Р.Оюун

“Хүний нөөцийн хомсдол ба ажилгүйдэл” сэдвийн хүрээнд “HR Day-2025” арга хэмжээ болох талаар хүний нөөцийн салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд, судлаачид мэдээлэл хийлээ. Тэд хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллагуудын тулгамдсан асуудал, залуусын хөдөлмөр эрхлэлт болон “HR Day-2025” арга хэмжээний зорилго, хөтөлбөрийг танилцуулсан юм.

Ажилгүйдэл, хүний нөөцийн дутагдал нь Монгол Улсын эдийн засаг, залуу хойч үеийг хамгийн ихээр түгшээж буй асуудлын нэг болжээ. Дэлхийн банкны мэдээллээр Монголд өнгөрсөн онд 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 13.8 хувиар өссөн байна. Үүнийг хэлэлцэх “HR Day-2025: Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг энэ жил “Хүн ба хиймэл оюуны харилцаа хамаарал” сэдвийн дор Монголын хүний хөгжлийн консорциум, Zangia.mn, TsoilogsoZ залуусын нэгдэлтэй хамтран энэ сарын 13-нд зохион байгуулахаар болжээ.

Цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд энэ жил хиймэл оюун ба хүний чадамжийн уялдаа, технологи болон бүтээмж, хөдөлмөрийн ирээдүй, чадварын хувьсал гэсэн сэдвийг хэлэлцэхээрээ онцлогтой. Энэ арга хэмжээнд хүнтэй ажилладаг хэн ч оролцож болно. Зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүд бус багийн менежер, сургалтын ажилтан, карьертай мэргэжилтнүүд, оюутан, шинэ төгсөгчид, карьерын зөвлөгөө авах, ажил олгогчтой танилцах боломжтой. Оюутан, залууст зориулсан тусгай хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн шилдэг хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажиллах хүчтэйгээ холбогдох шинэ гарц нээгдэнэ. Карьер бол аз биш. Харин зөв цагт, зөв газарт, зөв хүнтэй уулзах боломж хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярьж байлаа.

Эх сурвалж www.zms.mn