Б.ЖАВХЛАН
БНХАУ-ын Ханжоу хотноо Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн энэ есдүгээр сард боллоо. Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг гурван төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болжээ.
Ингэснээр тус баг ирэх арван хоёрдугаар сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломжтой болох юм. Ташрамд, E-Geree.mn нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан билээ.
Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.
Эх сурвалж: www.zms.mn