Б.ЖАВХЛАН
Нэн ховор амьтны жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эдийг худалдах зорилгоор хадгалж байжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн "Т"-ийн гэрээс өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Цоохор ирвэсийн нойтон арьс болон бусад түүхий эдийг хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг Баян-Өлгий аймгийн тагнуул, Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Шалгалтын явцад дээрх хэргийг иргэн "Т" үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цоохор ирвэсийн арьс, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр хавсралтад зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана
Эх сурвалж: www.zms.mn