцлагын хүрээнд Тэрбум мод санг үүсгэн байгуулж, ойг эдийн засагжуулах, модыг мөнгөжүүлэх, ойн салбараа шинэ түвшинд гаргахад хамгийн их хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгааг энэ үеэр тодотгосон. 


Тэрбум мод сангийн Энэ зам, хашаа, модны гүйцэтгэгч компанийнхан. Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгий нээлтийн үеэр

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7686)