Э.МИЙГАА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газагийн дайныг зогсоох зорилгоор зохион байгуулагдах энхийн хэлэлцээг “түргэсгэх хэрэгтэй” хэмээн уриаллаа. Хэлэлцээрийн зуучлагчид ирэх даваа гарагт Египетэд цуглан, Израиль ба Хамасын хоорондох шууд бус энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр хэлэлцээр нь Хамас АНУ-ын боловсруулсан хорин заалт бүхий энхийн төлөвлөгөөний зарим хэсгийг (жишээлбэл, барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газагийн захиргааг палестин мэргэжилтнүүдэд шилжүүлэх гэх мэт) хүлээн зөвшөөрсний дараа эхлэх юм. Гэвч тус бүлэглэл зэвсгээ хураалгах болон ирээдүйд Газагийн засаглалд оролцохгүй байх гол шаардлагуудыг хариу мэдэгдэлдээ дурдаагүй байна.
Трамп нийгмийн сүлжээнд “Хэлэлцээр маш амжилттай өрнөж байна” хэмээн бичжээ. Тэрээр “Эхний үе шат энэ долоо хоногт дуусна гэж надад мэдээлсэн. Иймд талуудыг хурдан ажиллахыг хүсэж байна. Цаг хугацаа чухал байна. Үгүй бол “цус асгаралт” үргэлжилнэ” гэжээ.
Мөн тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Барьцаалагдсан хүмүүсийг тун удахгүй суллана гэж бодож байна” хэмээн хэлэв. Харин энхийн төлөвлөгөөндөө уян хатан байх шаардлагагүй, бүгд үндсэндээ зөвшөөрсөн. Гэхдээ зарим өөрчлөлт гарна гэж хариулжээ. “Энэ бол Израильд төдийгүй бүх Араб, мусульман ертөнц, дэлхий нийтэд ашигтай хэлэлцээр. Бид үүнд сэтгэл хангалуун байна” гэж Трамп нэмж хэлэв.
Гэсэн хэдий ч Трамп өнгөрсөн баасан гарагт Израильд бөмбөгдөлтийг нэн даруй зогсоохыг уриалсны дараа ч Израилийн агаарын цохилт Газагын зурваст үргэлжилсэн байна.
Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шош Бедросиан ням гарагт “Газарын зурвас доторх зарим бөмбөгдөлт зогссон ч одоогоор гал зогсоох тохиролцоо хийгдээгүй байна” хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Газа дахь амь насанд заналхийлэл гарсан тохиолдолд өөрийгөө хамгаалан буудах” тушаал өгсөн байна.
BBC-ийн сурвалжлагч Израилийн хил орчмын Киббутц Беэри тосгоноос тэсрэлтийн чимээ сонсож, утааны улаан манан хөөрч байгааг харжээ.
Газагийн зурвасын эрүүл мэндийн яамны (Хамасын удирдлага дор) мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн дотор 65 хүн Израилийн цэргийн ажиллагааны улмаас амиа алджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио CBS News-д өгсөн ярилцлагадаа “Барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд бөмбөгдөлтийг зогсоох ёстой. Тэсрэлт үргэлжилж байхад суллах боломжгүй. Үүнийг зогсоогоод дараагийн зохион байгуулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын энхийн 20 заалт бүхий төлөвлөгөөнд:
• Тулааныг нэн даруй зогсоох
• 48 барьцаалагдсан хүнийг (тэднээс 20 нь амьд байгаа гэж үзэж буй) суллах
• Үүний оронд хэдэн зуун Газагийн хоригдлыг суллах зэрэг заалтууд багтжээ.
Израилийн төлөөлөгчид даваа гарагт Египет рүү хөдлөхөөр болжээ. Харин Хамасын төлөөлөгчдийн багийг Дохад Израилийн агаарын дайралтад өртөж байсан Калил аль-Хайя ахалж, ням гарагийн шөнө Каирт хүрэлцэн ирэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоф, Трампын хүргэн Жаред Кушнер, мөн Катарын гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман аль-Танинар ч оролцоно.
Эдгээр хэлэлцээр нь дайн эхэлснээс хойших хамгийн чухал уулзалт болж, энх тайвны зам нээгдэх эсэхийг тодорхойлох гол үе шат болох төлөвтэй байна.
Олон Палестинчуудын хувьд Хамасын энхийн төлөвлөгөөнд өгсөн уян хатан хариу нь гэнэтийн явдал байлаа. Учир нь өмнө нь тус бүлэглэл энэхүү төлөвлөгөөг няцаах эсвэл хатуу нөхцөлтэйгээр зөвшөөрөх магадлалтай гэж үзэж байв.
Трампын хэлснээр Израиль Газад түр хугацааны анхны татгалзалтын шугам гаргахаар зөвшөөрсөн байна. Энэ нь дараагийн шатанд Израилийн цэргийн хүчний шат дараатай буцах эхлэл болох аж.
Гэвч BBC Verify-ийн дүн шинжилгээгээр, Трампын нийтэлсэн газрын зурагт заасан буцах шугамын дагуу 900,000 орчим Палестин хүн өөрийн нутагтаа буцаж очих боломжгүй болох юм.
Энэ зураглалын дагуу Рафа (өмнөд зах), Бейт Ханун, Бейт Лахиа (умард хэсэг), Газарын хотын дөрөвний нэг, Хан Юнис ба Дейр аль-Балахын тал орчим нь хасагдсан байна.
Израиль 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт Хамасын зохион байгуулсан халдлагын дараа (тэр үед 1,200 хүн амиа алдаж, 251 хүн барьцаалагдсан) Газагийн зурваст цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Тэр цагаас хойш 67,139 хүн Израилийн цэргийн ажиллагааны улмаас амь үрэгдсэн гэж Газагийн эрүүл мэндийн яам мэдээлж байна.
Мөн Израиль Газарын зурваст олон улсын бие даасан сэтгүүлчдийг оруулахыг хориглосон тул хоёр талын мэдэгдлийг баталгаажуулахад хүндрэлтэй байгаа аж.
Одоогоор бүс нутаг нийтээрээ амьсгаагаа түгжин, Египетэд болох энэ чухал уулзалтыг хүлээж байна. Үл итгэлцэл, улс төрийн эмзэг байдал дунд ч гэсэн энэ удаагийн хэлэлцээ дайныг зогсоох анхны алхам болох итгэл найдвар төрүүлж байна.
Эх сурвалж: zms.mn