Д.ДАРАМБАЗАР

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирлын хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ үеэр "The MongolZ" баг испани тамирчидтай Францын шинэхэн баг "Gentle Mates"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, 2-2 амжилттай болсон юм. Ингэснээр тэд плей-оффд шалгарах эсэхээ шийдэх чухал тоглолтыг Украины "NaVi"-ийн эсрэг хийхээр болж байна. Тоглолтын үр дүнгээс гадна тоглолтын явцад нэгэн анхаарал татахуйц үйл явдал болсон нь "Gentle Mates" багийн тоглогч Антонио Мартинез буюу "Martinez" "Mirage" мап дээрх тоглолтын үеэр "The MongolZ"-ийн тамирчдыг "Jackie Chan" гэсэн нь олны дургүйцлийг хүргэв. Өөрөөр хэлбэл, Испани тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллээ гэж бухимдах хүн олон байна. Учир нь "The MongolZ" бол монгол баг,  Жеки Чан бол Хонг Конгийн алдарт жүжигчин. Мартинезын хэлсэн үгийг утгачилбал бүх Ази хүмүүсийг адилхан харагддаг гэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэвшмэл үг юм.  Удалгүй "Martinez" өөрийн Х хаягаараа дамжуулан хэлсэн үгэндээ уучлалт гуйжээ. Тэрээр "The MongolZ-ийн эсрэг хэлсэн үгэндээ гүнээ хүлцэл өчихийг хүсч байна. Миний хэлсэн үгс ямар үл хүндэлсэн, өвтгөм гэдгийг ойлгож байна. Соёлын ялгаанаас болж хэлсэн үгийнхээ утгыг ойлгосонгүй. Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах утгыг агуулаагүй болно. The MongolZ багийнхан, багийн нөхөд, хамт олноосоо үнэхээр уучлалт хүсч байна. Багийн зүгээс авах ямар ч арга хэмжээг хүлээн авахад бэлэн байна. Ийм зүйл дахиж болохгүй" гэжээ. Харин The Mongolz багийн зүгээс “Гэм буруугүй ээ” гэж түүнд хэлжээ.

Эх сурвалж: www.zms.mn