П.АМГАЛАНБАЯР
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа "Эрдэнэт" зургийн дугуйлангийн багш Э.Төгсөө болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.
-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?
-Юуны түрүүнд материалтай харьцах, зурах аргыг эмх цэгцтэй болон зөв дараалалтай заахыг чухалчилдаг. Дарааллаа сайн цээжилсэн хүүхэд нот хараад тоглодог хөгжимчин шиг ямар ч дүрс гаргахдаа чөлөөтэй сэтгэж зурна.
Мөн өнгөний хүрд цээжлүүлдэг. Ингэснээр хүүхэд хүссэн өнгөө гаргаж сурна. Мэдээж өнгөө холиод байх нь уйтгартай болохоор аль болох сонирхолтой аргаар заахыг хичээдэг. Хүүхдийн нас нэмэгдэх тусам гэрэл, сүүдэр, өнгө, дүрс зэрэг агуулга нь өөрчлөгддөг.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Дүрслэх урлаг хүүхдийн төлөвшилд чухал байр суурь эзэлдэг. Юуны түрүүнд, гоо зүйн мэдлэг өгдөг. Тодруулбал, тогтоож ажиглах дадал, тунгааж эргэцүүлэх, төвлөрөх зэрэг өвөрмөц хийгээд маш чухал боловсролыг олгодгоороо онцлог.
-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Урлаг хүнд нэгэн зэрэг алдах бас онох боломжийг өгдөг. Буруу зураг гэж байдаггүй. Хамгийн гол нь чи юу мэдэрч байна, яаж илэрхийлж байна вэ гэдэг нь чухал. Өдөр бүр бага ч гэсэн хугацааг зураг зурахад зориулаарай. Гар чинь дасах тусам уран бүтээл чинь илүү сайхан болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.