Э.Мийгаа

Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маск нь хөрөнгийн хэмжээ 500 тэрбум ам.доллар (ойролцоогоор 370.9 тэрбум фунт стерлинг)-ээс давсан дэлхийн анхны хүн болжээ. АНУ-ын Нью-Йоркийн цагаар лхагва гарагийн үдээс хойш Маскийн хөрөнгө нэг хэсэгтээ 500.1 тэрбум ам.долларт хүрсэн ч өдрийн сүүлчээр бага зэрэг буурч, 499 тэрбум ам.долларын орчимд тогтсон байна. Түүний Tesla-гаас гадна хиймэл оюун ухааны стартап AI, сансрын пуужингийн компани SpaceX зэрэг бусад бизнесүүдийн үнэлгээ ч сүүлийн саруудад өссөн гэж Forbes онцолжээ.

Технологийн салбарын бусад тэрбумтнуудын хувьд тэрбээр нэлээд хол түрүүлж байгаа бөгөөд энэ дээд амжилт нь Маскийг дэлхийн хамгийн баян хүн гэсэн байр суурийг нь улам батжуулж байна. Forbes-ийн тэрбумтнуудын жагсаалтаар Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон 350.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хоёр дахь хамгийн баян хүнээр нэрлэгдэж байна.

Маскийн асар их хөрөнгө нь голчлон Tesla компанийн 12 хувиас дээш хувьцаанд нь хамаардаг байна. Лхагва гарагт Нью-Йоркийн арилжааны хаалтын үед Tesla-ийн хувьцааны үнэ 3.3 хувиар өсөж, нийтдээ энэ он гарснаас хойш 14 хувиар нэмэгджээ. Сүүлийн саруудад Tesla-ийн хувьцаа өсөх хандлагатай байгаа нь Маск улс төрөөс илүү бизнесдээ анхаарал хандуулж буй нь эерэг үр дүнд хүргэж байна гэж хөрөнгө оруулагчид болон шинжээчид үзжээ.

Энэ оны эхээр Маск нь Трампын засаг захиргааны “Засгийн газрын үр ашиг хариуцсан хэлтэс” (Department of Government Efficiency, DOGE)-тэй хамтран ажилласныхаа төлөө шүүмжлэлд өртөж байв. Харин Tesla компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм есдүгээр сард “Маск одоо бүрэн хэмжээгээр Tesla-д төвлөрч байна” гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн сард Маск өөрийн хөрөнгөөр ойролцоогоор нэг тэрбум ам.долларын үнэ бүхий Tesla-ийн хувьцаа худалдан авсан нь зарим хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар компанид итгэл үзүүлж буй нэг хэлбэр болж байна.

Сүүлийн жилүүдэд Tesla нь Хятадын BYD зэрэг өрсөлдөгч цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөхөд бэрхшээлтэй тулгарч байсан ч, одоо компанийн зүгээс хиймэл оюун ухаан болон роботик технологийн чиглэлд шилжих үйл явц ид өрнөж байна.

Эх сурвалж: www.zms.mn