М.ТЭМҮҮЖИН
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social хуудсаараа дамжуулан АНУ-д үйлдвэрлэгдээгүй бүх кинонд 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдсэн.
Энэ нь түүний сүүлийн таван сарын хугацаанд татварын талаар хоёр дахь удаагаа гарч байгаа мэдэгдэл болж байна. Трамп татварыг хэрэгжүүлэх хугацаа, аргачлалын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч “гадаад орнууд татварын урамшууллаар Америкийн кино үйлдвэрлэлийг булааж байна” гэж буруутгасан.
Шинжээчид, кино салбарынхан “кинонд татвар ногдуулах зарчим, цар хүрээ нь тодорхойгүй. Зөвхөн театрын дэлгэцэнд гарч буй бүтээлд хамаарах уу, эсвэл стриминг платформын контентод ч үйлчлэх үү гэдэг нь ч тодорхойгүй” зэргийг онцоллоо.
Харин энэ мэдэгдэлд Солонгосын энтертайнмент салбарын төлөөлөл, продюсер, студийн удирдлагууд “бодит хэрэгжилт, нарийвчилсан журам гараагүй цагт хүлээзнэж суух нь зөв” гэсэн байр сууьтай байна.
Солонгосын кино үйлдвэрлэлийн нийт орлого 2024 онд 1.4 их наяд вонд хүрсэн ч экспорт ердөө дөрөвхөн хувь буюу 57.1 тэрбум вон эзэлжээ. Түүний аравны нэг нь л АНУ руу чиглэсэн байна.
Нэрээ нууцласан нэгэн продюсер “Солонгосын кино голдуу дотоодын зах зээлд түшиглэдэг. Хэрэв үнэхээр бодит эрсдэл байсан бол төрийн байгууллагууд аль хэдийн хэлэлцэж эхлэх байсан” хэмээн ярьжээ.
Америкийн зах зээлд Солонгосын кино театрын бүтээл төдийлөн хүрдэггүй ч Netflix зэрэг платформоор дамжуулан олон бүтээл дэлхий даяар түгэж байна. Саяхан гарсан Netflix-ийн “Mantis” гэх Солонгосын цуврал Америкийн топ-10 жагсаалтад багтсан нь үүний жишээ.
Гэвч кино, цуврал нь автомашин, ган мэт хилээр орж ирдэг бараа биш тул татвар ногдуулах талаар эргэлзээтэй хэвээр. Энэ мэдэгдэл гарсны дараа Netflix, Disney зэрэг компанийн хувьцаа түр зуур унасан ч удалгүй тогтворжсон байна.
“Avengers: Age of Ultron”, “Black Panther” зэрэг Холливудын томоохон зураг авалтыг зохион байгуулж байсан Nine Tailed Fox компанийн захирал Хван Сон-гвон:
“Кинонд татвар тавина гэдэг ойлгомжгүй. Америкийн санхүүжилт, Британийн жүжигчид, Солонгосын зураг авалтын баг, Канадын постпродакшн яг юуг нь гадаад гэж үзэхийг илүү нарийвчлах нь зүйтэй” гэж үзэж байна.
Эх сурвалж: zms.mn