Б.НЯМДАРЬ
Хорт хавдрыг даван туулагч, стилист Ч.Ган-Инжийг “Эрүүл мэнд” булангийн зочноор урилаа. Тэрбээр саяхны нэг өдөр дахин өөр хавдар буюу умайн хүзүүний хавдрын урьтал шинж тэмдэг илэрсэн талаар өөрийн цахим хуудаст мэдээллээ хуваалцсан билээ. Бид энэ талаар болон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины ач тус, хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг талаар ярилцсан юм.
-Хорт хавдрын талаар ерөнхий ойлголтыг иргэд багагүй мэддэг болсон ч зарим ташаа ойлголтууд байсаар буй нь ажиглагддаг. Энэхүү өвчнийг даван туулсан хүний хувьд олон нийтийн дунд ямар өрөөсгөл ойлголт байдаг гэж та бодож байна вэ?
-Миний хувьд өмнө нь хорт хавдрын талаар сонсоод маш айдас дагуулсан, ховор тохиолддог, туссан ч эдгэхгүй, шууд үхэлд хүргэдэг өвчин гэж боддог байсан. Сүүлийн үед хорт хавдрын өвчлөл ихсэж, тэр дундаа бүхий л төрлийн хавдрын тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн Монголд ч биш, дэлхийн бусад улсад ч нэмэгдэж буй статистик мэдээллээс харж болохоор юм. Гэсэн ч хорт хавдрыг эмчлэх арга илүү нарийн, үр дүнтэй болсон.
Эмчилгээнүүд улам боловсронгуй болж, хэтдээ эдгэдэг өвчин болно гэж үзэж байгаа. Тэгэхээр маш их айдастай, өөрөөсөө хол бодож болохгүй юм шиг санагддаг. Айл бүрд хорт хавдартай нэг хүн байдаг болсон. Тиймээс үүнийг айж хүлээж авахаас илүү, тодорхой болсон аюул, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, туслаа гэхэд ямар эмчилгээ байдаг талаарх ойлголттой байх хэрэгтэй. Хүн аливаа зүйлд бэлтгэлтэй эсвэл судалсан байхад маш тайван ханддаг шүү дээ. Тэр жишгээр л хандвал зөв байх гэж бодож байна.
-Та өмнөх хавдраа даван туулсан. Хоёр дахь удаагаа дахин хавдрын эрсдэлтэй болсон талаараа өөрийн цахим хуудаст мэдээллээ хуваалцсан байсан. Угтаа умайн хүзүүний хорт хавдрыг зөвхөн эмэгтэйчүүд тусдаг биш эрчүүд ч мөн тусах эрсдэлтэй байдаг. Хүмүүс энэ талаар буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тиймээс урьдчилан сэргийлэх талаар та хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Миний өмнө нь туссан хорт хавдар нэлээн хүнд шатны хавдар байсан. Түүнийгээ даван туулаад одоо хяналтад байгаа. Үүний нэг давуу тал нь өмнөхөөсөө билүү болгоомжтой болчихдог. Байнга шинжилгээ өгч, хянуулдаг болсон. Түүний ачаар умайн хүзүүний хорт хавдрын урьтал буюу хорт хавдар болохоос нь өмнө мэдлээ.
Энэ нь HPV буюу Human papillomavirus-аар үүсгэгддэг. Тодруулбал 90 хувь нь энэхүү вирусээр үүсгэгддэг. HPV нь дотроо их олон төрөл ба 16, 18-р төрлүүд хавдар болох эрсдэл өндөр. Магадгүй хүмүүстэй хуваалцах шаардлагагүй хувийн асуудал мэт боловч нөгөө талдаа харин ч хуваалцаж, хүмүүст урьдчилан сэргийлэх боломжийн талаарх ойлголтыг өгмөөр байлаа. Учир нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Гэхдээ умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой. Энэ бол вакцин. HPV буюу хүний паппилома вирусийн эсрэг вакцины гурван тунг хийлгэсэн хүн уг өвчнийг тусахгүй байх бүрэн боломжтой гэсэн үг.
-Манайд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт албан ёсоор нэвтрүүлсэн. Гэхдээ нөгөө талдаа зарим нь вакцинд үл итгэх, эсэргүүцэх хандлага ажиглагддаг. Энэ талаарх таны бодол?
-Вакцин хийлгэх, хийлгэхгүй нь мэдээж тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ талаар иргэдийг маш сайн ойлголттой болж, өөрсдөө ч сайн судлаасай гэж боддог. Ам дамжсан ярианд итгэх биш, шинжлэх ухаанаар баталсан судалгаатай нь танилцаад үзэхэд сөрөг үр дагавар хамгийн бага, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хамгийн сайн арга бол энэхүү вакцин байгаа юм. Тиймээс энэхүү вакциныг Монгол Улсад товлолт вакцинд хамруулж хийж эхэлсэн ба 11-ээс дээш насныханд хийж байна.
Ингэхдээ бэлгийн харьцаанд орохоос өмнө нь вакциныг хийлгэсэн байхад ирээдүйд энэхүү вирусээс хамгаалагдана гэсэн үг. Энэ гурван тунт вакциныг хийлгэх нь маш чухал ач холбогдолтой. Би хоёр охиноо 11 нас хүрэхэд нь уг вакциныг хийлгэнэ гэж боддог. Өөртөө ч мөн хийлгэнэ. Учир нь вирустэй болсон ч гэсэн вакциныг хийлгэж болдог. Уг халдварыг авлаа гээд тэгж ихээр эмзэглэх зүйл биш. Учир нь хүн амын 80 хувь нь амьдралынхаа туршид аль нэг хугацаанд уг вирусийн халдвар авдаг. Тэгэхээр уг вакциныг эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхэд ч хийлгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн бол гол тээвэрлэгч нь байдаг. Эмэгтэй хүнд хавдар болдог.
-"Хавдартай боллоо" гэдэг мэдээ тухайн хүнд болон гэр бүлд нь мөн "хавдар" болж өвчлүүлдэг шүү дээ. Гэр бүлийн хувьд даван туулах хугацаанд ч мөн багагүй бэрхшээлийг хамтдаа туулдаг. Хавдартай гэдгээ анх удаа мэдсэн хүмүүст хандаж та юу гэж зөвлөх вэ?
-Ямар ч байдлаар хавдар туссан, хавдрын урьтал нөхцөл байдалд орсон хүнд маш хүнд цохилт болдог. Эхэндээ эмзэглэж хүлээн авч, амьдрал хөмөрсөн мэт санагддаг. Дасан зохицох цаг хугацаа хүн бүрд хэрэгтэй байдаг. Сэтгэл санаагаа бэлдэх нь маш чухал юм шиг санагддаг. Ярилцлагын эхэнд өгүүлсэнчлэн бэлтгэлтэй байвал тайван ханддаг. Хэн ч хавдар тусаж болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хавдар бол зөвхөн танд ирсэн асуудал биш. Айл бүрд л тулгарч буй асуудал. Надтай адил хавдар туссан, даваад гарсан, эдгэсэн хүн олон бий. Эдгэсэн нь зөвхөн би биш шүү дээ. Тэгэхээр тэд чадсан юм чинь та ч мөн даваад гарна, чадна. Гол нь сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай. Сэтгэл санаа бол хавдар төдийгүй аливаа ямар ч өвчин зовлонг даван туулах түлхүүр учир сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөмөөр байна.
-Хавдрын үүсгэгч нь удамшлын эсвэл амьдарч буй орчин, хэв маяг, хоол хүнс, вирусээс шалтгаалж болдог шүү дээ. Сэргийлэхэд нэгдүгээрт вакцин хамгаална, дараа нь урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийг дурдаж болно. Түүнээс гадна амьдралын ямар хэв маяг чухал гэж та боддог вэ?
-Хавдраас урьдчилан сэргийлэх боломж хүн бүрд бий. Харин туссан хойно эдгэх магадлал илүү багасдаг. Тиймээс хамгийн ухаалаг арга зам бол урьдчилан сэргийлэх юм. Ингэхдээ тодорхой тооны хавдрууд вакцинаар 100 хувь хамгаалж болдгийн нэг нь умайн хүзүүний хорт хавдар. Харин вакцинаар хамгаалах боломжгүй бол эрт илрүүлгийг жилд нэг удаа өгч биеэ оношлуулж байх хэрэгтэй. Мөн эрүүл хооллолт, сайн нойр чухал. Хамгийн чухал нь стресс бага байх ёстой. Стресс их байх тусам өвчлөх магадлал ихэсдэг, үүнийг шинжлэх ухаанаар хүртэл баталчихсан. Хүмүүс бие биедээ уурладаг, бухимддаг, гомддог. Нийгэм өөрөө маш их стресстэй. Эндээс өөрийгөө сэтгэлзүйн дархлаатай болгож хамгаалахгүй бол сэтгэлзүйн өвчин яваандаа биеийн өвчин болоод байгааг ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө төлөө аливаад тайван хандаж, стресс багатай, нэг нэгэндээ хайртай байгаасай гэж боддог доо.
"ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИН НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС 100 ХУВЬ ХАМГААЛДАГ НЬ БАТЛАГДСАН"
-Хэн нэгэн хавдар туссан бол амьдрал нь дуусчих мэт олон нийт зарим нь эндүүрдэг. Угтаа өвчнөө ялан дийлж, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж, харин ч өмнөхөөсөө илүү гоё болж буй тань хавдраас урьдчилан сэргийлэхийг бусдад уриалж, урам зориг өгөөд буй. Та даван туулж буй түүхээсээ гадна өөрийн цаашдын ирээдүйг хэрхэн харж байгаа талаар бидэнтэй хуваалцаж болох уу?
-Хавдар тусахаас өмнө болон дараа нь амьдралын үзэх үзэл минь өөр болсон. Өмнө нь нэлээн өөрийгөө шахаж, ачаалал өгч амьдардаг байсан. Тэр маань ч хавдар үүсэх нэг шалтгаан болсон. Өвчин яагаад үүсдэгийг ерөнхийдөө ойлгосон. Сэтгэлзүйн тогтворгүй байдалд, эрүүл бус дадал зуршилд удаан байснаар хүн өвддөг. Одоо эрүүл хооллоё, дасгал хөдөлгөөн хийе, илүү олон хүмүүст аз жаргалтайгаар удаан амьдрах арга барилыг түгээдэг болохыг хүсэж байна. Тэр нь яриа илтгэл, шинэ ном, уулзалт арга хэмжээ гээд олон талын зорьсон зүйлс байна.
-Өмнө нь өөрийгөө нэлээн шахаж, шахуу хэмнэлээр амьдардаг байсан гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлбэл? Өдрийн хэдэн цагийг сурч, ажиллахдаа зарцуулж байв?
- Хүний идэвхтэй ажиллах цаг хугацаанаас гадна амар тайван байх цаг багассанаар хүн өвдөх эрсдэлээ нэмдэг гэж бодогдсон. Өмнө нь стилистээр ажилладаг байхад өглөөнөөс 16:00 цаг хүртэл ажилладаг байсан. Түүнээс гадна гэрийн ажил, ээжийн ажил гээд өглөө босоод шөнө амрах хүртлээ нэг ч удаа амсхийдэггүй байсан миний буруу зуршил байсан. Ачааллыг ажлаас авахаас гадна, гэр бүлийн үүрэг хариуцлагаас авдаг байсан. Тэр бүрд стресстэй, биеэ чангалж, нэг зүйл хийж дуусаад л дараагийн зүйлс юу билээ гэж санаа зовдог байлаа. Тэгэхээр хэчнээн их ажиллаж байсан ч нэг цагийг дасгал хөдөлгөөн хийхдээ зарцуулдаг, иог, бясалгал хийхдээ цаг гаргах буюу өөртөө зориулсан чанартай цагийг зарцуулах нь амьдралын зуршлын хамгийн чухал бөгөөд хэрэгжүүлэхэд амархан зүйл юм.
-Нэг бодлын сайн ээж байх гэж хэт улайрах нь өөрийгөө сэтгэлзүй болон бие махбодын хувьд эрсдэлд оруулах магадлалтай мэт санагддаг. Таны бодлоор "Сайн ээж" гэж хэнийг хэлэх вэ?
-Миний хувьд энэ талаарх үзэл бодол минь өвдөхөөс өмнө байсан ч одоо л бодитоор хэрэгжүүлэхийг хичээж байна. Тэр бол сэтгэл зүй болон бие махбодын хувьд эрүүл, хүүхдүүдтэйгээ урт удаан чанартай цаг хугацааг өнгөрүүлж чаддаг хүн. "Хүүхдэд энэ хоол л их сайн гэсэн, тэр дугуйланд хамруулах ёстой, энэ насанд нь үүнийг сурсан байх ёстой" гэснээрээ гол үүргээ биелүүлж буй хэрэг биш. Харин хүүхдийнхээ хажууд тайван байгаад, хүүхэд ч тайван мэдрэмж авч, ээжийгээ жаргалтай байхыг харсан хүүхэд л жаргалтай байдаг. Тэгэхээр та эрүүл, аз жаргалтай байснаар хүүхэд яг л тийм байх гээд байна шүү дээ. Таныг аз жаргалтай болгох зүйл юу вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өглөөнөөс шөнө болтол амсхийж борви бохис хийхгүй байх нь мэдээж аз жаргал биш шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө бодож байгаа нь хувиа хичээж буй зүйл огт биш, харин ч хүүхдүүдээ, гэр бүлээ хайрлаж буйн нэг хэлбэр.
-Хавдар туссан хүний гэр бүл, эргэн тойрныхон нь түүнд ямар дэм өгвөл тустай байдаг талаар та зөвлөгөө өгвөл...?
-Хэн нэгэн хавдар тусахад гэр бүлийнхэн нь санхүү, сэтгэл санаа, цаг хугацаа гээд бүх зүйлээ зориулдаг. Түүнийгээ дагаад тэдгээр хүмүүсийн амьдрал ч мөн өөр болчихдог. Өвдсөн хүнд "Би л ганцаараа вакуумжаад, гэрийнхэн хэвийн амьдраад байгаа" мэт санагддаг ч гэр бүлийн хүн бүрийн дотор ямар нэгэн шаналгаа, айдас, түгшүүр тодорхой хэмжээгээр байж л байдаг. Наад захын дэм нь өдөр болгон асуух... Асуухдаа "Бие нь яаж байна" гэхээсээ илүүтэй "Юу хийж байна, хоолоо идсэн үү, хүүхдүүд нь юу хийж байна" гэх мэтээр ямар нэгэн асуулт асуухад болно. Асуулт нь өөрөө анхаарал тавьж буйн хэлбэр. Өвдсөн хүн анхаарал, халамж их хүсдэг болчихдог юм билээ. Тэгэхээр утсаар ярих, асуулт асуух, цэцэг илгээх, ороод гарах зэрэг нь өвдсөн хүнд сэтгэлийн маш том дэм болдог. Заавал том зүйлээр туслах гээд шаардлагагүй. Дээрх шиг жижиг зүйл ч маш том дэм болдог.
-Ярилцлагын төгсгөлд та нийт уншигчдад, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдах, урьдчилан сэргийлэх талаар уриалга хуваалцана уу.
-Нэн түрүүнд хэлмээр байгаа зүйл маань "Хавдар бол аймаар зүйл биш". "Энэ бол аймаар аюул" гэдэг бодолтой байхад бүх зүйл хэцүү санагддаг. Тэгэхээр тэр бодлоо хаяад оронд нь түүнд өөрийгөө хэрхэн бэлдэх, өөрсдийгөө болон хүүхдүүдээ ч эрт илрүүлэгтээ тогтмол хамруулдаг байгаасай. Хоёрдугаарт, 11 нас хүрч байгаа болон түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийлгээрэй гэж уриалмаар байна. Учир нь энэ вакцин 100 хувь хамгаалдаг нь батлагдсан. Бид нэг ч гэсэн хорт хавдраас сэргийлж чадаж байгаа бол вакцинаа хийлгэх л хэрэгтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.