Ч.БЯМБАХАЖИД
Энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшнээс гадна хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Мөн хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлшээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна гэх үр дүн гарчээ.
“Хагас коксон шахмал түлшний нэг шуудай нь 25 кг бөгөөд 5000 төгрөгөөр борлуулна”
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон түлшийг борлуулна. Мөн хагас коксон шахмал түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна. Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна. Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон. Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна. Хагас коксон түлш худалдаалагдаж эхлэхээр иргэд сайжруулсан түлштэй харьцуулан хэрэглэж, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно” хэмээн мэдээлж байсан юм.
Тэгвэл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хагас коксон түлшийг өчигдрөөс худалдаалж эхэллээ. Ингэхдээ эхний ээлжинд зөвхөн гэр хороололд амьдарч байгаа өрхүүдийг хагас коксон түлшинд хамруулах юм байна. Уг түлшний нэг шуудай нь 25 кг бөгөөд 5000 төгрөгөөр борлуулагдах юм.
Шинэ төрлийн хагас коксон түлшийг БНХАУ-аас импортоор оруулж ирэн, Тавантолгой түлш компанийн үйлдвэрт савласны дараа борлуулж байгаа аж. Уламжлалт болон төслийн зууханд ашиглах боломжтой энэ төрлийн түлшийг түгээх хүрээнд тус компаниас хэрэглэгчдэд зориулсан зөв галлагааны зааварчилгааг хүргүүлжээ. Энэ нь түлшний үр ашиг, хэрэглээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Иргэд түлшээ хэрэглэхдээ хэд хэдэн боломжийг ашиглаж болно. Тухайлбал, иргэний үнэмлэхний QR код, Hotula апплекейшн эсвэл Сайн карт ашиглан шууд төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Хэрэв хэрэглэгч эдгээр сувгаар төлбөрөө хийх боломжгүй бол 70119400 дугаарт холбогдон QR эрхээ нээлгэх зэрэг нэмэлт сонголтоор авах боломжтой юм байна.
Үүнийг гэр хорооллын иргэдэд хүйтний улиралд амьжиргааны зардлаа бууруулах нэгэн гарц хэмээн харж байгаа аж. Мөн энэ шийдэл нь төвлөрсөн халаалтгүй бүсүүдэд түлэх түлшний хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Үүнээс гадна технологийн шийдэл, төлбөрийн дэвшилтэт системүүдийг түлшний борлуулалттай уялдуулан нэвтрүүлж байгаа нь иргэдэд хүртээмжтэй, хурдан үйлчилгээг бий болгож байгааг холбогдох эх сурвалж мэдээлсэн. Ингэснээр хэрэглэгч бүрд тодорхой хяналттай, саад сааталгүй түлш олгох нөхцөл бүрдэх юм байна.
“Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулжээ”
Мөн Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ.
Өмнө нь мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа уг “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж мөрдөж байсныг ийнхүү шинэчлэн батлуулж байгаа юм.
Стандартыг шинэчлэн батлуулснаар өмнөх стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавигдах техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгааг албаныхан мэдээллээ.
Тухайлбал, хагас коксон түлш нь “нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50 мм ширхэглэлтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ.
Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй, Хүхэр 0,5 хувиас ихгүй, Дэгдэмхий 12 хувиас ихгүй, Чийг зургаан хувиас ихгүй, Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгасан байна.
Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн таван хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгажээ.
“Тохирлын гэрчилгээ”-гээр иргэд тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажууллаа”
Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн галлагаандаа хэрэглэх хагас коксон шахмал түлш нь Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох мэргэжлийн байгууллагаас мөн олголоо.
Хагас коксон шахмал түлшний “Тохирлын гэрчилгээ” гэдэг нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй юм.
Энэ гэрчилгээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог байна.
Шинэ хагас коксон түлшийг нэвтрүүлэх энэ алхам нь нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлшний асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэх бодит шийдэл болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар агаарын чанарыг сайжруулах үндэсний зорилтын эхний үр дүнг ойрын хугацаанд харах боломжтой болох аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.