ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын дэргэдэх Бүх Оросын олон нийтийн байгууллага “Залуу гварди” хөдөлгөөн болон Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны хамтарсан Залуучуудын чуулга уулзалтын нээлтэд зориулсан хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа.  Уулзалтад Оросын бүс нутгуудаас ирсэн намын дэргэдэх залуучуудын байгууллагын 50 төлөөлөгч, мөн Монгол Ардын Намын 50 залуу гишүүн оролцож байгаа юм. Ийм хэмжээний хамтарсан төсөл сүүлийн жилүүдэд анх удаа хэрэгжиж байгаа билээ.   ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков нээж хэлсэн үгэндээ “Оросын ЭСЯ-нд манай хоёр улсын хамгийн том улс төрийн хүчнүүдийг төлөөлсөн залуусыг хүндэтгэн угтахад таатай баяртай байна. Манай нам хоорондын харилцаа, хамтран ажилласан түүх зуун жилийн өмнөөс эхлэлтэй. Энэ харилцаа Зөвлөлтийн үед оргилдоо хүрч Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам болон Монгол Ардын Хувьсгалт нам болон тэдгээрийн дэргэдэх залуучуудын байгууллага хоорондын хамгийн ойр дотно холбоо тогтсон юм”  хэмээн онцлов. Социал Демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва чуулганд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж Монголын залуу үед Зөвлөлт-Монголын найрамдал, дайчин нөхөрлөлийн түүхэн дурсамжийг хадгалах нь чухал хэмээгээд, Монгол Улсад шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон олон салбарын хөгжил түүний “хойд хөрш” Орос улстай салшгүй холбоотойг тодотгов.“Нэгдсэн Орос” намын дэргэдэх “Залуу гварди” хөдөлгөөний тэргүүн А.В.Демидов мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын намын залуучуудын энэ уулзалт нь Орос-Монголын харилцаанд олон жилийн туршид асар их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Тэрээр “Ирээдүйн олон туйлт ертөнцийг байгуулах үүрэг залуусын өмнө байна. Үүнийг бид түнш орнуудын тусгаар тогтнол, түүх, соёлыг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой» гэж нэмж хэлсэн. Мөн Элчин сайд А.Н.Евсиков В.Демидов, Б.Пүрэвдагва болон “Нэгдсэн Орос” намын олон улсын харилцааны хэлтсийн дарга В.О.Горохова нарт 1945 оны Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны үеэр армийн генерал И.А.Плиевийн удирдлага дор Зөвлөлт-Монголын морьт механикжсан бүлэг Японы милитаристуудыг ялсны 80 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын тэмдгийг гардуулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 187 (7684)