Э.Мийгаа

Австрийн өмнөд хэсгийн Грац хотын эмнэлэгт төрөхдөө солигдсон хоёр эмэгтэй 35 жилийн дараа нэгэнтэйгээ уулзсан байна. Дорис Грюнвальд болон Жессика Баумгартнер нар 1990 оны аравдугаар сард Грац хотын их сургуулийн төв эмнэлэг LKH-Uniklinikum-д төржээ. Тэд хоёулаа дутуу төрсөн байна. Төрсний дараахан санамсаргүй байдлаар тэднийг андууран эцэг эхүүдэд нь өгчээ.

2012 онд Дорис Грюнвальд цусаа хандивлах үеэр ээж Эвелин болон аав Йозеф нарынхаа цусны бүлэгтэй таарахгүй байгааг мэдээд биологийн охин нь биш болохоо анх мэджээ. Энэ явдлыг 2016 онд Австрийн олон нийтийн телевиз ORP-т хандан мэдээлэх үед нөгөө гэр бүлийг олж чадаагүй байна.

Жессика Баумгартнер харин Грац хотын ойролцоо Хемберт болон Моника Дерлер нарынд өсжээ. Тэрээр жирэмсэн болох үедээ цусны бүлэг нь эцэг эхийнхтэйгээ тохирохгүй байгааг олж мэдсэн бөгөөд эмч түүнд төрөхдөө солигдсон хүүхдүүдийн хэрэг байгаа талаар хэлж өгсөн байна.

Үүний дараа Жессика фэйсбүүкээр дамжуулан Дористой холбоо тогтоосноор тэд уулзжээ. Жессика яг л эгчтэйгээ уулзаж байгаа мэт байсан гэжээ. Харин Дорис бид анхнаасаа л сайн ойлголцсон. Энэ бол үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж байсан хэмээн дурссан байна. Саяхан хоёр гэр бүл уулзахад тэдний уулзалтыг ORP телевизийн баг бүрэн бичиж авчээ.

Моника уг мэдээг сонсоод сэтгэл хөдлөл, төөрөгдөл зэрэгцсэн хэцүү мөч байсан. Гэхдээ миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол Жессика үргэлж бидний охин байх болно. Харин Дорисыг хараад яасан өхөөрдөм, урам хайрламаар охин бэ гэж бодсон хэмээн ярьжээ.

Эвелинийн хувьд надад одоо гэр бүл маань улам өргөжиж, бүх зүйл тодорхой боллоо гэжээ. Түүний нөхөр бидэнд энэ нь үнэхээр нэгэн төрлийн тайвшрал байлаа гэж нэмж хэлсэн байна.

Тухайн үеийн алдаанд хариуцлага хүлээж, Грац хотын LKH-Uniklinikum эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан менежер Гебхард Фальцбергер тухайн үед ийм алдаа гаргасанд бид гүнээ харамсаж байна. Хоёр гэр бүлээс эмнэлгийн нэрийн өмнөөс уучлал хүсье хэмээн мэдэгджээ.

2016 онд Грюнвальдынхан өмгөөлөгч хөлсөлж, Дорисыг хуулиар өргөж авах зөвлөгөө авсан байна. Энэ нь түүний өв залгамжлах эрхийг баталгаажуулах зорилготой байв. Мөн тэд эмнэлгээс нөхөн төлбөр авч чаджээ.

Дерлерийн гэр бүл ч одоо ижил арга хэмжээ авч, өргөмөл охиныхоо хуулийн байдлыг баталгаажуулах болон нөхөн төлбөр авах ажиллагааг эхлүүлээд байна. Жессика одоо бүх зүйл тодорхой болсон нь сайхан хэрэг. Гэхдээ сэтгэл зүйн хувьд хүнд байна. Энэ бүхэнд гоё, урамтай тал байхад бас өвдөлттэй хэсэг ч бий гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж www.BBC.com